Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

2022            4            06                                       255  

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүү /томилолтоор/,

шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан жумраар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Од холбогдох эрүүгийн 2205000000628 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, ,

2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн, регистрийн дугаар О.

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле" бааранд хохирогч Б.Гийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.О мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Түр зуурын уур, бухимдлаас болж хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Хохирогчид 900 000 төгрөгийн хохирол төлсөн. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Г мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле” бааранд ДЖ ажлаа хийж байгаад хамт ажилладаг Болор гэх ДЖ-тэй солигдох гээд байж байсан чинь өндөр, намхан хоёр залуу хүрч ирснээ надаас дуу асуухаар нь би тухайн дууг байхгүй гэсэн чинь өөдөөс нөгөө хүн жаахан үг хаяад байхаар нь би өөдөөс нь маргалдсан. Тэгсэн чинь өндөр туранхай залуу намайг татахаар нь би мөн маргалдсан. Тэгтэл нөгөө өндөр туранхай залуу нь миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед би цохиулаад газар сууж байгаад толинд харсан чинь миний зүүн талын нүдний доод зовхиноос цус гарсан, зүүн нүдний доод зовхин дээр том язарсан шарх байсан. О гэх залуу баруун гараараа намайг нэг удаа цохиж, тус гэмтлийг учруулсан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй. Өөрт учирсан эмчилгээний зардал болох 500 000 төгрөгийг Огаас авсан гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Д мэдүүлэхдээ:

...бааранд ороод 3 ширхэг пиво, 1 шил архи авч ууцгаасан. Үүдэнд хамгаалагч залуучууд зогсож байхаар нь тэд нартай жаахан юм яриад зогсож байсан чинь хамгаалагч залуучууд “чи нэлээд согтсон байна, хүнтэй муудах гээд байна. Одоо гэр рүүгээ харь” гэж хэлээд намайг гадагш гаргасан. Тэгээд би гадаа сууж байсан чинь 2, 3 хамгаалагч ирээд намайг найзууд чинь хаана байна гээд намайг буцаагаад аваад орсон. Ороход А ширээн дээр байсан ба Очироо байхгүй байсан. Утсаар нь ярьсан чинь гадаа байна гээд гадагш гарч уулзаад тэгээд цагдаа дээр ирсэн. Очироог хүнтэй маргасаныг сүүлд нь мэдсэн гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.А мэдүүлэхдээ:

...би ширээндээ ганцаараа сууж байхад Дыг хоёр хамгаалагч барьчихсан, манай ширээн дээр ирээд намайг дагуулаад нэг өрөөнд орсон. Тэгээд танай найз чинь манай ажилтанг зодсон байна гэж хэлсэн. О руу залгахад гадаа байна гээд бид нар гадагшаа гараад бүгдээрээ цагдаа дээр ирсэн гэжээ. (хэргийн 20 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28ы өдрийн шинжээчийн 2138 дугаар дүгнэлтэд:

1. Б.Гийн биед зүүн нүдний зовхи, хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.О нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастле" бааранд хохирогч Б.Гийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, хацарт шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О, гэрч С.Д, Э.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 2138 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 159 900 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан бөгөөд хохиролд Б.Огаас 500 000 төгрөгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Од даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН