Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/256

 

 

 

 

 

 

2022            4            06                                          256

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч: Ц.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Лд холбогдох эрүүгийн 2205005890704 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “, сард 600 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байр, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар Л.

 

Шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотод гэр бүлийн харилцан хамаарал бүхий, өөрийн төрсөн охин болох насанд хүрээгүй хохирогч Л.Этэй үл ялих зүйлээс болж маргалдан түүний толгой хэсэгт сандлаар цохиж, зулайн хуйханд шарх, баруун бугалгад цус хуралт, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Л мэдүүлэхдээ:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Охин маань гэмтлийн эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн. Яагаад хүүхдээ зодсоноо санахгүй байгаа. Охины эрүүл мэнд хэвийн болсон. Улсын яллагчтай 700 000 төгрөгийн торгуулийн ялыг өөрийн сайн дураар тохиролцож, хүлээн зөвшөөрсөн. Энэ торгуулийн ялыг одоо төлөхөд бэлэн байна. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ийм зүйл боллоо.  Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч-Л.Э мэдүүлэхдээ:

Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод гэртээ дүү Мөнхжин /5настай/-н хамт байж байтал гаднаас ээж Б, аав Л нар орж ирсэн. Орж ирэхдээ аав согтуу байсан. Тэгээд аав Л нь дүү Мөнхжинтэй морь болж тоглоно гээд нуруун дээрээ суулгаад тоглоод айлгаад байсан. Тэгэхээр нь би дүүтэй битгий ингэж тоглоод бай, та урьд нь согтуу байхдаа унагаад гэмтээсэн биздээ гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг чи дуугүй бай, чи яахаараа намайг ингэж хэлдэг юм гээд загнасан. Тэгэхээр нь би өөрийнхөө өрөөнд ороод сууж байтал орж ирээд “Та нар,намайг юу гэж бодоод байдаг юм" гээд намайг зөндөө хараалын үг хэлээд харааж загнаж байгаад манай өрөөнд байсан түшлэгтэй модон цагаан өнгийн сандал өргөөд далайхаар нь толгойгоо гараараа хамгаалаад доошоо бөгтийсөн чинь сандалаар нуруу хэсэг рүү цохисон чинь сандал нь хугарчихсан. Тэгээд дахиж хажууд нь байсан яг адилхан сандлаар намайг олон удаа нуруу, толгой руу цохисон. Би хэд цохисныг нь мэдэхгүй байна. Тэр намайг цохисон 2 дахь сандал дахиад хугарсан чинь хуванцар 2 давхар сандал хажууд нь байсныг аваад толгой, нуруу руу цохиж эхэлсэн. Тэр үед би болиочээ гэж зөндөө орилсон чинь цохиод байсан ба гараа харсан чинь гар цус болчихсон байхаар нь толгойгоо барьж үзэхэд толгой хагарчихсан байхаар нь “Та миний толгойг хагалчихлаа шүү дээ, болиоч дээ” гээд уйлаад хэлсэн чинь удалгүй гаднаас ээж орж ирээд болиулсан гэжээ. (хэргийн 10-11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Б мэдүүлэхдээ:

Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан юм. Манай нөхөр болох Ц.Лувсангомбын найз миний утас руу 16 цагийн үед залгаад танай нөхөр согтуу байна, Чулуун-Овооноос ирж ав гэсэн. Тэгээд би 16 цаг өнгөрөөд нөхөр Л авахаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чулуун-Овооны Сансар худалдааны төвийн хойд талд байрлах нийтийн байр байсан. Тэрний гадна талд манай нөхөр найзын хамт согтуу зогсож байсан. Тэгээд нөхрийгөө аваад такси бариад гэр рүүгээ болох Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоотод ** цагийн үед ирсэн. Гэрт манай охин болох Л.Э, бага охин Мөнхжин /5 настай/ хамт үлдээсэн байсан. Тэгээд Лувсангомбын хувцас нь муухай болсон болохоор угаалгын машинд хувцсыг нь хийгээд Э тэр гурвыг гэрт орхиод гарсан. Тэгээд би доод дэлгүүрээс сүү аваад 10-15 минут болоод буцаад гэртээ ороход зүүн талын жижиг хүүхдийн өрөөнд манай нөхөр Л Эг зодсон хажуу талд нь ердийн хэмжээтэй модон цагаан сандал суух хэсэг нь салсан, ард хэсэг нь бас эвдэрсэн ер нь тэр чигтээ хэмхэрсэн, орны хөлөнд байх 2 ширхэг хуванцар сандал эвдэрсэн байсан. Тухайн 2 ширхэг хуванцар сандлаар газар шал балбаж эвдэлсэн гэсэн. Эгийн баруун шууны дотор хэсэгт шалбарсан, 2 гар нь цус болсон толгойны ард хэсэгт нь хагарсан байсан. Би гарыг нь шалбарсан байна гэж тэрүүхэндээ анзаарч байсан. Тэгсэн Э би дүүгээ аваад гэрээс гарлаа орцонд байж байя гэсэн. Тэгэхээр нь би за гээд нөхөр Лтой уулзаад яагаад охиноо зодсон талаар асуухад би бага охиноо нуруун дээрээ үүрээд гэрт дотуур тоглож байсан чинь Э дүүг газар унагаачихна боль гэсэн. Тэгээд бид хоёр бага охин Мөнхжинг булаацалдсан охин чинь намайг эцгээ гэж хүндлээгүй гэсэн зүйлийг яриад сууж байсан чинь гаднаас цагдаа орж ирээд Л авч гарсан. Тэр хооронд Э, Мөнхжин нар орцонд байсан тул гар утсаар нь холбогдоод толгойг чинь үзүүлье гээд Гэмтлийн эмнэлэг орж хамт үзүүлэхээр явсан гэжээ. (хэргийн 36-37 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11ий өдрийн шинжээчийн 2795 дугаар дүгнэлтэд:

1. Л.Эгийн биед зулайн хуйханд шарх, баруун бугалгад цус хуралт, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч Л.Эг сандлаар цохиж, зулайн хуйханд шарх, баруун бугалгад цус хуралт, шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч О.Э, гэрч Д.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 2795 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирогчид учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Л энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Л гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Л 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ц.Лд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Л цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН