Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/302

 

 

 

 

 

 

 

2022            4            22                                       302  

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сайнзаяа,

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан жумраар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2205000001094 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 2, эцгийн хамт,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар Б,

 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах мужааны цехэд хохирогч Б.Мтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нийт 28,6 см урттай, ажлын хэсэг ягаан өнгөтэй, цагаан өнгийн оруулга бүхий улаан резинэн бариултай хутгаар хохирогчийн нүүрэн тус газар буюу зүүн хацар хэсэгт нь хатгаж, улмаар биед нь зүүн шанаанд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчтой ажлаас гарна гэх шалтгаанаас болж маргалдсан. Хохирогч согтохоороо авиртай, намайг 2-3 удаа цохисон. Хохирогч энэ гэмт хэргийн улмаас цэргийн төв эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэж, 2 790 925 төгрөгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасаныг 3 сарын хугацаанд төлнө. Одоо хохирогчтой хэвийн харилцаатай байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, ийм үйлдэл гаргахгүй. Улсын яллагчтай 650 000 төгрөгийн торгуулийн ялыг сайн дураар тохиролцсон гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.М мэдүүлэхдээ:

...бид гурав нэлээн сайхан яриа өрнүүлсэн ба бага зэргийн согтолт нэмэгдээд 3 биенийхээ ажлыг яаж хийх талаар ярилцсан. Тэгсэн Б.Б би Г ахтай хэсэг ажиллаад үзье, та ажлын цагтаа эрт ирэхгүй байна гээд намайг шүүмжилж ажлаас гарах талаар цухасхан дурдсан. Тэгээд би Б.Бт хандаж би дээр гэрт чинь очиход гэр чинь ямар замбараагүй байсан бэ, чи ямар арчаагүй юм бэ, байгаа байдлаа боль, олж байгаа мөнгөө хураа, хадгал гэж ахын хувиар зөвлөгөө өгсөн. Тэгсэн чинь маргаан дахиж эхлээд Г дахин бид хоёрыг салгасан. Б.Б шүүгээн дотор байсан улаан иштэй хутгыг дахин баруун гартаа бариад ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр миний зүүн хацар хэсэгт 1 удаа хутгаараа хатгасан юм. Тэгээд би хутгалуулснаа мэдээд сандал дээр суугаад хутгалуулсан газраа гараараа дарахад цус маш их хэмжээгээр гарсан. Миний зүүн хацар хэсэг буюу шанаа хэсэгт хутгаар нэг удаа хутгалуулсан шарх үүссэн ба 5 оёдол тавиулсан. Миний хохирлыг Б.Б нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр миний Хаан банкны 5029843318 дугаартай данс руу 480 000 төгрөг шилжүүлж төлсөн. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 17-19, 21 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Г мэдүүлэхдээ:

Хувцсаа өмсөөд бүгдээрээ гарах гэж байтал тэр хоёр дахин маргалдаад бие биенээ заамдаад авсан тул би голоор нь орж дахин салгаад Мыг сандал руу нь түлхэж суулгаад, Б руу эргэж харахад тухайн гал тогооны хэсэгт байсан улаан иштэй хутгыг баруун гартаа дээш харуулаад барьчихсан М руу далайж байхаар нь би зүүн гараараа хамгаалсан. Тэгээд М руу харахад зүүн шанаа хэсгээс нь маш их цус гарчихсан, гараараа нүүрээ дараад сууж байхаар нь би цагдаагийн байгууллагад утсаараа дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд Мод анхны тусламж үзүүлээд, 1-2 минутын дараа түргэний эмч ирээд Цэргийн төв эмнэлэг рүү авч явсан. Б.М, Б.Б хоёрын хоорондох маргаан ажлаас гарах зүйл ярилцсанаас үүссэн гэж бодож байна. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир маргаан үргэлжилж, улмаар Б.Б уурандаа Б.Мын биед хутгаар гэмтэл учруулсан байх гэжээ. (хэргийн 34-36 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Н.М мэдүүлэхдээ:

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй, төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулж байгаа тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэл гарган оролцож байна. ...хохирогч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэгийн яаралтай тусламжийн төвөөс яаралтай тусламжийн үйлчилгээ, мөн мэс засал хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 2 790 925 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Баас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 3504 дугаар дүгнэлтэд:

1. Б.Мын биед зүүн шанаанд шарх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Бт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 74 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь архи ууж, согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн ** дугаар гудамжны ** тоотод байрлах мужааны цехэд хохирогч Б.Мтой маргалдаж, хутгаар хохирогчийн нүүрэн тус газар буюу зүүн хацар хэсэгт нь хатгаж, биед нь зүүн шанаанд шарх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Майнбаяр, гэрч Б.Г, иргэний нэхэмжлэгч Н.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 3504 дугаар дүгнэлт, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд хохиролд Б.Баас 480 000 төгрөгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.М нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний нэхэмжлэгчээс

...хохирогч Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэгийн яаралтай тусламжийн төвөөс яаралтай тусламжийн үйлчилгээ, мөн мэс засал хийлгэсний улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 2 790 925 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Баас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү гэж мэдүүлсэн,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04/1073 тоот албан бичгээр Б.М нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан зардлын төлбөрт гэмтлийн яаралтай тусламж 200 000 төгрөг, хацар ба чамархай-эрүү орчмын ил шархны мэс засалд 2 590 325 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтыг гаргажээ. 

 

Шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 2 790 925 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс 2 790 925 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 28.6 см урттай, ажлын хэсэг 16.4 см хэмжээтэй, ягаан өнгөтэй, цагаан өнгийн оруулга бүхий улаан резинэн бариултай 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.

 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Бт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.М нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс 2 790 925 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 10090020080 дугаарын дансанд оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 480 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН