Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Манлай сум, Өехий баг, Угалзын залаа гэх газар нутаглах Боржигон овогт Дэмбэрэлийн Хүрэлбаатар /РД:КЕ61052416/-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ:“Д.Хүрэлбаатар би 1979 оны 01 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сар хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт бригадад тэмээчин, 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 8 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Ингээд цэргээс халагдаж ирээд 1983 оны 8 дугаар сараас 1984 оныг дуустал Тагт бригадад туслах ажилчнаар ажилласан. Дээрх ажиллаж байсан онуудыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироод байна.

Иймд намайг 1979 оны 01 дүгээр сараас 1984 оныг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт бригадад малчин болон туслах ажилчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Намайг Тагт бригадад малчин болон ажилчнаар ажиллаж байсныг мэдэх 2 хүнийг гэрчээр асууж өгнө үү.

  1. Ц.Хүүхэнтогоо, Дундговь аймаг, Өлзийт сум, Тагт баг, утас:98339249,
  2. Ж.Батнасан, Дундговь аймаг, Өлзийт сум, утас: 98122744” гэжээ

Нэхэмжлэгч Д.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1979 оны 01 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сар хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт бригадад мал маллаж байсан. 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 8 дугаар сар хүртэл цэргийн алба хаасан. Ингээд цэргээс халагдаж ирээд 1983 оны 8 дугаар сараас 1984 оныг дуустал Тагт бригадад ердийн хөсөгт тэмээ хомнож, айлуудаар явдаг ажил хийдэг байсан. Дээрх ажиллаж байсан онуудыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохироод байна. Иймд намайг 1979 оны 01 дүгээр сараас 1984 оныг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт бригадад малчин болон туслах ажилчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү?” гэв.

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 145 дугаартай архивын лавлагаа, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/401 дугаартай тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, №000364 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Статистикийн төв газрын №101 дугаартай хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Хүрэлбаатар нь 1979 оны 01 дүгээр сараас 1980 оны 6 дугаар сар хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт бригадад тэмээчин, 1980 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Барилгын цэргийн 012 дугаар ангид цэргийн алба хааж, 1983 оны 8 дугаар сараас 1985 он хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт бригадад туслах ажилтанаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Ц.Хүүхэнтогоогийн өгсөн:” Д.Хүрэлбаатар нь 1978 оноос 1980 оны 6 дугаар сар хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлийн Тагт бригадад тэмээ маллаж байсан. Тэгээд цэрэгт явсан. Цэрэгт 3 жил явж халагдаж ирээд 1983 оны сүүлийн хагасаас 1985 оны эхэн хүртэл Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлийн Тагт бригадад туслах бригадын гишүүнээр ажиллаж байгаад Өмнөговь аймгийн хүргэн болоод шилжсэн” гэсэн мэдүүлэг, Ж.Батнасангийн өгсөн: ”... Д.Хүрэлбаатар Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлийн Тагт бригадад 1978 оноос 1980 он хүртэл тэмээ хамт маллаж байсан. Тэгээд цэрэгт явсан. Цэргээс 1983, 1984 оны үед ирээд мөн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлийн Тагт бригадад туслах ажилтнаар ажиллаж байсныг мэднэ. Хэдэн он хүртэл туслах үйлдвэрт ажилласныг санахгүй байна” гэх мэдүүлэг, Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 145 дугаартай архивын лавлагаа, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 4/401 дугаартай тодорхойлолт, №000364 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Статистикийн төв газрын №101 дугаартай хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Хүрэлбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Дэмбэрэлийн Хүрэлбаатар /РД:КЕ61052416/-ыг

1979 оны 01 дүгээр сараас 1984 оны 12 дугаар сарыг дуустал Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлийн Тагт бригадад малчин, туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨЛЗИЙ-ОТГОН