| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 143/2016/00107/И |
| Дугаар | 98 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, “Говь центр” төвийн 3 давхар, 305 тоотод байрлах “Говь фрийдом” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 17-р байрны 4-48 тоотод байрлах “Эрдэнэсийн говь” ХХК-нд холбогдох, 263 943 028 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Говь фрийдом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ундрахцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь “Таван толгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй хамтран ажиллаж байсан бөгөөд уг гэрээгээр худалдан авахаар тохирсон нүүрснээс бусад компаниудад дамжуулан гэрээлж, манай компанийн байгуулсан үндсэн гэрээний нэр дээр Таван толгой ХК-д ачуулах нүүрсний төлбөр буюу тооцоог хийсний дараа ачилт хийж нүүрсээ авдаг тогтолцоогоор ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл манай компанийн нэр дээр бусад /Говь фрийдом" ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ хийсэн аж ахуйн нэгж, хувь хүмүүс/ гэрээ хийсэн байгууллагууд төлбөрөө төлөн, нүүрсээ уурхайн амнаас шууд худалдан авалт хийдэг байв. Яг энэ зарчмаар “Эрдэнэсийн говь” ХХК 2012 онд манай компанитай гэрээ хийж, “Таван толгой ХК-иас нүүрсний ачилт хийдэг байсан бөгөөд ачилт хийхийн өмнө манай компанийн борлуулалт хариуцсан менежерт мэдэгдэж, нүүрсний ачилт хийх зөвшөөрлөө аван, тухай бүр нүүрсний төлбөрөө төлсний дараа нүүрсээ ачуулан авч байсан.
Гэтэл манай компаний нэр дээр 263,943,028 төгрөгийн нүүрсний өр үүссэн байх бөгөөд судлан үзвэл “Эрдэнэсийн говь” ХХК-ийн захирал Б.Амарсанаа “Таван толгой” ХК- д нүүрсний үнээ төлөлгүй, үндсэн гэрээлэгч “Говь фрийдом" ХХК-д мэдэгдэлгүй нүүрс ачуулснаас үүдэлтэй төлбөр байна.
D:\Ajil\Shiidwer\№98_2017_08_28_Gowifreedom.doc
Б.Амарсанаа нь энэхүү ачилт хийсэн нүүрс болон төлбөрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд одоог хүртэл уг төлбөрийг төлөлгүй “Таван толгой” ХК-иас уг төлбөрөө төлж барагдуулахыг манай компаниас шаардсаар байна.
Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид энэ маргаанаа шийдвэрлүүлэхээр өгч, Ш.Баянбат, Б.Амарсанаа нар нь уулзаж эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр тохиролцсон боловч үр дүнд хүрэлгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон.
Иймд “Эрдэнэсийн говь” ХХК-ийн захирал Б.Амарсанаа нь нүүрсний төлбөрөө төлөлгүй, манай компанийн нэр дээр ачилт хийснээс “Таван толгой” ХК-д манай компанийн нэр дээр үүссэн өр болох 263,943,028 төгрөгийг Б.Амарсанаагаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Эрдэнэсийн говь” ХХК-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан “Говь фрийдом” ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад өмгөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. “Эрдэнэсийн говь” ХХК нь “Говь фрийдом” ХХК-наас нүүрс худалдан авах гэрээтэй байсан бөгөөд 2012 оноос хувь хүмүүс болон компаниуд нь “Эрдэнэсийн говь” ХХК-ний нэр дээр “Таван толгой” ХК-наас нүүрсний ачилт хийдэг байсан. Гэтэл зарим хувь хүн тухайлбал Х.Баттулга ачилтыг хийсэн боловч төлбөрийг төлөөгүй байсныг мэдсэн. Х.Баттулга үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ төлбөрийг Х.