Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/313

 

 

 

 

 

 

 

2022            4            27                                          313

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.УуГ,

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2205000001088 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, Төрийн банкинд харилцагчийн үйлчилгээний газрын мэдээлэл, үйлчилгээний ажилтан ажилтай, сард 1 300 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, 2-10 насны 2 хүүхдийн хамт, суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтий” нэртэй үйлчилгээний төвийн үүдэнд Л.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү “цавуу” цацаж, хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Энэ хэрэг болохоос өмнө 2015 оны 5 сард Л.Г намайг зодож, шүүхээр орж 1 сая төгрөгийн торгуулийн ял авч байсан. Намайг 5 удаа зодож байсан. Би хүүхдүүдээ бодоод тэр бүр цагдаад хандаж байгаагүй, өдрийг хүртэл хамт амьдарсан. Хэрэг гарах өдрийн өмнөх өдөр Л.Гын эх, эгч хоёр нь манай гэрт ирээд бага хүүхдийг маань Л.Гын хүүхэд биш гэж хэлсэн. Л.Г тэр өдөр гэрээсээ гараад утсаа авахгүй алга болсон. Тэгээд хороололд явж байгаад Л.Гтай таарсан ба бид хоёр маргалдан би халаасанд байсан гар утасны цэнэглэгчээ авч шидтэл халаасанд байсан цавуу хамт шидэгдэж, цацагдсан. Цавууг гутлаа наах гэж дэлгүүрээс аваад хувцасны халаасандаа хийсэн байсан. Би санаатайгаар цавуу шидэж, хохирогчийн биед гэмтэл учруулаагүй. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд Л.Г хүүхдээ өөр дээрээ авна гэсэн. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд Гын хүүхэд мөн гэсэн дүгнэлт гарсан.  Г бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Хохирогчоос уучлалт гуйж, мессеж бичсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байна. Хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлага гарвал хохирлыг төлнө. Хохирогч эмнэлэг дээр очиж нүдээ шингэнээр арчуулсан, эм  тариа аваагүй, эмчилгээ хийлгээгүй гэж хэлсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Г мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө миний бие Баянгол дүүргийн МҮИС-ийн урд талд байрлах “Молор” нэртэй газрын караокед найз Мишээл, Дашка нарын хамтаар үйлчлүүлсэн. 23 цагийн үед караокеноос гарах гээд үүд рүү явж байтал миний салсан хамтран амьдрагч Б ганцаараа ороод ирсэн. Би явлаа гэж хэлчхээд шатаар бууж байтал Б миний араас толгойны дагз хэсэг рүү шингэн зүйл цацчихаар нь гайхаад эргэж хараад “юу цацаад байгаа юм бэ” гэхэд Б амандаа юу гэж хэлсэн тодорхойгүй нэг зүйл хэлснээ миний нүүр лүү нэг шингэн зүйл цацсан. Цацсан шингэн зүйл нь миний баруун нүдний дээд, доод хэсэгт оносон бөгөөд тэр дороо миний дээд, доод зовхи наалдаад салахгүй байхаар нь Бийг миний нүд рүү цавуу цацчихлаа гэж мэдсэн.

Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаагүй бөгөөд надаас зардал мөнгө гараагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 17, 30, 51 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.А мэдүүлэхдээ:

...орой 00 цагийн орчимд гэртээ байж байтал Л.Г над руу залгаад “би улсын нэгдүгээр эмнэлэг дээр байна. Миний нүүр, толгой руу Б цавуу цацчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэгдүгээр эмнэлэг дээр очиход Л.Гын баруун нүдний ойр орчимд битүү цавуу болсон, арьс нь хуниралдаж үрчийсэн, зовхи нь хавдаж улайсан байсан гэжээ. (хэргийн 36 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 14ий өдрийн шинжээчийн 2799 дугаар дүгнэлтэд:

1. Л.Гын биед баруун нүдний зовхи, нүдний алимны салстын тархмал улайлт, баруун нүдний дээд, доод зовхины наалдац гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь химийн бодисын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5.6 Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

 

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Баягол дүүргийн 11 дүгээр хороо, Гандангийн автобусны буудлын ард талд байрлах Сэнтий гэх нэртэй зочид буудал, караоке үйлчилгээ явуулдаг 4 давхар барилга байв. Уг үйл явдал болсон гэх газрыг Л.Гаар заалгуулахад дээрээсээ 2 дахь шатыг заах ба уг шатанд цавуу байж болзошгүй өнгөгүй шингэн зүйл бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн ургаш харахад шатны доор буюу Л.Гын заасан цэгээс цаг урагш 4.10 метрт шар өнгийн татуургатай цагаан өнгийн цавууных байж болзошгүй таг байсныг 1 цэгээр тэмдэглэн эд мөрийн баримтаар түр хураан авав. Уг 1 цэгээс баруун тийш 3.80 метр, хойш 1.30 метрт цагаан өнгийн “3” болон ханз бичигтэй цавууны байж болзошгүй сав байх ба уг цэгийг 2 гэж тэмдэглэн тус савыг эд мөрийн баримтаар хураан авав гэжээ. (хэргийн 3 дугаар хуудас)

 

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Хохирогч Л.Г нь шаргал өнгийн үстэй малгайтай хүрэм өмссөн байх бөгөөд түүний дэргэд холбогдогч Б.Б нь хар өнгийн малгай, хүрэм өмссөн нүүрэн хэсэгтээ цэнхэр өнгийн амны хаалт /маск/ зүүсэн байдалтай байх ба хохирогч Л.Г нь Б.Бийг өөр лүү нь дөхөж ирэх үед өөрөөсөө холдуулан бие рүү нь түлхэж “миний үс бүх юм наалдчихлаа, гялс цагдаа дууд, миний нүд түлэгдээд хорсоод байна...” гэх яриа өгүүлэл гаргаж байх ба тус бичлэг нь нийт 5 минут 46 секунд үргэлжпэх бөгөөд Л.Г, Б.Б нар нь үргэлжлүүлэн маргалдаж буй дүрс бичлэг үргэлжилсээр бичлэг дуусав.

Хохирогч Л.Г нь шатаар буух үед Б.Б түүний араас ирж, баруун гартаа барьсан зүйлээ Л.Гын толгойн дээрээс тонгойлгож буй дүрс бичлэг байв гэжээ. (хэргийн 22-25 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 63 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтий” нэртэй үйлчилгээний төвийн үүдэнд Л.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр рүү “цавуу” цацаж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, нүдний алимны салстын тархмал улайлт, баруун нүдний дээд, доод зовхины наалдац бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Г, гэрч Л.А нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 2799 дугаар дүгнэлт, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь би халаасанд байсан гар утасны цэнэглэгчээ авч шидтэл халаасанд байсан цавуу хамт шидэгдэж, цацагдсан. Би санаатайгаар цавуу шидэж, хохирогчийн биед гэмтэл учруулаагүй гэж маргаж байх боловч

хохирогч Л.Гын Б.Б миний араас толгойны дагз хэсэг рүү шингэн зүйл цацчихаар нь гайхаад эргэж хараад “юу цацаад байгаа юм бэ” гэхэд Б амандаа юу гэж хэлсэн тодорхойгүй нэг зүйл хэлснээ миний нүүр лүү нэг шингэн зүйл цацсан. Цацсан шингэн зүйл нь миний баруун нүдний дээд, доод хэсэгт оносон бөгөөд тэр дороо миний дээд, доод зовхи наалдаад салахгүй байхаар нь Бийг миний нүд рүү цавуу цацчихлаа гэж мэдсэн, 

Л.Г шатаар буух үед Б.Б түүний араас ирж, баруу гартаа барьсан зүйлээ Л.Гын толгойн дээрээс тонгойлгож буй дүрс бичлэг байв гэсэн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар няцаагдаж байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд “би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаагүй бөгөөд надаас зардал мөнгө гараагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Л.Г нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, 

 цагаан өнгийн цавууны сав 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний 650 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Бт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Л.Г нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг си ди бичлэгийг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж, 

 цагаан өнгийн цавууны сав 1 ширхэгийг устгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН