Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0023

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 08 өдөр

   Дугаар                                                .  128/ШШ2020/0023

               Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар “Ю” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АмгтгКхдад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Ю” ХХК

Хариуцагч: АмгтгКхда,

Нэхэмжлэлийн шаардлага:

“АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн захирал О.Ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Ю” ХХК нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр суманд орших М\/-2******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

Гэвч энэхүү тусгай зөвшөөрлийг АмгтгКхда нь 2019 оны 8 сарын 13 өдрийн 408 тоот шийдвэрээр цуцалсан байна.

Тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан үндэслэл буюу тусгай зөвшөөрлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэжээ.

Маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хариуцагчийн дээд шатны албан тушаалтан болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргад албан ёсоор хандсан боловч манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээгээгүй буюу хууль бус захиргааны актыг зөв гэж үзсэн болно. Энэ тухайгаа Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/6489 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна. Маргаан бүхий захиргааны актыг манай компанийн зүгээс дараах байдлаар хууль зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэрхэн төлөх талаарх хуульд заасан зохицуулалтууд болоод манай компанийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байдлуудаас харахад ямар ч хууль зөрчсөн буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг хоцроосон асуудал байхгүй юм.

М\/-2******* тоот тусгай зөвшөөрлийг анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон байдаг бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т (Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бур урьдчилан төлнө) зааснаар тусгай зөвшөөрөл анх олгосон хугацаагаар тооцож, жил бүрийн төлбөрийг өмнөх оны 12 дугаар сарын 15-наас өмнө урьдчилан төлж байсан.

АмгтгКхда нь өмнө нь буюу 2017 оны 7 дугаар сарын 25-нд манай тусгай зөвшөөрлийг мөн цуцалж байсан ба улмаар энэ нь шүүхээр шийдэгдсэн.

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн огноотой 293 тоот Улсын дээд шүүхийн тогтоолоор АмгтгКхдын манай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр хүчингүй болсон байдаг.

Ингээд тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсээс 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сэргээж, энэ тухайгаа 8 дугаар сарын 15-ны огноотой, 7/5592 дугаартай албан бичгээр манай компанид мэдэгдсэн. Үүнээс хойш 2018 оны 9 сарын 10-нд, 2019 оны 8 сарын 23-нд тус тус тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөд байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 56-р зүйлийн 56.8-д “... шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэж заасан. Энэ заалтын дагуу манай эзэмшдэг тусгай зөвшөөрөл нь шинээр олгогдсон тусгай зөвшөөрөл биш бөгөөд бидний өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр хууль ёсоор тухайн жилийн 12 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэн тооцогдох учиртай болохыг тодорхой харуулж байна.

Эндээс манай компани шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон жил буюу 2018 оны 12 дугаар сарын 15 хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийн ямар нэгэн “өргүй” байсан гэдэг нь харагдана.

Энэ үүднээс манай 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөр нь 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 12 дугаар сарын 15 хүртэлх хугацааг хамаарч байгаа болно. Харин 2019 оны 8 дугаар сарын 23-нд төлсөн төлбөр нь 2019 оны 12 дугаар сарын 15-наас 2020 оны 12 дугаар сарын 15-нд хамаарч байгаа.

Нөхцөл байдал ийм байхад манай компанийн 2018 оны 9 дүгээр сарын 10, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн төлбөрүүдийг өмнөх хугацааны төлбөр болгон ухрааж тооцсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 болон 56.8 дахь зүйл заалтуудыг тус тус зөрчиж, төлбөрийн давхардал үүсгэжээ. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл цуцлагдахаас өмнө төлсөн төлбөр нь тусгай зөвшөөрөл сэргэснээр үргэлжлэн тооцогдож байгааг харгалзан үзээгүй байна.

Хоёрдугаарт, хариуцагчийн зүгээс хугацааг тоолохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 буюу “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэсэн заалтыг хэрэглэж, түүндээ Улсын Дээд Шүүхийн тогтоол 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарсан тул энэ огноо нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох огноо гэж үзжээ. Гэвч хариуцагч энэ үндэслэлийг хэрэглэхдээ ч мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг буруу тооцсон байна.