Баттулга төлнө гэдгийг “Говь фрийдом” ХХК-ний удирдлагуудад тайлбарласан боловч “Эрдэнэсийн говь” ХХК-наас төлүүлнэ гэсэн. Мөн “Эрдэнэсийн говь” ХХК-ний нэр дээр ачилт хийсэн зарим хүмүүс төлбөрөө “Говь фрийдом” ХХК-д төлөлт хийлгүйгээр “Тавантолгой” ХК-д шууд төлсөн байдаг. Эдгээр байдлаас шалтгаалан “Эрдэнэсийн говь” ХХК-ны нэр дээр их хэмжээний төлбөр гарсан байх магадлалтай. Зарим тохиолдолд хэзээ, хэдий хэмжээний нүүрсийг хэн ачуулсан болох нь мэдэгдэхгүй байгаа төлбөрийг “Эрдэнэсийн говь” ХХК-наас нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх манай компанийн зүгээс “Эрдэнэсийн говь” ХХК-ийн захирал Б.Амарсанаагаас 263,943,028 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Б.Амарсанаа нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр бид Өмнөговь аймгийн цагдаагийн газарт хандаж Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан. Б.Амарсанаа нь уг хэрэгт шалгагдах явцад ийм нүүрсний тооцоо байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгэхдээ “би 100,000,000 төгрөгийг төлөх ёсгүй” энэ мөнгийг Баттулга гэдэг хүн төлөх ёстой талаар ярьсан. Энэ иргэний хэрэг дээр хариуцагчийн өмгөөлөгч байсан Ш.Энхмаа нь Баттулга гэдэг хүн нь нэхэмжилж байгаа нүүрсний үнийн зарим хэсгийг төлөх ёстой гэсэн үндэслэлээр түүнийг гэрчээр асуулгах хүсэлт тавьсан байдаг. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байх явцад Баттулга болон түүнтэй холбоотой нүүрс худалдаж байсан БНХАУ-ын иргэн Баганаа гэдэг хүмүүсийг байцаасны үндсэн дээр нүүрсний тооцоог хийгээд Баганаа гэдэг хүн нь 100,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан гэсэн тооцоолол гараад Баганаа нь 100,000,000 төгрөгийг бэлнээр нь манай компанид төлсөн. 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан тухай баримт нь шүүхэд албан бичгээр өгсөн. Анхны нэхэмжлэлийн шаардлагаас 100,000,000 төгрөгийг хасаад 163,943,028 хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулсан байгаа. “Говь фрийдом” ХХК нь “Таван толгой” ХК-наас нүүрс худалдан авах гэрээ хийгээд нүүрсний ачилтыг явуулж байсан. 2012 оны 7 дугаар сараас байх нүүрс ачилтыг бүрэн зогсоосон. Энэ нь эдийн засгийн хямрал, нүүрсний үнийн уналт зэрэг шалтгаанаас болж компани алдагдалд орох магадлалтай байсан учир нүүрсний ачилтыг зогсоосон. 2012 онд байгуулагдсан манай компанийн гэрээ нь дээр “Таван толгой” ХК-ийн ТУЗ-аас шийдвэрлэгдсэн Өмнөговь аймгийн бөхчүүдийн нийлсэн буюу Амарсанаагийн “Эрдэнэсийн говь” ХХК-нд манай компанийн байгуулсан гэрээнээс салгаад, гэрээнд багтаагаад 50000 тонн нүүрс дамжуулан худалдах гэрээ байгуулсан байдаг. Энд 1 тонныг нь 39 доллараар худалдаж авахаар заасан байдаг. Энэ гэрээний нөхцөл, шаардлага нь юу вэ? гэхээр “Таван толгой” ХК-нд мөнгөө төлж байж “Эрдэнэсийн говь” ХХК-нь “Говь фрийдом” ХХК-ийн нэр дээр нүүрс ачих ийм зохицуулалттай гэрээ байсан. Гэтэл 2012 оны 9 дүгээр сарын 4, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрүүдэд “Таван толгой” ХК-нд ямар нэгэн мөнгө төлөхгүйгээр Эрдэнэсийн говь” ХХК-ийн захирал Б.Амарсанаа нь нүүрс ачиж явсан байдаг. Энэ талаар манай компанид ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйл байгаагүй. Ингээд 2015 онд “Таван толгой” ХК-аас “Говь фрийдом” ХХК-нд холбогдуулан нүүрсний үнийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Энэ иргэний хэрэг нь Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ иргэний хэрэг үүссэнээр Б.Амарсанаа манай компанийн нэрээр 2 удаа ачилт хийсэн нь 7768 тонн нүүрсийг ачиж явсан нь илэрсэн. Ингээд Б.Амарсанаатай уулзахад “төлнө” гэж хэлдэг. Нүүрс авснаа хүлээн зөвшөөрдөг учир манай компанийн зүгээс “Таван толгой” ХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр №139 дугаартай шийдвэр гарч манай компаниар эдгээр өрүүдийг төлүүлэхээр болсон. Энэ шийдвэр дээр Б.Амарсанаагийн 263,000,000 төгрөгөөс гадна манай компанийн төлөгдөөгүй өрүүд байсан. Түүнтэй нийлж гарсан. Ингээд “Таван толгой” ХК-тай төлбөрийн талаар тооцоо хийхэд Б.Амарсанаа нь 263,943,028 төгрөгийн нүүрсийг ачиж явсан нь тооцоогоор гарсан. Тиймээс манай компанийн зүгээс энэ мөнгийг Б.Амарсанаагаас нэхэмжилсэн” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, “Говь фрийдом” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Тавантолгой” ХК-ний 4-р амны борлуулалтын бүртгэл, нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээнийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 201616010042 дугаар эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №5/83 дугаартай прокурорын тогтоол, гэрч Б.Дашдоржийн мэдүүлэг, өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Говь фрийдом” ХХК нь хариуцагч “Эрдэнэсийн говь” ХХК-нд холбогдуулан “Говь фрийдом” ХХК-ний нэр дээр нүүрсний ачилт хийснээс “Тавантолгой” ХХК-д үүссэн өр болох 263 943 028 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхмаад шүүх хуралдааны товыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр буюу боломжит хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн ч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Амарсанаа нь 100 000 000 төгрөг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 163 943 028 төгрөг нэхэмжилж буй талаарх хүсэлтээ нэхэмжлэгч тал шүүхэд ирүүлжээ.
Зохигчдын хооронд 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулжээ. Гэрээнд зааснаар худалдагч тал худалдан авагч талд нэг жилд 50000 /тавин мянга/-н тонн нүүрс нийлүүлэх, худалдан авагч тал нь гэрээний дагуу нийлүүлэх нүүрсийг нэг тонныг 39 ам доллар буюу тухай өдрийн ханшийг төгрөгт шилжүүлж худалдахаар харилцан тохиролцсон байна.
Хариуцагч “Эрдэнэсийн говь” ХХК-ний захирал Э.Амарсанаа нь 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-наас 2962.15 тонн буюу 33 машин нүүрс, 2012 оны 10 дугаар сарын 29-ний 1806,1 тонн нүүрсийг Тавантолгой ХК-ийн тухайн үеийн захирал байсан Х.Түмэнбаяр, н.Цэцэг-Өлзий нартай уулзан “Говь фрийдом” ХХК-д мэдэгдэлгүй дураараа аашлан авсан болох нь “Тавантолгой” ХК-ний 4-р амны борлуулалтын бүртгэл, 201616010042 дугаар эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №5/83 дугаартай прокурорын тогтоол, гэрч Б.Дашдоржийн мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлийн хуулбар зэргээр тогтоогдож байна. Энэ нь хариуцагч “Эрдэнэсийн говь” ХХК нь иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл “Эрдэнэсийн говь” ХХК-ний захирал Э.Амарсанаа нь “Говь фрийдом” ХХК-нд мэдэгдэлгүй, төлбөрөө төлөлгүй, уг компаний нэр дээр “Тавантолгой” ХК-наас нүүрс авсан нь 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 1.2 дахь заалтыг зөрчсөн буюу худалдагч талд мэдэгдэлгүйгээр 2 удаагийн үйлдлээр нүүрс ачуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Эрдэнэсийн говь” ХХК-ний захирал Э.Амарсанаагаас 163943028 төгрөг гаргуулж “Говь фрийдом” ХХК-нд олгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Эрдэнэсийн говь” ХХК-наас 163 943 028 төгрөг гаргуулж “Говь фрийдом” ХХК-нд олгосугай.
2. Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1477666 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэсийн говь” ХХК-наас 1477666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Говь фрийдом” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА