Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 2в байрны 42 тоотод оршин суух Туулайт овогт Бархасын Отгонцэцэг /РД:ИЭ84031801/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций  сум, 3-р баг, Цагаан овоо, Шинэ хотхон 1-1 тоотод оршин суух Цэзгэр овогт Нүрзэдийн Болормаа /РД:КН72102668/-д холбогдох 5542500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Отгонцэцэг би Н.Болормаатай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 1500000 төгрөгийг 1 хоногийн 50 000 төгрөгийн хүүтэй 3 хоногийн хугацаатайгаар 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Болормаа нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хуагцаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 519 хоногийн алданги 3 892 500 төгрөг, үндсэн зээл 150 000 төгрөг, түүний хүү болох 150 000 төгрөгийн хамт нийт 5 542 500 төгрөгийг хариуцагч Н.Болормаагаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Болормаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй Н.Болормаад холбогдох иргэний хэргийн хариуцагчийн хувиар дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие түүнээс 1 500 000 төгрөг зээлсэн бөгөөд яагаад 5 сая гаран төгрөг төлөх ёстой болсныг ойлгохгүй байна. Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар алданги нь анзын төрөлд хамаарах бөгөөд анз нь гүйцэтгэх ёстой үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь алдангид 3 982 500 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Б.Отгонцэцэг нь Н.Болормаад холбогдуулан үндсэн зээл 1.500.000 төгрөг, хүү 150.000 төгрөг, алданги 3892500 төгрөг, нийт 5542500 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Н.Болормаад 2017 оны 05 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн баримт хэргийн 10-13 дүгээр талд авагдсан байна.

             Хариуцагчид шүүх хуралдааны товыг хангалттай хугацааны өмнө мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх ба нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хурлыг явуулах хүсэлт ирүүлсэн тул зохигчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Б.Отгонцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Н.Болормаад 1.500.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, 1 хоногийн 50000 төгрөгийн хүүтэй зээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ /хх-ийн 4-6 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.

            Зохигчид хэлэлцэн тохиролцож Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хүү тогтоож, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар гэрээг бичгээр байгуулсан ба Б.Отгонцэцэг нь үндсэн зээлийн төлбөрөөс гадна хүү, алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй тул хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 3892500 төгрөгийн алданги нэхэмжилсэн байна.

            Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэх заалтын дагуу Н.Болормаагийн гүйцэтгээгүй үүрэг болох 1500000 төгрөгийн 50 хувь буюу 750.000 төгрөгийн алдангийг гаргуулж, Б.Отгонцэцэгт олгох нь зүйтэй байна.

            Иймд хариуцагч Н.Болормаагаас үндсэн зээл 1.500.000 төгрөг, түүний хүү 150.000 төгрөг, үндсэн зээлийн 50 хувь буюу 750.000 төгрөгийн алданги, нийт 2.4000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонцэцэгт олгох хуулийн үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонцэцэгт олгохоор шийдвэрлэв.           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 15.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Н.Болормаагаас 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3142500 /гурван сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/-н төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Болормаагаас 62150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.БАТТУЛГА