Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/290

 

 

 

 

 

 

 

 

2022            4            19                                     290   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батдэлгэр,

шүүгдэгч: Ч.М, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн 2205000000616 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, М.

 

            Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “койн худалдан авч мөнгөтэй болох” зорилгоор “Реактир” ХХК-иас худалдаж авах байсан 500 кг нимбэгний хүчлийн төлбөр болох “Цэс хайрхан" ХХК-иас итгэмжпэн хариуцуулсан 5 410 000 төгрөгийг найз М.Аын эзэмшлийн Хаан банкны 502******* дугаарын данс руу шилжүүлэн, найз М.Ат “наад мөнгө чинь миний мөнгө байгаа юм. Над руу буцаагаад шилжүүлчих” гэж өөрийн Хаан банкны 506******* дугаарын данс руу шилжүүлэн авч, завших гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.М мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирлын 5 410 000 төгрөгийг төлнө. Хамаатны хүнээсээ мөнгө зээлэх гээд хүлээж байгаа. Ойрын хугацаанд төлж барагдуулна. Байгууллагаас авсан мөнгөөрөө койн аваад өсгөнө гэж бодсон. Гэтэл мөнгөө өгөөд алдсан. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-З.Т мэдүүлэхдээ:

Би “Цэс хайрхан” ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаа юм. Манай компани хүнсний үйлдвэр, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба тус компанид худалдан авалтын менежерын албан тушаал дээр ажиллаж байсан Ч.М нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр түүхий эд болох нимбэгний хүчлийг "Реактир" ХХК-иас авах ёстой байсан 5 410 000 төгрөгийг өөрийн найз Аын данс руу шилжүүлж, түүнээс өөр рүүгээ авсан болох нь баримтаар тогтоогдож, тус мөнгийг авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Мөн манай компанид "Итгэлт Эрин Терминал” ХХК-иас тээврийн зардал гэж ирүүлсэн нэхэмжлэхийг засварлан тухайн компанийн нэр дээр өөрийн компани болох “Омнифик” нэрийг оруулан дансны дугаарыг нь өөрчилж, өөрийн компанийн данс руу 827 000 төгрөг шилжүүлэн авсан байсан. Энэ асуудлыг би “Итгэлт Эрин Триминал” ХХК руу утасдаад “төлбөр нь орсон уу гэж асуусан чинь үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэхэмжлэхийг нь аваад ир гээд шалгаад үзтэл “Омнифик” гээд компанийн нэр байхаар нь шалгаад үзтэл тухайн компанийн хамтран эзэмшигч нь Мын нэр гарч ирсэн. Тэгэхээр нь Мыг дуудаад яагаад өөрийн компанийн нэрээр 827 000 төгрөгийг авсан талаар асуухад М "надад мөнгөний хэрэг гарсан учраас би авчихсан байсан юм, одоо буцаагаад шилжүүлээд өгье" гэж хэлээд "Цэс хайрхан" ХХК-ийн данс руу шилжүүлж авсан. Харин 5 410 000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байгаа гэжээ. (хэргийн 9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.А мэдүүлэхдээ:

М бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Бид хоёр сургууль төгссөнөөс хойш уулзаагүй байж байгаад 2021 оны зунаас эхлэн харилцаатай байж эхэлсэн. Би 2021 онд Солонгос улс руу явах төлөвлөгөөтэй байсан учраас өөрийнхөө дансны мөнгөний эргэлтийг сайжруулах зорилгоор өөрт байсан 4 сая төгрөгийг Мын компанийн данс руу шилжүүлж, өөрийнхөө данс руу авдаг байсан. Тэгтэл 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний Хаан банкны 502******* гэсэн данс руу гэнэт 5 410 000 төгрөг ороод ирсэн. Тэгээд би хэний мөнгө ороод ирэв гээд гайхаад байж байтал М над руу залгаад, “данс руу чинь мөнгө орсон уу, наад мөнгө чинь найзынх нь мөнгө байгаа юм. Над руу буцаагаад явуулчих гэж хэлэхээр нь би уурлаад чи яагаад миний зөвшөөрөлгүй данс руу мөнгө хийгээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “юун сүртэй юм бэ” гэж хэлэхээр нь би тухайн 5 410 000 төгрөгийг нь Мын 506******* гэсэн данс руу буцаагаад шилжүүлсэн. Түүнээс хойш хэдэн өдрийн дараа М над руу залгаад "чам руу нэг хүн залгана, тэр хүнд би хөдөө явж байна, хот руу орохоороо мөнгийг чинь шилжүүлье, эсхүл барааг чинь өгье гээд хэлчих" гэж над руу ярьсан. Тэгээд байж байтал орой над руу нэг хүн залгаад "би чам руу мөнгө явуулсан хүн байна, Мтай ямар харилцаатай юм бэ, мөнгөө буцааж авмаар байна" гэж хэлэхээр нь би тухайн хүнд болсон асуудлыг бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан. Тэгсэн нөгөө хүн би энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандах гэж байна. Чи тэр үед цагдаа дээр ирээд уулзаарай гэж хэлээд тасалсан. Тэгсэн М над руу залгаад "ярьсан уу, чи юу гэж хэлсэн бэ” гэж асуухаар нь би үнэнг нь хэлсэн гэж хариулсан. Түүнээс хойш Мтай ахиж холбоо бариагүй гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст:

Ч.М нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 28 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Цэс хайрхан" ХХК-д ажиллаж байхдаа “Реактир” ХХК-иас худалдаж авах байсан 500 кг нимбэгний хүчлийн төлбөр болох “Цэс хайрхан" ХХК-иас итгэмжлэн хариуцуулсан 5 410 000 төгрөгийг өөртөө “Койн худалдан авч, ашиг олох” зорилгоор, найз М.Аын эзэмшлийн Хаан банкны 502******* дугаарын данс руу шилжүүлэн, найз М.Ат “наад мөнгө чинь миний мөнгө байгаа юм. Над руу буцаагаад шилжүүлчих” гэж өөрийн Хаан банкны 506******* дугаарын данс руу шилжүүлэн авч, завшсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Т, гэрч М.А нарын мэдүүлэг, Ч.Мын Хаан банкны 506******* дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч М.Аын Хаан банкны 502******* дугаарын шилжүүлгийн мэдээлэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Маас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 5 410 000 төгрөг гаргуулан хохирогч “Цэс хайрхан" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирол төлөх боломжоор хангана уу гэж шүүх хуралдаанд завсарлага авсан боловч завсарласан хугацаанд хохирол төлөөгүй бөгөөд 5 410 000 төгрөгийг хохирогч “Цэс хайрхан" ХХК-д төлөхөө илэрхийлж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдал зэргийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Мыг 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.М 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ч.Маас 5 410 000 төгрөг гаргуулж, хохирогч “Цэс хайрхан” ХХК-д олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН