Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 39

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Н.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Б.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овгийн Батнасангийн Хүрэлбаатарт холбогдох 201620000055 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Увс  аймгийн Тэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав ээж дүү нарын хамт Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Борлууд овгийн Батнасангийн Хүрэлбаатар / РД:ОО86092077 /,  
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн нутаг "Өмхийн ам" гэх газарт бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ч.Балжиннямын автомашины шилийг хагалсан, хохирогч Ө.Баянзулыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                                  
    1. Хохирогч Ө.Баянзулын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны орой Зүүнговь сумаас Тэс сум руу ирж байтал “Өмхийн ам” гэх нэртэй газар миний сууж явсан машины зүүн талаас мотоцикльтэй 2 залуу гүйцэж ирээд урд орж зогсоод ард нь сууж явсан залуу зогсож байсан машины шилийг гараараа ямар нэгэн үгийн зөрүүгүй цохиж хагалсан юм. Тэр залуу машины шилийг 2 удаа цохиж хагалсан чинь би машинаас буугаад “ яаж байгаа юм бэ?” гэхэд намайг шууд миний нүүр лүү гараараа цохиж газар унагааж байгаад миний толгой руу дэвсэлж өшиглөөд гараараа хаахад миний гарын сарвууг өшиглөж дэвсэлж “ чамайг ална” гэж орилж байсан. Намайг яах гэж зодож байгааг мэдэхгүй байна. Би тэр залуутай сүүлийн 3 жил уулзаагүй. Надад тэр залууд өр авлага, өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. ... Б.Хүрэлбаатар намайг цохичихоод Д.Одбаяртайгаа яваад өгсөн. Би пургон машинтайгаа хүмүүстэйгээ хамт Б.Хүрэлбаатарын аав н.Батнасангийн гэрт очиж түүнд “ танай хүү намайг зодсон гэж хэлээд тэр надад архи задалж өгөхөөр нь тэр архинаас нь уугаад дуусгаад пургонтайгаа гэртээ ирж амарсан. ” гэх мэдүүлэг / хх-ийн 15-16, 56-57-р тал /,
    2. Хохирогч Ч.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: ” Манай хадам аав Ө.Баянзул 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр миний эзэмшлийн 57-16 УВХ маркийн авто машиныг авч яваад малаа эргэж ирнэ гэж хэлээд аваад явсан ба миний төрсөн дүү Ч.Бат-Эрдэнээр жолоодуулаад явсан юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Зүүнговь сумаас ирэхэд миний машины урд салхины шилийг хагалчихсан авч ирэхээр нь юу болсон талаар асуухад замд ирж явтал согтуу залуу тааралдаад урд салхины шилийг цохиж цуулж / хагалсан / гэж хэлсэн юм. Би Б.Хүрэлбаатарыг сайн танина. Багаасаа тавьдаг байсан, бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. ... Ө.Баянзулын духных нь дээд хэсэг, баруун гарын сарвуу нь шалбарчихсан, зүүн нүдний нь доод зовхи, баруун чих нь язарч шалбарсан байдалтай байсан юм. ” гэх мэдүүлэг / хх-ийн 17, 54-55-р тал /,
    3. Гэрч Ч.Бат-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Баянзул гэдэг хүнтэй Зүүнговь сум ороод буцаад ирж явтал Тэс сумын “Өмхийн ам” гэдэг газар явж байтал мотоцикльтэй хоёр хүн замд тааралдаад бид нарын урд явж байгаад хальтаргаатай замд хальтарч унаад тэгээд би машинаа зогсоотол мотоциклийн хойно сууж явсан Б.Хүрэлбаатар гүйж ирээд машины дунд хаалга ирж татаад онгойхгүй болохоор урдуур тойрч ирээд машины урд салхины шилийг гараараа цохиж дахин хоёр гараараа цохиж хагалсан юм. Тэгэхээр нь Б.Баянзул бид хоёр бууж Хүрэлбаатартай уулзаад машин унтрахаар нь түлхүүр сугалаад эргэтэл Ө.Баянзул, Б.Хүрэлбаатар хоёр барьцалдчихсан орилж байсан. Тэгтэл Ө.Баянзулын нүүр ам цус болчихон байсан ба би салгасан юм. ... Б.Хүрэлбаатар Ө.Баянзулыг гараараа хоёр гурван удаа цохисон. ” гэх мэдүүлэг / хх-ийн 18-р тал /,
    4. Гэрч Б.Одонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... тэр өдөр би шөнийн 23 цагийн орчимд дуудлагаар очиж үзэхэд Ө.Баянзул биеийн байдал дунд зэрэг ухаан санаа саруул, орчиндоо идэвхитэй хөдөлгөөн чөлөөтэй артерийн даралт 100/60, 90/60 тай байсан юм. Ө.Баянзулын зүү хамарны доод талд шалбарсан, баруун гарын сарвуу нь хавдсан. Шанааны хэсэгт бага зэрэг шалбарсан байсан юм. Тухайн үед очиж үзэхэд шинээр үүссэн шарх байсан. Ө.Баянзул хэлэхдээ толгой өвдөж байна. Миний хамраас цус их гарсан, тийм болохоор толгой эргэж байна гэж байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/
    5.  Гэрч Т.Бямбаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ө.байнзул гэдэг хүнтэй хамт хүргэнийх нь машинтай /Ч.Бат-Эрдэнэ гэдэг залуугаар / бариулаад Зүүнговь сум руу орж хоёр хоноод малаа эргэж тойроод буцаад ирж явтал Тэс сумын Өмхийн ам гэдэг нэртэй газар ирээд машин зогсоход Б.Хүрэлбаатар гэдэг залуу бид нарын сууж явсан машины урд салхины шилийг гараараа хоёр удаа цохиж хагалсан юм. Тэгээд Ө.Баянзул урд сууж явсанаа бид нараас түрүүлж буугаад очтол Ө.Баянзулыг Б.Хүрэлбаатар цохиж Ө.Баянзулын хамарнаас цус гарч байсан. Тэгээд бид нар бууж салгаж авсан юм. ... Ямар нэгэн үгийн зөрүүгүй мотоциклоос буугаад машины шилийг цохиж хагалсан юм. Тухайн үед Б.Хүрэлбаатар орилж ирээд цохисон. Яг юу гэж хэлж цохисныг нь би сонсоогүй. Б.Хүрэлбаатар тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм. ” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,
    6.  Гэрч Д.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би гэртээ байтал Б.Хүрэлбаатар ирээд намайг миний мотоцикль дээр хүргэж өг гэж гуйхаар нь би өөрийн мотоциклоор Б.Хүрэлбаатарыг сундалж явтал н.Балжинням гэдэг айлд намайг хүргээд өг гэж хэлээд явж байтал бид нарыг өмнө саарал өнгийн пургон машин явж байхаар нь би хажуугаар нь гүйцэж түрүүлээд зөртөл Б.Хүрэлбаатар намайг зогсчих гэхээр нь би зогсохгүйгээр явчихсан чинь Б.Хүрэлбаатар намайг араас зогс гээд мотоцикль унгачих гээд байхаар нь зогстол буугаад хойно зогсож байсан. Машин руу очиж машины хаалгыг нь онгойлгож орох гэтэл хаалгаа онгойлгож өгөөгүй юм. Тэгээд Б.Хүрэлбаатар урдуур нь тойрч ирээд машины урд талын салхины шилийг нэг гараараа цохиод дахин хоёр гараараа цохиж урд урд шилийг нь хагалахад Ө.Баянзул бууж ирээд Б.Хүрэлбаатарыг хэвлий тус газар нь хэд хэдэн удаа цохиход   ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,
    7.  Гэрч Ж.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ө.Баянзул гэдэг хүнтэй Ө.Баянзулын хүргэний машинтай дүүгээр нь бариулж Зүүнговиос буцаад ирж явтал замд Б.Хүрэлбаатар, Д.Одбаяр хоёр тааралдаад бид нарын өмнө явж байсан юм. Тэгээд машин зогстол мотоциклийн ард сууж явсан Б.Хүрэлбаатар ирээд бид нарын сууж явсан машины шилийг үгийн зөрүүгүй шууд гараараа цохиж дахин хоёр гараараа цохиж хагалсан юм. Тэгтэл Ө.Баянзул машинаас бууж Б.Хүрэлбаатарыг яаж байгаа юм бэ? гэж хэлээд бид нар машинас буух хооронд Ө.Баянзулын хацар нүүрнээс цус гарсан, тэр хоёр барьцалдчихсан байсан юм. Б.Хүрэлбаатар юм яриагүй, чимээгүй ирж машины урд салхины шилийг хагалсан юм. ” гэх мэдүүлэг / хх-ийн 25-р тал/,     
    8.  Гэрч М.Нансалын мөрдөн байцаалтад өгсөн: “ ... тэд нар явсаар 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирсэн ба Ч.БатЭрдэнэ маань гэртээ ирээд надад “замд Б.Хүрэлбаатар таараад ах Ч.Балжиннямын пургон автомашины урд салхины шилийг хага цохиж Ө.Баянзулыг зодлоо гэж хэлсэн. Ч.Балжиннямын пургон Зүүнговь сум руу явахад урд салхины шил нь бүрэн бүтэн зүгээр байсан. 2016 оны 02 дугаар сарын сүүлээр Б.Хүрэлбаатарын аав н.Батнасан манай гэрт ирээд надад “Ч.Балжиннямд өгөөрэй”  хагарсан шилний мөнгө гээд 100.00 төгрөг өгөөд  явсан. Тэр мөнгийг нь би Ч.Балжиннямд дамжуулж өгсөн. ” гэх мэдүүлэг / хх-ийн 60-р тал/,
     9. Гэрч З.Санжмятавын мөрдөн байцаалтад өгсөн: “ ... замдаа явж байтал Тэс сумын хөдөө мотоцикль унасан манай пургоны урдуур орж зогссон ба  манай пургон зогссон. Удалгүй мотоциклийн ард сууж явсан Б.Хүрэлбаатар гэдэг залуу архи уусан шинжтэй муухай орилоод машин дээр хажуугийн хаалга татаад бид онгойлгож өгөхгүй болохоор машины урд очиж гараараа машины шил хагалсан. Энэ үед урд сууж явсан Ө.Баянзул машинаас буугаад Б.Хүрэлбаатартай маргалдаад байсан. Намайг машинаас буугаад очих үед Намайг буугаад очиход Ө.Баянзул ахын нүүр орчим цус болчихсон байсан. Тэгээд 2 тийш салаад явцгаасан, дахин Б.Хүрэлбаатартай таараагүй. ” гэх мэдүүлэг / хх-ийн 61-р тал/,
    10.  Гэрч Д.Тэгшжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “ ... Бид нар явсаар Тэс сумын нутг дэвсгэр дээр хөдөө явж байтал манай пургоны урдуур нэг мотоцикльтэй сундалдсан хоёр хүн орж ирсэн. Тэгснээ машины урд ирж зогссон юм шиг байгаа юм. Гэнэт манай пургон машин зогсоод тэр мотоцикльтой хоёр хүний ард нь сууж явсан нэг хүн машин руу орилоод хүрээд ирсэн юм. Тэр согтуу байсан. Тэгснээ пургоны хажуу талын хаалгыг татаж тайлах гэж оролдоод бид нар түүнийг болиулсан юм. ... Хүрэлбаатар хаалга татаж байнаа пургоны урд очоод хоёр гараараа пургоны урд очоод хоёр гараараа пурлгоны шилийг цохиод шилийг цуулж хагалсан. Энэ үед урд сууж байсан Ө.Баянзул пургоноос буугаад Б.Хүрэлбаатар дээр очоод хоорондоо маргалдаад байх шиг байсан. Бид нар Б.Хүрэлбаатарыг Ө.Баянзулыг цохиж гэмтээчихэж магадгүй гэж бодоод машинаасаа буугаад тэр хоёр дээр очих үед Ө.Баянзулын нүүр нь шалбарсан, цус гарч байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 66-67-р тал/,
    11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ¹99 дугаартай “ Үзүүлэгч Ө.Баянзулын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, духны дээд хэсэгт, баруун гарын сарвуунд үалбарсан шарх, зүүн нүдний доод зовхи , баруун чихний урд хэсэгт язарсан шарх зэрэг гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь нэгэн зэрэг нэг цаг хугацаанд үүссэн байна. Урьд нь бэртэл гэмтэл байхгүй. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаагаар нөлөөлнө.” гэх шинжээч эмчийн дүгнэлт / хх-ийн 27-р тал/,
12. Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  97 дугаартай “ Салхины шил үнэлсэн тухай тайлан “ / хх-ийн 31-32-р тал /,
13. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 44, 97, 108-111-р тал /,
    14. Шүүгдэгч Б.Хүрэлбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 39-40-р тал /,  
    15. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл / 10-12-р тал /,
    16. Эд хөрөнгө хураан авч битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт / 50-51-р тал /
17. Шүүгдэгч Б.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ”  гэх мэдүүлэг  зэрэг нотлох баримтууд болно.

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Борлууд овгийн Батнасангийн Хүрэлбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багийн нутаг "Өмхийн ам" гэх газарт бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Ч.Балжиннямын автомашины шилийг хагалсан, хохирогч Ө.Баянзулыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт  үйлдсэн болох нь хохирогч Ө.Баянзул, Ч.Балжинням, гэрч Ч.Бат-эрдэнэ, Б.Одон, Т.Бямбаа, Д.Одбаяр, Ж.Балжинням, З.Санжмятав, Д.Тэгшжаргал, нарын мэдүүлэг, Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн  97 дугаартай “ Орос улсад үйлдвэрлэсэн  УАЗ-2206 маркийн автомашины урд салхины шил 90.000 төгрөгийн үнэтэй” гэсэн үнэлгээний тайлан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ¹99 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Хүрэлбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
           Шүүгдэгч Б.Хүрэлбаатар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн болох нь хохирогч Ч.Балжиннямын “ Б.Хүрэлбаатарын гэр бүл нь миний ээж Нансалд 100.000 төгрөг өгөөд хагарсан шилийн мөнгө гээд явсан байсан. Би тэр мөнгийг авсан юм” гэх мэдүүлэг, хохирогч Ө.Банязулын хохирол гомдолгүй талаархи тодорхойлолтоор нотлогдож байна.
             Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдаж, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг хохирол төлбөр төлөгдсөн тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
             Шүүх ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа гэсэн Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
              Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой гэж шүүх дүгнэлээ.
                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1- 297.5 дахь хэсэг 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                            
ТОГТООХ нь:
1. Борлууд овгийн Батнасангийн Хүрэлбаатарыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн  181.2.1 дэхь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарт 3 / гурав / жил 1 / нэг / сар хорих ял  шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Хүрэлбаатарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Б.Хүрэлбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зйүлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарын эд хөрөнгө / 1 үхэр / битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Хүрэлбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын жил хорих ялыг тэнсэж, 2 / хоёр / жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Хүрэлбаатарт өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