Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/270

 

 

 

 

 

 

 

   2022          4          12                                       270    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2205000000092 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 600 000 төгрөгийн орлоготой, ам бүл 1, оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар Б.

 

Шүүгдэгч Ж.Б 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт “***” ХХК-аас хариуцан барьж буй *** айлын ** давхар барилгын ажлын барилга угсралтын ажилд туслах **-аар ажиллаж байх хугацаандаа “цаг орой болсон байна эндээ хоноё” гэх шалтгаанаар үлдэж, 1 533 000 /нэг сая таван зуун гучин гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий барилгын сангийн хог шүүгч гэх нэртэй 73 ширхэг төхөөрөмжийг ямар нэгэн багаж хэрэглэхгүйгээр гараараа тайлж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ж.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Тухайн үед мөнгөгүй байсан болохоор энэ гэмт хэргийг үйлдсэн. Хулгайлсан эд зүйлийг гараараа тайлж авсан. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг тоо, ширхгээр нь буцаагаад өгсөн. 80 000 төгрөгийг ажилласан хоногийн цалингаа аваад төлсөн. Гэхдээ би өөрөө биечилж өгөөгүй. Мөрдөгч танай компани төлсөн байх гэж надад хэлсэн. Би тухайн барилгын компанид 8 хоног ажилласан ба ажилласан өдрийн цалингаа аваагүй байсан юм. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.А мэдүүлэхдээ:

Манай компани нь “****" ХХК-ний туслан гүйцэтгэгчээр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 154 айлын 16 давхар орон сууц барьж байгаа юм. Манай компани нь сантехник, салхивчийн дотор схемийг угсарч ашиглалтад оруулах бөгөөд 2021 оны 11 дүгээр сараас ажиллаж эхэлсэн. Баригдаж байгаа 154 айлын 16 давхар барилгаас сангийн хог шүүгч, хаалтны толгой 86 ширхэг эд зүйл алдагдсан гэж үзэж байгаа. Тухайн төхөөрөмжийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чулуун овоонд байрлах фүүрэл сити гэх газраас 20-ын салдаг хаалт 104 ширхэгийг, 1 ширхэг нь 22 400 төгрөг буюу нийт 2 329 600 төгрөгөөр, 25-ын салдаг хаалт 28 ширхэгийг, 1 ширхэг нь 34 600 төгрөг буюу нийт 968 800 төгрөгөөр, 25-ын хог шүүгч 28 ширхэгийг, 1 ширхэг нь 26 200 төгрөг буюу нийт 7 333 600 төгрөгөөр, 20-ын хог шүүгч 104 ширхэгийг, 1 ширхэг нь 18 2000 төгрөг буюу нийт 1 892 800 төгрөгөөр худалдан авч байсан. Манай байгууллагаас алдагдсан гэх эд зүйлүүдээс дутуу зүйлүүдийг авах хүсэлтэй байна.

Би өмнө нь мэдүүлэхдээ 85 ширхэг гэж мэдүүлсэн. Бид нар алдагдсан эд зүйлийг буруу тоолсон байна. Тухайн барилгын зарим давхарт нь сангийн хог шүүгч хийгдээгүй, зарим хэсэгт нь хийгдсэн бөгөөд алдагдсан сангийн хог шүүгч нь 73 ширхэг зөв байна. Тухайн алдагдсан эд зүйлээ бүрэн хүлээн авсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 26, 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Б мэдүүлэхдээ:

Миний бие “Төгс зорилго” ХХК-д 2018 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд “****” ХХК-ийн захиалгаар Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт ** давхар, 800 мкв 154 айлын орон сууц барилга барихад туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өглөөний 10 цагийн үед сангийн холбох материал /салдаг хаалт/, хог шүүгч ППР эр үзүүр, нийт ком 86 ширхэг төхөөрөмж алга болсон талаар ажил дээрээ ирээд ажлын үйл явцыг шалгах үед олж мэдсэн гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.З мэдүүлэхдээ:

Би 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ээлжийн хуваарьт жижүүрт гарсан бөгөөд гагнуурын туслах Ж.Б нь тухайн өдөр ажиллаж байсан юм. Тэгээд 19 цаг өнгөрч байхад Ж.Б нь барилга дотроо ажиллаж байгаад “оройтчихлоо, би эндээ хоноод өглөө эрт гэр рүүгээ явъя” гэж хэлэхээр нь дээшээ яваад дулаахан өрөөнүүдэд ороод унтчих гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 08 цагийн үед Ж.Б нь “ахаа би нэг давхарт байгаа хаягдал төмрүүдийг аваад явж болох уу” гэхээр нь би “тэгээ миний дүү, төмөр зардаг газар аваачаад автобусны мөнгө хийхгүй юу” гэж хэлсэн. Би Ж.Бг хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээгүй. Ж.Бтай хамтран үйлдсэн асуудал байхгүй. Тухайн хаягдал гэх төмрүүд нь цагаан өнгийн 2 ширхэг шуудайтай зүйл байсан бөгөөд Ж.Б нь тухайн хоёр ширхэг шуудайтай зүйлийг аваад явсан гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.У мэдүүлэхдээ:

2022 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед дэлгүүр орох гээд явж байгаад үл таних залуутай тааралдахад 2 ширхэг шуудаатай зүйл барьсан түүхийн эдийн газар зарах гэж байгаа гээд миний утсаар түүхий эд рүү ярьсан юм. Тэгээд түүхий эдийн хүн нь ирээгүй, онгойгоогүй болохоор нь надад зарчих гэж хэлэхэд тухайн залуу “заръя” гээд би тухайн залууд 80 000 төгрөг өгсөн юм. Би тухайн зүйлээр цутгуур хийнэ гэж бодож авсан. Тэрнээс хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би тухайн залууд өгсөн 80 000 төгрөгийг буцааж авахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 35-36 дугаар хуудас)

 

“Кости Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Сантехникийн хэрэгсэл нийт дүн 1 533 000 төгрөгөөр тогтоов гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 86 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Ж.Б 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “***” ХХК-аас хариуцан барьж буй 154 айлын 16 давхар барилгын ажлын барилга угсралтын ажилд туслах гагнуурчинаар ажиллаж байхдаа баригдаж байгаа барилгаас барилгын сангийн хог шүүгч гэх нэртэй 73 ширхэг төхөөрөмжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч “Төгс зорилго” ХХК-д 1 533 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.А, гэрч Г.Б, Т.З, М.У нарын мэдүүлэг, “Кости Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй, хохирогч “алдагдсан сангийн хог шүүгч нь 73 ширхэгийг  бүрэн хүлээн авсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Б нь хулгайлсан эд зүйлийг гэрч М.Ут 80 000 төгрөгөөр худалдан борлуулсан, гэрч М.У нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “би тухайн залууд 80 000 төгрөг өгсөн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 80 000 төгрөгийг буцааж авахгүй” гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Төгс зорилго” ХХК-д 8 өдөр ажилласан, ажилласан өдрийнхөө цалинг аваагүй ба мөрдөгч уг цалингаас гэрч М.Ут 80 000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь нотлогдохгүй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж зааснаар шүүгдэгчээс Ж.Бгаас 80 000 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар түүний 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртлэх шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 232 цагаар тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Бг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар Ж.Бгийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртлэх шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 232 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.Б 232 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчээс Ж.Бгаас 80 000 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН