Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1637

 

“БСБ Люкс Мебель” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01542 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Офком” ХХК болон Б.Батчимэгт холбогдох

 

10 418 990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Офком” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу өөрийн худалдан борлуулдаг бараанаас зээлээр нийлүүлсэн. Гэвч “Офком” ХХК нь зээлээр авсан барааны үнийг төлөөгүй тул гэрээг дуусгавар болгож тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн актаар “Офком” ХХК нь манай компанид 8 829 770 төгрөгийн өглөгтэй гарсан бөгөөд энэ өглөг дээр хоног тутам 0.1 хувийн алданги бодогдож байна. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул үндсэн төлбөр 8 829 770 төгрөг, гэрээний алданги 180 х 8 829 = 1 589 220 төгрөг нийт 10 418 990 төгрөгийг хариуцагч “Офком” ХХК-иас гаргуулж өгнө үү. Манайх бараагаа хямдралтай үнээр тооцсон. Гэрээг “Офком” ХХК-тай байгуулсан тул хариуцагч Б.Батчмэгээс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн нэхэмжилсэн үнийн дүнг бүхэлд нь төлөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнэ нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа гэрээний хавсралт 1, 2 гэсэн материалыг хавсаргасан байсан. Уг хавсралтад “Офком” ХХК-ийн тамга тэмдэг, гарын үсэг байхгүй, зөвхөн нэхэмжлэгч компанийн өөрсдийнх нь тэмдэг дарагдсан байна. Талуудын хамтран ажиллах гэрээ байгуулах үед нэхэмжлэгч тал хавсралт 1, 2 гэсэн материалыг гаргаж өгөөгүй хирнээ, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргаж ирж байгааг ойлгохгүй байна. Тиймээс уг хавсралтыг сүүлд нь өөрсдийн бололцоог ашиглаж, тамга тэмдгээ дараад гаргаж ирсэн гэж ойлгож байна. Бидний хувьд хавсралтад заасан бараа бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч “Офком”' ХХК-иас 8 829 770 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 589 220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК нь хариуцагч Б.Батчимэгээс татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181 654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Офком” ХХК-иас 156 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна.

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 104\15 дугаар бүхий Хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээнд заасны дагуу гэрээний 1, 2 дугаар хавсралттай байх тул гэрээний хавсралт болон бусад баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргасны дагуу нэхэмжлэгч талаас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хавсралт гэх баримтыг шүүхэд ирүүлсэн. Тус өдөр ирүүлсэн хавсралтын дагуу бусад нэхэмжлэх болон кассын баримтыг хавсаргасан байсан. Хариуцагч талаас энэхүү гэрээний 1, 2 дугаар хавсралтыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд учир нь энэхүү гэрээний хавсралтад хариуцагч тал гарын үсэг зурж баталгаажуулаагүй, мөн гэрээ 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн байхад 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хавсралтыг нэхэмжлэгч тал баталгаажуулж, тэмдэг дарсан байгаа нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа 2009 оноос эхлэн “Офком” ХХК-тай хамтран ажиллаж байсан. Урьд хамтран ажиллаж байхдаа гэрээ байгуулж байгаагүй гэсэн. Мөн нэхэмжлэгчээс ОО YADA-MET-CB4L маркийн 15 ширхэг сандал авсан гэх нэхэмжлэх, ОО S2YN-TAB-DININ, ОО KAM-KIT-KAMDU, PIAS CAB COSTA, OO PIAS WAR WARDR маркийн гал тогооны тавилгыг н.Содбаяр хүлээн авсан нь нотлогдож байна гэж шүүх дүгнэжээ. Гэвч эдгээр тавилгыг “Офком” ХХК-д хүлээлгэн өгсөн гэх баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч талаас кассын баримт гаргасан байдгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэгч тал өөрсдийн боломжийг ашиглан нотлох баримт гаргасан гэж үзэж болохоор байна. Мөн “Офком” ХХК-ийн ажилтан н.Содбаярт хүлээлгэн өгсөн гэх бөгөөд үүнийгээ нэхэмжлэхээр баталж байна гэж шүүхэд нэхэмжлэх ирүүлсэн байдаг. Гэвч энэхүү нэхэмжлэх хэдний өдрийн хэн гэдэг байгууллагад хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэхийн дээд хэсэг болох нэхэмжилж буй байгууллагын нэр, хүлээн авсан байгууллагын нэр, огноо хэсэг нь огт байхгүй 3 ширхэг нэхэмжлэхийн баримтыг хэрэгт хавсаргасан. Хариуцагч талаас дээрхи 3 баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэргийн материалаас хасахыг шүүхээс хүссэн ч хүсэлтийг хангаагүй бөгөөд дээрх баримтыг шүүх үнэлж “Офком” ХХК-иас дээрх 3 баримтад заасан тавилгын төлбөр болох 6 905 182 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасны дагуу бүрэн нотолж чадаагүй, хэрэгт ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна гэж үзэж байх тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102\ШШ2017\01542 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч “БСБ Люкс Мебель” ХХК нь хариуцагч “Офком” ХХК, Б.Батчимэг нарт холбогдуулан 10 418 990 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Батчимэгээс татгалзсан бөгөөд хариуцагч “Офком” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах нэртэй гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь өөрийн импортын бараа, бүтээгдэхүүнийг хариуцагчаар заруулахаар нийлүүлэх, хариуцагч бараа, бүтээгдэхүүнийг өөрийн дэлгүүрээр бусдад сурталчлан борлуулж, үнийг төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч компанийн хуулийн зөвлөх, хариуцагч компанийн борлуулалтын менежер нар бичгээр гэрээ байгуулан захирлууд баталгаажуулж, хуулийн этгээдийн тэмдгийг дарсан байгаа нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үзэх үндэслэлтэй байна.

/хэргийн 7-8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон “BRW-TIANFA, MAEZENIE FERRO D SOFA” маркийн гал тогооны ком, “EURO DTHR CB 2432 YBH” маркийн 4 ширхэг сандал, “OO YADA-MET-CB4 L” маркийн 15 ширхэг сандал, “00SZYN-TAB-DININ, 00KAM-KIT-KAMDU, PIAS-CAB-COSTA, 00PIAS-WAR-WARDR” маркийн гал тогооны ком тавилгыг хариуцагч компанийг төлөөлж гэрээ байгуулсан борлуулалтын менежер Б.Содбаярт хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгчийн зарлагын падаанаар тогтоогджээ./хэргийн 41-49 дүгээр тал/

 

Улмаар дээрх гэрээг байгуулсан этгээдүүд нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж хариуцагч 8 829 770 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байна. Хариуцагч тус актанд борлуулалтын менежер Б.Содбаяр зөвшөөрч гарын үсэг зурсныг шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээний 7.1-д “Гэрээт борлуулагчийн тээвэрлэгч буюу бараа хүлээн авч буй хүнийг нийлүүлэгч гэрээт борлуулагчийн төлөөлөгч гэж үзнэ” заасан байх ба хавсралт 1, хавсралт 2-д борлуулагч талыг төлөөлөн Б.Содбаяр гарын үсэг зурсан байна.

 

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 497 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр хариуцагч эд хөрөнгийг хүлээн авсан болох нь тогтоогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч дээрх баримтуудыг үгүйсгэж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэхэсгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн барааны үнэ 8 829 770 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасны дагуу талууд алдангийн талаар гэрээгээр тохиролцоогүй тул нэхэмжлэгч гэрээ дүгнэсэн актыг үндэслэн 1 589 220 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй бөгөөд шүүх алдангийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж маргаагүй байна.

 

Харин шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ алдангийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой юм.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2017/01542 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243.1-д” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ            

             

                                              ШҮҮГЧИД                            Д.ЦОГТСАЙХАН    

               

                                                                                          С.ЭНХТӨР