МV-2******* тоот тусгай зөвшөөрлийг АмгтгКхда 2017 оны 7 дугаар сарын 25-нд мөн цуцалсан шийдвэрийг гаргаж байсан ба энэ нь 3 шатны шүүхээр хянагдаж, Кадастрын хэлтсийн дарга хууль бус шийдвэр гаргасныг шүүх тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээх болсон.

Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн тогтоол 2018 оны 6 дугаар сарын 25-ны шүүх хурлаар гарсан ба тодорхой хугацааны дараа бичгээр бэлэн болж, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон Кадастрын хэлтсийн төлөөлөгч биеэр очиж аваагүй тул шүүхээс 2018 оны 7-р сарын 20-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байдаг.

Ингээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасны дагуу Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг гардаж авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2018 оны 8 сарын 20-ноос өмнө хариуцагч тал Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах боломжтой тул тэрхүү хугацааг хүлээх болсон.

Талуудын аль нэг нь энэ журмаар гомдол гаргаж, Ерөнхий шүүгч гомдлыг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128-р зүйлийн 128.4, 128.5, 128.6, 128.7-д заасны дагуу шүүгчдийн нэгдсэн хуралдаан болох байсан. Нэгдсэн хуралдаанаас тогтоол гарах ба энэхүү тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129-р зүйлийн 129.2, 129.3-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр, шүүхийн эцсийн хүчинтэй шийдвэр болдог тодорхой зохицуулалттай.

МV-2******* тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааны хувьд талуудын хэн нь ч гардаж авснаасаа хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаагүй тул тэрхүү 30 хоног дуусаж, 31 дэх хоногоос Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан нөхцөл сая бүрдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон болно.

Хуульд заасны дагуу хэргийн оролцогч нь Ерөнхий шүүгчид гомдол гаргах бүрэн эрхтэй тул гомдол гаргах боломжит хугацаа нь өнгөрөөгүй байхад шүүхийн шийдвэр эцсийнх болсон гэж ойлгох, мэдэх ямар ч боломжгүй. Нэг ёсондоо анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах эрх талуудад байдагтай яг адилхан зохицуулалт нь тэрхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах зохицуулалт юм.

Үүнийг Кадастрын хэлтэс тухайн үедээ өөрсдөө ч мэдэж байсан тодорхой хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 8 сарын 14-ны өдөр АмгтгКхда 556 дугаартай шийдвэрээрээ манай тусгай зөвшөөрлийг сэргээсэн.

Хэрэв Кадастрын хэлтэс 2018 оны 6 дугаар сарын 25-нд Улсын дээд шүүхийн тогтоолыг шүүх хуралдаан дээр сонссоныгоо шүүхийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр гэж үзэж, гомдол гаргахгүй гэдгээ баталгаажуулсан бол манай тусгай зөвшөөрлийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөө сэргээх ёстой байлаа.

Шүүхийн шийдвэр хүчинтэй болох, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох гэдэг 2 тусдаа, өөр үр дагавартай ойлголт, нэр томъёо юм.

Тусгай зөвшөөрөл сэргэснээр түүнд хамаарах төлбөрийн асуудал үүсэх ба манай компанийн төлсөн төлбөрийг Кадастрын хэлтэс 2018 оны 9 сарын 13-ны өдөр бүртгэж, хүлээн авч, КГ-34 маягт үйлдэн хувийг өгсөн болно.

Ашигт малтмал, газрын тосны газар, тэр дундаа түүний Кадастрын хэлтэс шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийг Улсын дээд шүүхийн тогтоолын огноогоор тогтоож ноцтой алдаа гаргасан нь илт.

Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсгийн дагуу АмгтгКхдын 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 408 тоот шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны байгууллага нь  тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх өдрийг өөрчилж тогтоосон нь үндэслэлгүй буюу Ашигт малтмалын тухай хууль болон Иргэний хуулийн хугацаа тодорхойлсон нийтлэг зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Ю ХХК-ийн эзэмшдэг 2******* дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгосон. Энэ хүү өдөр нь  хууль зүйн хувьд тодорхой үр дагавар үүсгэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөрийг хэрхэн тооцож төлөх вэ гэдгийг зохицуулсан заалттай хамааралтай. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасан. Тиймээс тусгай зөвшөөрлийг олгосон үеэс эхлэн тооцож дараа дараагийн жилийн төлбөрийг энэ хугацаанд төлнө гэж ойлгож байна. Тусгай зөвшөөрөл дээр 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тооцно гэж заасан. Мөн хавсралтууд дээр тусгай зөвшөөрлийн төлбөр 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлөгдсөн байдаг.  Тэгэхээр анх олгосон өдөр буюу тусгай зөвшөөрөл төлөх ёстой өдрийн талаар ямар нэг маргаан байхгүй. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдал нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн хууль бус шийдвэр цуцлагдсан. Шүүхээр тусгай зөвшөөрлийг сэргээх хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бус байсан. Тусгай зөвшөөрөл сэргэсний дараа тусгай зөвшөөрлийг төлбөр төлөгдсөн. 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн. Энэ нь 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцалж цуцалсан шийдвэрийг шүүхээр хүчингүй болгосон бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэж заасан. Тэгэхээр үүний дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа үргэлжлүүлэн тооцогдсон. Тусгай зөвшөөрөл 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шинээр олгогдоогүй. Шүүхийн шийдвэрээр сэргэсэн байдаг. Тэгэхээр шинээр олгогдоогүй сэргэсэн тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацааг өөрчлөхгүй.

... Улсын дээд шүүхийн тогтоол 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Тогтоол нь тухайн шүүх хуралдаан болсон өдрөөр огноологдож гардаг. Үүнээс хойш бичгээр гарч хэргийн оролцогчид гардаж авдаг. Уг тогтоолыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биеэр очиж аваагүй тул 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шуудангаар  хүргүүлсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Улсын дээд шүүхийн тогтоолыг гардаж авснаас хойш хэргийн оролцогч 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй. Талуудын хэн нэг нь гомдол гаргаж уг тогтоолыг Улсын дээд шүүхийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүгчдийн нэгдсэн хуралдаан болох байсан. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн тогтоол 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ тогтоол зайлшгүй хэрэгжих ёстой гэж ойлгож болохгүй. Хуулийн хүчин төгөлдөр болох, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэдэг нь хоёр өөр ойлголт. Хуулийн хүчин төгөлдөр болно гэдэг нь ямар нэг байдлаар тухайн шүүхийн шийдвэр магадлал, тогтоолд гомдол гаргах боломжгүй буюу эцсийн шийдвэр байх зохицуулалт байдаг. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.8 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох нөхцөл нь хариуцагч тухайн тогтоолыг гардаж авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргаагүй бол хуулийн хүчин төгөлдөр болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалт нь төлбөр төлөх зохицуулалт биш. Тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээх талаар зохицуулсан зохицуулалт. Тиймээс тусгай зөвшөөрөл сэргээгүй байхад төлбөр авах боломжгүй. 2018 оны 8 дугаар сарын 14-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 556 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгож сэргээсэн. Энэ нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр зураг зүйн бүртгэлд бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Тусгай зөвшөөрөл сэргэсний дагуу төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн. Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс төлбөр төлсөн баримтыг хүлээж авч 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрсдийн маягтад бүртгэсэн. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдэх тоот гарсан. Бичгээр түүнээс хойш мэдэгдсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш сэргэсэн. Тиймээс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн нь ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл биш. Тиймээс захиргааны байгууллага хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасан зохицуулалт нь тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбоотой хугацааны зохицуулалт огт байхгүй. Тусгай зөвшөөрлийн өөрийнх нь хугацааны зохицуулалт юм. 2018 онд сэргэлээ гэхэд 2018 оноос хойш  30 жилийн хугацаа тоологдох ёстой. Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхтэй холбоотой зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлээр зохицуулагдана. 34 дүгээр зүйлд маргаангүйгээр төлбөр төлөх хугацааг маш тодорхой заасан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт.... гэж заасан. Энэ талаарх зохицуулалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 12 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан хугацаанаас хойш тусгай зөвшөөрлийн эхний жил дуусгавар болох өдөр хүртэлх хугацааны дотор төлснийг дараа жилийн төлбөрийг урьдчилан төлсөн гэж үзнэ гэж заасан. Энэ тайлбар болон хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд 2002 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх төлбөрийг 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэдийд ч төлж болно гэсэн агуулгыг илэрхийлж байгаа. Маргаан бүхий захиргааны актыг гаргах үед 14 дэх жилийн төлбөрийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төлсөн нь хуулийн энэ шаардлагад нийцэж байна. Тиймээс хуульд заасан хугацаанд төлсөн. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.2 дахь хэсэгт зааснаар олгосон өдрөөс нь эхэлж тооцно гэж заасан. Хариуцагч байгууллага 13 дахь жилий төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байна гэж тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэсэн нь хуулийн энэ зохицуулалтыг үгүйсгэх хууль зүйн үндэслэл болохгүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад яг тэгж бичиж тэмдэглэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлана уу гэхэд ямар ч үндэслэл тайлбарлахгүй байна. Энэ нь захиргааны байгууллага энэ үйлдлийг хийхдээ хуульд нийцүүлж хийгээгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулгыг илэрхийлж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Ю ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн тухай албан бичигт хугацааг Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс тооцож гэсэн байна. Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид сэргээсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тусгай зөвшөөрлийн төлөх хугацааг өөрчлөн тогтооно гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс анх олгосон өдрөөс эхэлж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх агуулга илэрхийлэгдсэн байгаа тул энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлгүй. Иргэний хуулийн зохицуулалтыг анхаарч үзэх ёстой. Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хууль, хэлцэл буюу шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацааг хуанлийн он, сар, өдөр, гаригаар буюу жил, улирал, сар, долоо хоног, хоног, цагаар тодорхойлно гэж заасан. Хуульд заасан гэдэг заалт хамаарч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг зохицуулсан. Үүгээр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөх хугацаа тоологдоно. Шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргасан. Тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гарснаар Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл ашиглах эрх, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл шаардлагыг биелүүлэх үүрэг үүссэн. Хэдийгээр шүүхийн шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээгээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэг нь эрхийг сэргээхтэй холбоотой хугацааны зохицуулалт биш. Тиймээс Ю ХХК-ийн тусгай зөвшөөрлийн эрх үүрэг 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сэргэсэн. Эрх үүрэг үүсээгүй байх үеийн хугацааг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацаанд хамааруулан тооцож тэмдэглэл хийсэн нь хуульд нийцээгүй. Үүнийг хуулийн дагуу хүчинтэй байсан эсэх талаар тогтоолгох хууль зүйн шаардлага байгаагүй. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар хугацааг маш тодорхой зохицуулсан тул нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байсан. Тиймээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэв.

 

Хариуцагч АмгтгКхда Д.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ““Ю” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг: Төрийн захиргааны байгууллага Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумдын нутагт байрлах “Г*******” нэртэй 341.79 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 2*******А дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдөр олгожээ.

“Ю” ХХК нь өөрийн эзэмшиж байсан дээр дурдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн дарга 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаартай шийдвэрээр “Ю” ХХК-ний эзэмшиж байсан ашигт малтмалын

ашиглалтын 2*******А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг үндэслэн тус байгууллагын Кадастрын бүртгэлийн системд бүртгэлтэй “Ю” ХХК-ийн албан ёсны хаягаар ашигт малтмалын ашиглалтын 2*******А дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/4899, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу цуцалсан тухай мэдэгдлийг мөн оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 7/5710 тоот албан бичгээр тус тус хүргүүлж мэдэгдсэн байна.

Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм.

Иймд “Ю“ ХХК-ний “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөрийг анх олгосон өдрөөс нь тооцно гэж заасан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөж тооцно гэж заасан. Анх олгосон огноо хэзээ ч хөдөлшгүй гэсэн зүйл байхгүй. Шүүхээр олон хэрэг маргаан шийдэгдэж байгаа. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нар бүгд мэднэ. Анх олгосон өдөр тодорхой хэмжээгээр явцын дунд шүүхийн шийдвэрээр өөрчлөгддөг. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэг нэмэгдэж орсон. Нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрчихөөд нэг өдөр л тусгай зөвшөөрлийн төлбөр өөрчлөгдсөн байсан гэж тайлбарлаж байгаа. Тусгай зөвшөөрөл нь хавсралтын хамт хүчин төгөлдөр байдаг. Тусгай зөвшөөрлийн хавсралтад өмнөх жилийн төлбөрийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тооцож бүртгэж авсан гэх тэмдэглэгээ хийсэн байна. Үүнийг 2018 оны 8 дугаар сард тэмдэглүүлсэн. Өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.  Анх тусгай зөвшөөрлийг сэргээсэн хугацаатай нэхэмжлэгч тал тухайн үед маргаагүй.  Хуулийг буруу тайлбарласан гэж гомдол гаргаагүй. Хүлээн зөвшөөрч төлбөрөө төлсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлсөн баримтаа авч ирээд хавсралтад тэмдэглэгээ хийлгэсэн. Үүний дараа төлбөрөө хоцроогоод тусгай зөвшөөрлийг цуцлуулчихаад гэнэт бид 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан төлбөрөө өмнө нь урьдчилж төлөөд байсан байна. Андуурал болсон байна гэж байгаа бол үндэслэлгүй. Сэргээсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч төлбөрөө төлөөр хавсралтад хийсэн тэмдэглэгээг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл цуцалсны дараа бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хууль зүйн үндэслэлгүй. Мөн сэргээсэн шийдвэртэй ямар нэг маргаан гаргаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Ю” ХХК нь Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Г******* нэртэй 342 гектар талбай бүхий 2*******А тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан байх ба АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг “ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ[1].

 

            Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтыг буруу хэрэглэсэн, хууль тогтоомжид тусгай зөвшөөрлийг сэргээсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тусгай зөвшөөрлийн төлөх хугацааг өөрчлөн тогтооно гэсэн зохицуулалт байхгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөх хугацаа тоологдоно, хариуцагч захиргааны байгууллага нь шүүхийн шийдвэрийн дагуу манай компанийн тусгай зөвшөөрлийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сэргээсэн шийдвэр гаргасан атлаа хүчинтэй хугацааг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр буюу ухрааж тооцож байгаа нь хууль зөрчсөн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Улсын Дээд шүүхийн тогтоол сонсгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэж зааснаар нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах эрх нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс сэргэсэн. Тусгай зөвшөөрөл сэргээснээс хойш 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлбөрөө төлж тус төлбөрөө 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх төлбөр гэж хүлээн зөвшөөрч тэмдэглэгээ хийлгэсэн, мөн алдангиа үндсэн төлбөртэйгөө төлөх хуулийн хугацаанд төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

 

             “Ю” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, АмгтгКхдад тус тус холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/01 тоот дүгнэлт, АмгтгКхдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0086 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 293 дугаар тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

            Улмаар АмгтгКхдын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлж, тусгай зөвшөөрлийг сэргээх тухай” 556 дугаар шийдвэрээр “Ю” ХХК-ийн Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Г******* нэртэй газар орших 342 га талбайд эзэмшиж байсан MV-002******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн байна[2].

Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн хугацааг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцсон болохыг тэмдэглэсэн хавсралтыг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хугацааг шийдвэр гарсан өдрөөр бус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр тогтоосонтой холбогдуулж, эрх бүхий этгээдэд хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг хүлээн зөвшөөрсөн атлаа тусгай зөвшөөрлийн төлбөр төлбөл зохих хугацааг энэхүү хугацаанаас тоолсныг эс зөвшөөрч маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь:

- Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байхаар заасан байх ба 2*******А тусгай зөвшөөрөлд “Тусгай зөвшөөрөл хавсралтгүй бол хүчингүй” гэж тэмдэглэжээ.

- Төрийн захиргааны байгууллагаас “Ю” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-002******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хөдөлгөөний код 018-FE бүхий хэсэгт тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн төлбөр төлснийг бүртгэхдээ хугацааг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцсон тэмдэглэгээг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр[3] хийсэн байх ба нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг хавсралтыг хүлээн авсан тухайд маргаагүй, шүүхээс гэрчилгээг эх хувиар ирүүлэхийг шаардсаны дагуу нотариатаар баталгаажуулж ирүүлсэн.

- “Ю” ХХК нь тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төлсөн[4]  болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн банкны орлогын мэдүүлэг, хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн жагсаалтаар тус тус тогтоогдов.

Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллагаас ашигт малтмалын 2*******А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөр төлөх хугацааг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож “Ю” ХХК-ийн 2*******А тоот тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэр хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцжээ.

Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус зааснаас үзвэл, нэхэмжлэгч “Ю” ХХК нь өөрийн 2*******А тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах хүсэл зоригтой бол 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө тухайн тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг алдангийн хамт төлсөн байх шаардлагатай байхад нэхэмжлэгч хуулийн хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөхөд баримтлах хугацаа нь гагцхүү тухайн тусгай зөвшөөрлийг анх олгосон өдрөөр тодорхойлогдох хуулийн зохицуулалттай ба нэхэмжлэгч хуулийн этгээд хувьд энэ нь жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдөр байна” хэмээн тайлбарлан маргах боловч маргааны тохиолдолд энэхүү хугацааг бус Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д “Энэ хуулийн 56.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно” гэсэн хугацааг баримтлахаар байна.

Хэрэв нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй энэхүү хугацаагаар тооцож 2*******А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн 13 дахь жилийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн гэж үзвэл, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш дээр дурьдсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрлийг төлбөр тооцогдохооргүй байгаа нь “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох”  зохицуулалтад нийцэхгүйн дээр энэ хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөхөөргүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө төлсөн тул цуцлах үндэслэл бүрдээгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарлаж буй “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч тусгай зөвшөөрлийг сэргээх тухай эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэр гараагүйгээс “Ю” ХХК-ийн хувьд 2*******А тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд ашигт малтмал ашиглах хууль зүйн үндэслэл бүрдээгүй байсан тул тусгай зөвшөөрлийг сэргээсэн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 556 дугаар шийдвэр гарснаар тусгай зөвшөөрлийн төлбөр тооцогдох ёстой байсан” хэмээн тайлбарлах боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0086 тоот шийдвэрийн 1 дэх заалтаар “...АмгтгКхдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 429 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.3-т заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, хэргийн оролцогчдоос Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаагүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдэд энэ өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэл бий болно.

Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчингүй болгосон шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад захиргааны байгууллагаас уг шийдвэрийг дахин хүчингүй болгох” улмаар тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэрийг тусгайлан гаргах шаардлагагүй байхад захиргааны байгууллагаас ийм шийдвэрийг гаргасан нь тухайн тусгай зөвшөөрлийн хувьд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцох талаарх хуулийн тусгайлсан зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл биш байна.

Нэхэмжлэгчээс “маргаан бүхий актыг гаргахдаа урьдчилан мэдэгдээгүй нь хууль бус” хэмээн маргах боловч хариуцагч захиргааны байгууллагаас MV-002******* тоот тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 7/4899[5] тоот, мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн системд нэхэмжлэгч хуулийн этгээдээс бүртгүүлсэн “Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, АВ центр, 9-903 тоот” хаягаар хүргүүлсэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд хүргэгдээгүй болох нь “Монгол шуудан” ХК-ийн шууданч н.Сувдаагийн буцаалт хийсэн тэмдэглэгээ бүхий[6] баримтаар тогтоогдож байх ба мэдэгдэл хүргэгдээгүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх...” үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлсэн гэж үзэхийн зэрэгцээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах шаардлагаар төлбөрийг урьдчилан төлөх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулиар тусгайлан хүлээлгэсэн байх тул уг хугацаа дуусгавар болж байгааг захиргааны байгууллагаас урьдчилан мэдэгдээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т тус тус заасныг баримтлан “Ю” ХХК-ийн АмгтгКхдад холбогдуулан гаргасан “АмгтгКхдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 408 дугаар шийдвэрийн “Ю” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

                                               

 

 


[1] Хавтаст хэргийн 22 дахь талд

[2] Хавтамт хэргийн 34 дэх талд

[3] Хавтаст хэргийн 27 дахь талд

[4] Хавтаст хэргийн 10 дахь талд

[5] Хавтаст хэргийн 24 дэх талд

[6] Хавтаст хэргийн 30,31 дэх талд