Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 0032

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр                 Дугаар128/ШШ2020/0032                  Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн НдЗда,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн НдЗдын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/941  дугаар захирамжийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уэс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б” ХХК нь Нийслэлийн НдЗдын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 294 дүгээр захирамжаар Налайх дүүргийн /Бага баян орчимд/ 3 дугаар хороонд байрлах 230,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрх авсан билээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт “Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах эрхтэй” гэж зааснаар 2008 оны 08 дугаар сарын 04-ны өдөр “Б” ХХК нь өөрийн эзэмшлийн газраа “К” ХХК-д ашиглуулах зөвшөөрөл авах хүсэлт гаргасны дагуу НдЗдын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/391 тоот албан бичгээр зөвшөөрсөн хариу өгсөн байдаг. Ийнхүү тус зөвшөөрлийн үндсэн дээр “Б” ХХК нь“К” ХХК-тай хамтран тус газар дээр үйл ажиллагаа явуулж байна.

Гэтэл 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн НдЗда Ч.Р******* нь А/941 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсэгт “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харъяалалгуй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан ... газар эзэмших, ашиглах гэрээг цуцална ... ” гэж заасныг үндэслэн “Б” ХХК-ийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа манай компанийг 2017 оноос хойш татвараа төлөөгүй бөгөөд үүнийг цуцлах үндэслэл хэмээн үзэж байна. Гэвч Нийслэлийн НдЗда нь ийм үндэслэлээр газар эзэмших гэрчилгээг цуцлаагүй төдийгүй тус хариуцагч нь манай байгууллагыг татвараа цаг тухай бүрт нь төлж байгаа эсэхийг шалгах чиг үүрэгтэй биш болно.

Манай байгууллага нь Газрын тухай хуульд заасны дагуу НдЗдаас газар эзэмших эрхийн зөвшөөрөл авч, хүчин төгөлдөр үйлчилж буй шийдвэрийн үндсэн дээр газрыг хуулийн дагуу ашиглаж, хугацаандаа газрын төлбөр тооцоогоо хийсэн байхад НдЗда нь үндэслэлгүй шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн.

Дээрх Нийслэлийн НдЗдын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/941 дугаар захирамжийг манай байгууллагаас эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулахаар дээд шатны захиргааны байгууллага болох Нийслэлийн засаг даргад 2019 оны 05 сарын 29-ний өдөр гомдол гаргасан.

Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар “ гомдлыг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх эсхүл мөн хуулийн 94.4 дэх хэсэгт заасны дагуу “ захиргааны байгууллагаас шаардлагатай гэж үзвэл гомдол хянан шийдвэрлэх хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж ... гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэх үүрэгтэй атал өнөөдрийг хүртэл манай байгууллагад гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг сунгасан эсэх, хугацааг сунгаагүй бол хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар ч хариу ирүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд гомдлыг хянан шийдвэрлээгүй. Гэтэл энэ хугацаанд хариуцагчийн зүгээс манай тогийг таслах, газар чөлөөлүүлэх, бусад арга хэмжээ авахаар удаа дараа оролцож байх тул шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна.

... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа мэдэгдэл явуулаагүй амаар мэдэгдэж байсан гэж байна. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хамгаалж чадаагүй. Нотлох баримт шинжлэн судлахад 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Б” ХХК-ийн захирал н.Тунгалаг гэх хүн тооцоо нийлсэн акт үйлдэж газрын төлбөрийн байцаагч гэх хүн гарын үсэг зурсан байна. н.Тунгалагт ямар нэг мэдэгдэл өгөөгүй. Бүхэлд нь эсхүл хэсэгчлэн ашиглуулсан гэсэн үндэслэлээр цуцлаагүй. Шүүгч асуухад нүдэн баримжаагаар 23 га талбайгаас ашиглуулсан гэж цуцалсан гэж байна. Хууль зүйн үндэслэлгүй захирамжийг хамгаалах гэж ийм тайлбар гаргаж байна. “Б” ХХК нь НдЗдын 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/391 дүгээр албан бичгээр зөвшөөрөл авсан. Энэ зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт 5 үндэслэл заасан. Манай энэ тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах үндэслэл бүрдээгүй. НдЗдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч манай газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлээр цуцлаагүй.  Мөн НдЗдын зүгээс улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж байна. Манай газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх талаар газрын тухай хуульд зохицуулалт байхгүй. Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхээ барьцаалбал, газар эзэмших эрхээ шилжүүлбэл улсын бүртгэлд бүртгүүлнэ. Гэтэл НдЗдын зөвшөөрлийг улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн агуулгатай хариу тайлбар хэлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6 дахь хэсэгт Энэ хуульд зааснаар эрхийн гэрчилгээгээ бусдад барьцаалуулах шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. К ХХК нь гадаадын хуулийн этгээд биш. Монгол Улсад бүртгэгдсэн Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай. Тэгэхээр энэ компани газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсэгт заасан зохицуулалт хамааралгүй гэж үзэж байна. Гадаад улсын хуулийн этгээд гэж гадаад улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг хэлнэ. Гадаадын хуулийн этгээд, гадаад улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн талаар хууль зүйн ойлголт нь  Хөрөнгө оруулалтын тухай хуул болон, гадаадын хөрөнгө оруулалтын тухай хүчингүй болсон хуульд байгаа. Монгол Улсад үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг Монгол Улсын хуулийн этгээд гэж ойлгоно. Б ХХК-ийн хувьд Налайх дүүргийг Засаг даргаас авсан зөвшөөрлийн үндсэн дээр газар эзэмших эрхээ К ХХК-д зөвшөөрөлтэйгөөр ашиглуулсан. Энэ зөвшөөрөл нь одоогийн байдлаар хүчингүй болоогүй. Татварын асуудал нь манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлд хамааралгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “”Б ХХК нь 2007 онд үйлдвэр, худалдааны яамнаас 60 тоот зөвшөөрлөөр тэсрэх материал үйлдвэрлэх зөвшөөрөл авсан, тэсрэх материалын үйлдвэр барьж байгуулах 30 га газрыг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт “Б” ХХК-ийн тэсрэх материалын үйлдвэрийн урд олгож өгнө үү” гэж Налайх дүүргийн Газрын албанд өргөдөл гаргасан байдаг.

НдЗдын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 294 дугаар захирамжаар “Б” ХХК-д Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага баян орчимд 23 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмших эрх олгосон.

Гэвч тус компани тэсрэх материалын үйлдвэрлэлийн зориулалтаар олгосон газрыг зориулалтын дагуу эзэмшээгүй бөгөөд 2008 оноос өнөөг хүртэл Бүгд найрамдах Хятад ард улсын хөрөнгө оруулалттай “К” ХХК-д газрыг эзэмшүүлж, ашиглуулсаар ирсэн.

“К ” ХХК-нд газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдөр НдЗда Ш.Э*******аас авсан гэдэг боловч тус зөвшөөрлийг холбогдох хууль журмын дагуу олгоогүй гэж үзэж байна.

“Б” ХХК-нь 2008 онд дүүргийн засаг дарга Ш.Э-аас авсан зөвшөөрөл нь зарим хэсгийг ашиглуулахад татгалзах зүйлгүй гэж гарсан байдаг ч одоогийн байдлаар Хятадын хөрөнгө оруулалттай “К” ХХК-д 23 га газрыг бүхэлд нь ашиглуулж 100,000,000 /Нэг зуун сая төгрөг/-ний төлбөр авсан байна. Зөвшөөрөл авахдаа зарим нэг хэсгийн гэж авчаад бүхэлд нь ашиглуулсан байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Зөвшөөрөл авахдаа дараахь бичиг баримтыг бүрдүүлж зөвшөөрөл авах ёстой. Тодруулбал, Газрын харилцаа, геодези , зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.6-д “эзэмшил газраа бусдад ашиглуулах тухай өргөдлийг иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу өргөдөл гаргана”. Мөн журмын 3.4 дүгээр зүйлийн 3.4.3 дэх хэсэгт зааснаар “... эзэмшил газраа бусдад ашиглуулах тохиолдолд газар ; эзэмших эрхийн гэрчилгээ, талуудын иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газрын төлбөр төлсөн тухай баримтыг өргөдөлд хавсаргана” гэж заасан байдаг. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3.2-т зааснаар өргөдлийг дүүргийн Газрын алба хүлээн авч, өргөдөл , түүнд хавсаргасан материалуудыг шалгаж, материал дутуу , шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө, шаардлага хангасан бол өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэх ба өргөдөл бүртгэх өгөгдлийн сан байгаа тохиолдолд уг санд бүртгэх ба 5 дугаар зүйлийн 5.3, 5.4-д зааснаар өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийж, 6 дугаар зүйлд зааснаар хээрийн судалгаа хийж, 7.1 дүгээр зүйлд зааснаар дүүргийн Газрын алба нь тухайн шатны Засаг даргын шийдвэрийн төслийг боловсруулах ба 7.9-д зааснаар эзэмшил газрыг бусдад ашиглуулах албан бичгийн төсөлд зөвшөөрсөн хүчинтэй байх хугацааг тодорхой заасан байна гэжээ.

Гэвч тухайн үед “Б” ХХК нь эзэмшлийн газраа бусдад ашиглуулах тухай өргөдлийг Налайх дүүргийн Газрын албанд хандаж гаргаагүй, НдЗдад хандсан гэх өргөдөл нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын архивт байхгүй байна. Ийм учраас дүүргийн Газрын алба өргөдлийг хянаж, суурин болон хээрийн судалгаа хийж, шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл олгох ажиллагаа хийгдээгүй зөвшөөрөл олгосон нь хууль бус байсан.

Мөн маргаан бүхий асуудлаар болон өөр бусад асуудлаар Б ХХК-тай холбогдон удаа дараа шаардлага тавих гэтэл болдоггүй бөгөөд хариуцсан удирдлага тодорхойгүй байдаг.

Зөвшөөрөл олгохдоо түүний хүчинтэй байх хугацааг заагаагүй нь “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”ын 7 дугаар зүйлийн 7.9 дэх

хэсгийг зөрчсөн ба газрын “Б” ХХК нь 2008 оноос өдийг хүртэл хугацаагүйгээр “К” ХХК-д ашиглуулсан зөрчил гаргасан.

НдЗдын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/391 тоот албан бичгээр эзэмшил газрын зарим хэсгийг ашиглуулах зөвшөөрлийг Б ХХК-д эзэмшүүлж, ашиглуулж газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй.

Мөн дүүргийн Татварын хэлтэст “Б” ХХК нь 2017 оноос хойш татвараа төлөөгүй байна.

Ийм учраас НдЗда 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 141 дүгээр захирамжаар Монгол улсын Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсгийг үндэслэн “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Газраа зориулалтын дагуу эзэмшээгүй. Ашиг олох зорилгоор бусдад байнга ашиглуулж тогтмол орлого олж байсан. Ашиглуулж орлого олж байсан гэдгээ өөрсдөө зөвшөөрч байгаа. Тодорхой зориулалтын дагуу ашиглаад шаардлагатай үйлдвэрлэл явуулах хэсгийг өөр компанид ашиглуулахад татгалзахгүй гэж зөвшөөрөл олгосон. Зөвшөөрлийн хугацааг сунгасан зүйл байхгүй. Хэсэгчлэн ашиглуулах зөвшөөрөл олгосон боловч бүхэлд нь ашиглуулсан. Газар ашиглуулах тухай гэрээнд 23 га газрыг бүхэлд нь ашиглуулаад төлбөр авахаар заасан байна. Б ХХК нь газар эзэмшигчийн эрх үүргийг зохицуулаагүй. Нэмэлт журмуудаар нарийвчлан зохицуулж байгаа. Газар ашиглуулж байгаа тохиолдолд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна. Мөн ашиглуулсан бол зөвшөөрөл авч улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу татварыг тодорхойлж тайлагнаж төлөх ёстой. Төлөөгүй тохиолдолд газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлах, хохирлыг төлүүлэх зохицуулалт байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлснээрээ газрыг ашиглуулж байна гэдгээ мэдэгдэж олж байгаа орлогын хувь хэмжээгээр татвар төлнө. Бусдад газраа ашиглуулж байгаа тохиолдолд холбогдох хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Газар ашиглаж олсон орлогоо тайлагнах, хураамж төлөх үүргээ биелүүлэх ёстой.

... Гэрээгээр хүлээсэн болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн. Мэдэгдэл, шаардлага хүргүүлж арга хэмжээ авах гэхээр газар эзэмшигч, өв залгамжлагч тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. К ХХК-ийн захирал нь гадаад хүн байна. Гадаадын хөрөнгө оруулалттай гадаадын компанид газрыг ашиглуулсан. Б ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Газар ашиглуулж орлого олдог байж татвар төлөхгүй. Дандаа Х тайлан өгдөг. Газрыг орлого олох хэрэгсэл болгож хууль тогтоомж зөрчсөн тул Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... К ХХК дээр удаа дараа очиж байсан. Үйлдвэрийг хариуцаж байсан хүнд нь мэдэгдэж, шаардах хуудас өгч байсан. Зориулалтын дагуу ашиглаагүй. Манайд 2008 онд гаргасан хүсэлтэд тэсрэх материалын агуулгын зориулалтаар үйлдвэрлэл явуулна гэсэн. Гэтэл өөр зориулалтаар ашигласан. Манайхаас удаа дараа шаардаж байсан. 2008 оны дүүргийн Засаг даргын бичигт бүхэлд нь гэж заагаагүй. Хэсэгчлэн ашиглуулах зөвшөөрөл олгосон. Түүнээс хойш дахин зөвшөөрөл аваагүй. 2008 онд гаргасан хүсэлт нь манай архивт байхгүй” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн Нийслэлийн НдЗдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх шүүхэд хандаж “НдЗдын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/941 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээлгэх” тухай нэхэмжлэл гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “НдЗдын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/141 дугаар захирамжийг хүчингүй болгох”[1] гэж тодруулсан тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийн хянан хэлэлцэв.

Нийслэлийн НдЗдын 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 294 дүгээр захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, Бага баян орчимд 23 гар газрыг “Б” ХХК-д 15 жилийн хугацаагаар, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлжээ[2].

Улмаар НдЗдын 2019 оны 05 дугаар сарын 16-өдрийн А/141 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.9-т заасныг “Б” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий 230000 м.кв бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна[3].

 

“Б” ХХК нь 2010 болон 2017 оны “Гэрээ”-үүдийн дагуу өөрийн эзэмшлийн 23 га газрыг гадаадын хөрөнгө оруулалттай “К”[4] ХХК-д ашиглуулж байгаа нь хэрэгт авагдсан гэрээнүүд болон шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон ба нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй, харин “газар эзэмшигч нь хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авч гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсын хуулийн этгээдэд ашиглуулсан байхад хариуцагч нь уг зөвшөөрлийг цуцалсан аливаа шийдвэрийг гаргаагүй атлаа газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус” гэж маргасан.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “газар эзэмшигч нь газрыг зориулалтын дагуу ашиглах үүргээ зөрчсөний дээр ашиг олох зорилгоор эзэмшил газраа бүхэлд нь гадаадын хуулийн этгээдэд ашиглуулсан, гэрээнд заасан газраа бусдад ашиглуулсан бол улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, газраа ашиглуулж олсон орлогоосоо татвар төлөөгүй, түүнчлэн уг газрын гадаадын хуулийн этгээдэд ашиглуулах зөвшөөрөл авахдаа гаргасан хүсэлт нь олдоогүй тул зөвшөөрөл нь бус” гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д ““газар ашиглах эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 44 дүгээр зүйлийн 44.9-т “Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл, газар эзэмшигч нь шийдвэр гаргасан эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраа гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд ашиглуулсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан гэж үзэхээр байх тул газар эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан боловч гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд өөрийн эзэмшил газрыг гэрээний үндсэн ашиглуулах бол эрх бүхий этгээдээс урьдчилан зөвшөөрөл авсан байх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалтын дагуу гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь Монгол улсад газар ашиглах эрхийн гэрчилгээний үндсэн дээрх газрыг ашиглах боломжтой байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаарх “гадаадын хуулийн этгээдэд ашиглуулсан” гэсэн үндэслэл нь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд мөн хамаарна.

Мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж заасан нь гадаадын төдийгүй, Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд хамааралтай байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “манай газрыг ашиглаж буй “К” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай боловч Монгол улсын хуулийн этгээд тул гэрээ хууль тогтоомжид нийцсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гадаадын хуулийн этгээдэд эзэмшил газраа ашиглуулсан” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

 

Гэвч НдЗдын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/391 дугаартай албан бичигт “Танай компаниас гаргасан хүсэлтийн дагуу гадаадын хөрөнгө оруулалттай “К” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байгууллагын зүгээс зөвшөөрөлтэй газрын зарим хэсгийг ашиглуулахад татгалзах зүйлгүй”[5] гэсэн байх тул  “Б” ХХК нь өөрийн эзэмшил газраа шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр гадаадын хуулийн этгээдэд ашиглуулсан гэж үзэхээргүй байжээ. Учир нь:

НдЗдын 2008 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/391 дугаартай албан бичгээр газар эзэмшигчид олгосон зөвшөөрөл болон “Б” ХХК-д газар эзэмших эрх олгосон тус дүүргийн Засаг даргын 2008 оны 294 дүгээр захирамжууд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актууд болох тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх ба хариуцагч нь газар эзэмшигчид олгосон “эзэмшил газрын зарим хэсгийг бусдад ашиглуулах” зөвшөөрөлдөө хугацаа заагаагүй, түүнчлэн уг зөвшөөрлийг цуцалсан, цуцлахаар мэдэгдсэн, түүнчлэн газар эзэмшигч нь “эзэмшил газраа бусдад ашиглуулах гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлэх талаар шаардсан аливаа шийдвэр, мэдэгдлийг шүүхэд гаргаж ирүүлээгүй атлаа “уг зөвшөөрлийг авахдаа ямар хүсэлт гаргасан нь тодорхойгүй, зөвшөөрлийн хууль бусаар авсан гэх үндэслэлтэй” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Зүй нь хариуцагч НдЗда нь маргаан бүхий актыг “шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр эзэмшил газраа гадаадын хуулийн этгээдэд ашиглуулсан” гэсэн үндэслэлээр гаргах тохиолдолд өмнө олгосон зөвшөөрөл цуцлагдсан, өөр байдлаар хүчингүй болсон байх шаардлагатай байжээ.

Мөн газар эзэмшигч нь “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-гээр хүлээсэн эзэмшлийн газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулсан тухай улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрх нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавих этгээдэд, харин олгосон зөвшөөрлөө цуцлах эрх хэмжээ нь уг зөвшөөрлийг анх олгосон этгээдэд тус тус хадгалагдаж байхад захиргаа нь энэхүү эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүй атлаа “...1/391 тоот албан бичигт дурьдсан хүсэлт нь манай архивт хадгалагдаагүй” гэх газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаанаар өмнө олгосон зөвшөөрлөө үгүйсгэж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар эзэмшихэд шударга ёсыг хангах” зарчимд нийцэхгүй байна.

Дээрхээс үзвэл, Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын хуулийн этгээдэд газар ашиглуулсан гэсэн үндэслэлээр гаргасан маргаан бүхий А/141 дүгээр захирамж нь газар эзэмшигчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх заалтаар “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах эрх”-ийг үгүйсгэсэн хууль бус шийдвэр болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “нэхэмжлэгч хуулийн этгээд нь газраа бусад ашиглуулах гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх, түүнчлэн анх олгосон зориулалтын дагуу эзэмшээгүй, мөн эрх бүхий этгээдээс газрыг бүхэлд нь бус хэсэгчлэн эзэмшүүлэхийг зөвшөөрсөн байхад бүхэлд нь гадаадын хуулийн этгээдэд ашиглуулсан” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь газар эзэмшигчээс “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г удаа дараа буюу ноцтой зөрчсөн эсэхийг дүгнэхэд хамааралтай байх тул маргааны тохиолдолд буюу “...зөвшөөрөлгүйгээр гадаадын хуулийн этгээдэд ашиглуулсан” гэсэн үндэслэлээр гарсан маргаан бүхий А/141 дүгээр захирамжийн үндэслэлд хамааралгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй  ““Б” ХХК нь 2017 оноос хойш татвараа төлөөгүй” гэх үндэслэл нь “газраа ашиглуулж олсон орлогоосоо татвар төлсөн эсэхийг шалгах татварын улсын байцаагчийн эрх хэмжээнд хамаарахаас бус газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж буй “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд тодорхойгүй, олддоггүй, дуудаад ирдэггүй” гэсэн тайлбарууд нь захиргааны байгууллагаас холбогдох шийдвэр гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд захиргааны байгууллагаас шийдвэр гаргахтай холбоотой эдгээр ажиллагааг хийсэн болохыг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байхад хангалттай ба нэхэмжлэгчээс энэхүү үндэслэлээр маргаагүйг тэмдэглэв.

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нийслэлийн НдЗдад холбогдуулан гаргасан “НдЗдын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/141 дугаар захирамжийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж нийслэлийн НдЗдын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/141 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 162 дахь талд

[2] Хавтаст хэргийн 57 дахь талд

[3] Хавтаст хэргийн 82 дахь талд

[4] Хавтаст хэргийн 47 дахь талд

[5] Хавтаст хэргийн 80 дахь талд