| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2017/00106/И |
| Дугаар | 105 |
| Огноо | 2017-09-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст баг, Үзүүр хар гэх газар нутаглах Туслагч овогт Далхжавын Батсугир /РД:ЗЗ57022810/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батсугир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батсугир шүүхэд гаргасан хүсэлтдээ:“Миний бие “Луус сум хөдөлмөр” нэгдэлд 1975-1977 онд хонь, ямаа маллаж “Луус сум хөдөлмөр” нэгдэлд 1981-1984 онд тракторчинаар тус тус ажиллан улсад нийт 25 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1975-1977 он, 1981-1984 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тамга тэмдэгний зөрүүтэйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна.
Иймд миний 1975-1977 он, 1981-1984 онуудад “Луус сум хөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Батсугир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний бие 1975-1977 онд Дундговь аймгийн Луус сум хөдөлмөр нэгдлийн Суварга багт хонь, ямаа маллаж байгаад 1977 оны 6 дугаар сард цэрэгт яваад 1980 оны 6 дугаар сард халагдаж ирсэн. Цэргээс ирээд “Луус сум хөдөлмөр” нэгдэлд автын механикч болон тракторчинаар ажилд орж 1985 оны 12 дугаар сарыг дуустал ажиллан улсад нийт 25 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1975-1977 он, 1981-1984 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тамга тэмдэгний зөрүүтэйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр дээр дарагдсан тамга нь санхүүгийн тамга байсан. Иймд миний 1975-1977 он, 1981-1984 онуудад “Луус сум хөдөлмөр” нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, цахим үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №163 тоот тодорхойлолт, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаартай тушаалын хуулбар, Статискийн төв газрын хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай тушаалын хуулбар, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн 1984 оны 11, 12 дугаар сарын цалин тооцооны хүснэгтийн хуулбар, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн 1981 оны 01 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Батсугир нь 1975 оны 01 дүгээр сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэл, Суврага бригадад хоньчиноор, 1977 оны 6 дугаар сараас 1980 оны 7 дугаар сарыг хүртэл цэргийн жинхэнэ алба хааж, 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд автын механикаар, 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчиноор, 1981 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1984 оны 7 дугаар сарыг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчиноор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Л.Болормаагийн өгсөн:”... Батсугир нь 1975 оноос Дундговь аймгийн Луус суманд Хөдөлмөр нэгдэлд бага мал маллаж байгаад 1977 оны 6 дугаар сард цэрэгт явсан. 1980 оны 12 дугаар сар хүртэл тухайн нэгдэлд механикчаар ажиллаж байсан. 1981 оноос хойш 1985 он хүртэл Луус сумын Суварга бригадад Хөдөлмөр нэгдэлд хуц ухна маллаж байсан. Түүнээс хойш 1985 оны намраас сумын төвд тракторчиноор ажиллаж байсан. Түүнээс хойш яг хэдэн он хүртэл ажилласаныг нь мэдэхгүй байна. Батсугарийг 1975-1977 онд, 1980-1985 онуудад Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд Суварга бригадад малчин болон механикчаар ажиллаж байсан байдлыг гэрчилхээр ирсэн” гэсэн мэдүүлэг, Ч.Рэнцэндоржийн өгсөн: ”... Батсугир 1975 оноос 1977 онд Дундговь аймгийн Луус суманд “Хөдөлмөр” нэгдэл, Суварга бригадад эцэг эхийн хамт хуц ухна маллаж байсан. Тэгээд 1977 оноос 1980 он хүртэл цэрэгт явсан. 1980 онд халагдаж ирээд Дундговь Луус сумын Суварга баг Хөдөлмөр нэгдэлд эргэж малчнаар ажилд орсон. 1980 оны 6 дугаар сараас хойш 1981 оны эхэн хүртэл механик хийж байгаад 1981 оны 01 дүгээр сараас малчинаар Хөдөлмөр нэгдэлд ажиллаж байсан. Тэгээд 1981 оноос 1990 онд нэгдэл тарах хүртэл трактор барьж байсан. Хөдөлмөр нэгдэлд 1975 оноос 1977 он хүртэл мал маллаж байгаад 1977 оноос 1980 онуудад цэрэгт явж ирээд 1980 оноос 1990 онд Хөдөлмөр нэгдэлд тарах хүртэл механик, тракторчин зэрэг ажил хийж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №163 тоот тодорхойлолт, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1981 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 3 дугаартай тушаалын хуулбар, Статискийн төв газрын хөдөлмөрийн хөлс олгох хүснэгт, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 32 дугаартай тушаалын хуулбар, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаартай тушаалын хуулбар, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн 1984 оны 11, 12 дугаар сарын цалин тооцооны хүснэгтийн хуулбар, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн 1981 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Д.Батсугирын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Туслагч овогт Далхжавын Батсугир /РД:ЗЗ57022810/-ыг
1975 оны 01 дүгээр сараас 1977 оны 6 дугаар сар хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэл, Суврага бригадад хоньчиноор,
1977 оны 6 дугаар сараас 1980 оны 7 дугаар сарыг хүртэл цэргийн жинхэнэ алба хааж,
1980 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд автын механикаар,
1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд тракторчиноор,
1981 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчиноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН