| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2018/1285/Э |
| Дугаар | 1050 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 1050
Д.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Сайнбаяр,
хохирогч В.С,
шүүгдэгч Д.Б-,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/1352 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1806 0057 50747 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Д-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон-арматурчин мэргэжилтэй, группт байдаг гэх, ам бүл 4, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хотхон, .. дугаар байрны ... тоотод оршин суух, /РД:................./;
УБГШүүхийн 1983 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 281 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
НРШүүхийн 1986 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 128 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн 1, 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
Д.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 5 дугаар байрны 34 тоотод хамтран амьдрагч В.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж гомдол гаргаж байна.
Намайг өргөдөл гаргаснаас хойш 2 хоногийн дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой В.С хүүхдүүдтэйгээ уулзана гэж ирээд хоносон. Өглөө нь мөнгө төгрөгийн асуудлаас болж маргалдсан нь үнэн.
Гэхдээ тухайн үед би В.С-гийн биед ямар нэгэн байдлаар халдсан зүйл байхгүй, В.С-гийн биед учирсан гэмтлийг миний бие учруулаагүй болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх хэт нэг талыг баримталж, зөвхөн хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:
Гэрч Д.Ц-ын “... өглөө В.С манай гэрт орж ирээд Д.Б-тэй маргалдсан гэж хэлсэн. Харин зодоон цохион болсон гэж яриагүй. ...” /хх-114/, Б.Т-ын “... Д.Б-ийн гэрт ороход гэрт ямар нэгэн байдлаар зодоон цохион болсон байдал ажиглагдаагүй, гэр нь эмх цэгцтэй байсан бөгөөд Д.Б- хүүхдүүдээ хооллоод дуусч байсан. ...” /хх-40-41/, С.Б-ний “... В.С-гийн биед ил харагдах шарх, сорви гэмтэл байгаагүй. ...” гэх мэдүүлгүүд болон Түр хамгаалах байранд очиход авсан В.С-гийн гэрэл зургаар түүний биед гэмтэл учирсан байдал харагдаагүй /хх-150/, Түр хамгаалах байрны эмчийн үзлэгээр В.Сгийн биед ямар нэгэн гэмтэл шарх сорвины талаар тэмдэглэл хийгдээгүй /хх-168/ зэрэг нотлох баримтуудаар В.С-гийн биед гэмтэл учирсан нь нотлогдохгүй байна.
Иймд В.С-гийн биед гэмтэл учраагүй байхад шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх дүгнэхдээ, миний цагдаа болон прокурорын байгууллагын тодорхой алба хаагч нарт гаргаж байсан гомдол, хүсэлтийг энэ хэрэгт хамтатган шалгаж шийдвэрлэсэн байна гэх боловч шалгаагүй. Үүнд:
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлт /хх-10/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн талаарх баримт /хх-70/, Прокурорын газарт 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан гомдол /хх-115/ зэрэг баримтууд болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, зохих хууль журмын дагуу шалгаж, шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч В.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. ...” гэв.
Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагад нийцжээ.
Д.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 5 дугаар байрны 34 тоотод хамтран амьдрагч В.Сд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч В.С /хх-31-33, 34-37/, гэрч Б.Т /хх-40-41/, С.Б /хх-42-43/, Д.Ц /хх-143-144/, Б.О /хх-145-146/ нарын мэдүүлгүүд,
шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 836 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-47-49/,
хохирогч В.С-г Түр хамгаалах байранд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-151/, Түр хамгаалах байрны үйлчилгээг дуусган хохирогчийг холбон зуучилж, хүлээлгэн өгсөн маягт /хх-152/, Түр хамгаалах байранд хамгаалалтад авагдсан иргэнтэй хийх гэрээ /хх-154-155/, Түр хамгаалах байранд үйлчлүүлэгч хүлээн авах бүртгэлийн маягт /хх-156-157/, Түр хамгаалах байрны жижүүрийн офицер, цагдаагийн ахмад А.М-гийн хохирогчоос авсан тайлбар, тэмдэглэл /хх-158/, хүчирхийлэгч үйлдэгчийн талаарх мэдээлэл /хх-159-160/, гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлсон үнэлгээний маягт /хх-161-165/, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний маягт /хх-166-167/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт ““гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б нь хохирогч В.С-гийн эрх чөлөөнд удаа дараалан халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодид нь гэмтэл учруулж, эдийн засаг, хэрэглээний зүйл, хувийн байдлаар нь шалтгаалж дарамт учруулсан байсан болох нь хохирогч гэрч нарын мэдүүлэг болон гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлсон үнэлгээний маягтаар хохирогч В.С нь аюул учрах эрсдэл өндөр түвшинд хамрагдаж байна.
Иймд шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх боломжийг хязгаарласан түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан үйлдэл хийсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоож байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон хүнд биш шийтгэл оногдуулжээ.
Шүүгдэгч Д.Б нь “...В.С-гийн биед учирсан гэмтлийг миний бие учруулаагүй. ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, хохирогч В.С-гийн “... бид хоёр маргалдсан. ... би гал тогооны өрөө рүү орсон чинь өөдөөс савтай ус цацаж, барьж байсан саваараа толгой, дух хэсэг рүү цохиод авсан, ... би зугтаагаад том өрөөнд орсон чинь “ална шүү, пизда минь” гээд араас орж ирээд орон дээр дарж унагаасан. ...”, гэрч С.Б-ний “... эхнэр нь орж ирээд “шампуниар нь үсээ угаасан чинь хэрүүл хийгээд миний толгой руу саваар цохисон” гэж хэлж байсан. ...”, гэрч Б.О-гийн “... В.С нь 3 хүүхдийнхээ хамт, нөхөртөө зодуулсан гэж хамгаалах байранд ирсэн. ... духан дээрээ хүйтэн жин тавьсан байсан. ... гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байсан. ...” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... В.С-гийн биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн 836 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үгүйсгэн няцаасан баримтууд авагдаагүй болно.
Иймд шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн болох нь нотлогдож байхад яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр” гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш үйлдэгдсэнээр бичин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “... гэмт хэргийг хэзээ үйлдсэн ...” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн алдааг прокурорын байгууллага болон анхан шатны шүүх дахин гаргахгүй байх талаар цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/1352 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ш.БАТ-ЭРДЭНЭ