| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын 1 дүгээр баг, 1-5 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОТ62041061, Хойд овогт Доржийн Энхээгийн, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.Энхээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай. Би 1982 онд Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийг төгсөж ирээд 1982 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Цагаантүнгэ бригадад бага эмчээр ажилласан. Улмаар 1985 оны 7 дугаар сараас Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт дүн бүртгэгч эмчээр ажиллах болсон. Түүнээс хойш 1989 оны 8 дугаар сар хүртэл тасралтгүй ажиллаж байгаад жирэмсний амралт авч ажлаас чөлөөлөгдсөн. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд томилогдсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 8 дугаар сар хүртэл дүн бүртгэгч бага эмчээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Б.Содном, Т.Янжиндулам нарыг гэрчээр асууж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.Энхээ нь 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 8 дугаар сар хүртэл Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт дүн бүртгэгч бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 214 дүгээр архивын лавлагаанд: Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын 1989 оны тушаалыг шүүн үзэхэд Дорж овогтой Энхээгийн жирэмсний амралт аваад эргэж ажилд томилогдсон тушаал гараагүй болно. Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.Энхээгийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна гэжээ. Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар Анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаалд: ...Бөхмөрөн сумын Цагаантүнгэ бригадын бага эмч Энхээг ажлаас нь чөлөөлж, Хархираагийн тэжээлийн аж ахуйн эмнэлэгт дүн бүртгэгчээр томилсугай гэжээ. Түүнчлэн Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаар Арга хэмжээ авах тухай тушаалд: ...Анхан шатны бүртгэлийн хөтлөлтийг сулруулж ажлын хариуцлага алдсан статистикч бага эмч Энхээг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1986 оны 19 дүгээр тогтоолын заалтыг үндэслэн 1987 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн 3 сарын хугацаагаар сар бүр цалингийн 25 хувиар суутгаж арга хэмжээ авсугай гэжээ. Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр Зарим ажилчдыг түр ажилд томилох тухай тушаалд: ...Б.Содномыг Наранбулагийн бага эмчээс чөлөөлж, Хархираа суманд Д.Энхээгийн оронд 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс томилсугай гэжээ. Нэхэмжлэгч нь 1989 онд Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлгийн ажилтнуудтай авахуулж байсан гэх гэрэл зураг хэрэгт авагдсан байна. Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Содном, Т.Янжиндулам нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Содном Миний бие нь 1989 оны 8 дугаар сараас 2007 он хүртэл Увс аймгийн Хархираа сумын Хүн эмнэлэг буюу Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт бага эмч, эрхлэгчээр ажиллаж байсан болно. Намайг тус газарт ажиллахаар очих үед Д.Энхээ нь Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт дүн бүртгэгч бага эмчээр ажиллаж байсан бөгөөд миний бие 1989 оны 8 дугаар сард Д.Энхээгээс бага эмчийн ажлыг хүлээж авч байсан юм. Тухайн үед Увс аймгийн Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлгийн эрхлэгчээр их эмч Р.Гэмгүй гэх хүн ажиллаж байсангэж, гэрч Т.Янжиндулам Миний бие нь 1989 оны 7 дугаар сараас 1990 оны 7 дугаар сар хүртэл Увс аймгийн Хархираа суманд лаборантаар ажиллаж байсан болно. Намайг тус суманд лаборантаар ажиллахаар болоход Д.Энхээ нь Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт дүн бүртгэгчээр ажиллаж байсан бөгөөд Д.Энхээ нь тус газарт 1989 оны 8 дугаар сар хүртэл ажилласан юм. Д.Энхээ нь намайг ажилд ороод 1 сар гаруй болж байхад жирэмсний амралтаа авч байсан бөгөөд Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт дахин ажиллаагүй ба түүний оронд бага эмч Содном ажиллахаар болж байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч нь 1989 онд Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлгийн ажилтнуудтай авахуулж байсан гэх гэрэл зургийг хэдэн онд авахуулсан, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байна. Түүнчлэн Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1985 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 175 дугаар Анагаах ухааны дээд, дунд сургууль төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаалд Д.Энхээг ажлаас нь чөлөөлж, Хархираагийн тэжээлийн аж ахуйн эмнэлэгт дүн бүртгэгчээр томилсугай гэх хэсгийг тушаалын бичвэрээс өөрөөр бичсэн, Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 101 дүгээр Зарим ажилчдыг түр ажилд томилох тухай тушаалд бичигдсэн Д.Энхээгийн нэр засвартай байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Харин нэхэмжлэгч Д.Энхээ нь 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт дүн бүртгэгч бага эмчээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаар Арга хэмжээ авах тухай тушаал, гэрч Б.Содном, Т.Янжиндулам нарын мэдүүлэг зэрэгнотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Д.Энхээгийн хүсэлтийг хангаж, түүний 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт дүн бүртгэгч бага эмчээр 4 жил 1 сар 20 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Хойд овогт Доржийн Энхээгийн 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хархираагийн тэжээлийн аж ахуйн Хүн эмнэлэгт дүн бүртгэгч бага эмчээр 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Энхээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |