Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1051

 

 

Х.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          прокурор Б.Буяндэлгэр,

          хохирогч П.Н,

          шүүгдэгч Х.Л, түүний өмгөөлөгч Д.Оюунбаатар,

          нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,    

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч Б.Байгалмаа, А.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай эсэргүүцэл болон хохирогч П.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Х.Л-д холбогдох 1704 0009 70064 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Х-ын Л, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Аи Тей” авто сургуульд жолооны дадлагын багш ажилтай байсан, ам бүл 1, .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../;

 

Х.Л нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20.00 цагийн орчим, Багануур дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших хатуу хучилттай зам дээр иргэн П.Бямбацэцэгийн эзэмшлийн ......... улсын дугаартай, “Тоёота Платз” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан, хамтран амьдрагч П.Н-тэй маргалдан, улмаар “хамт үхнэ” гэж тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгалд орох үйлдэл хийхдээ замын хажуу хэсэг рүү онхолдож унасны улмаас хохирогч П.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: Х.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч П.Н-ийн биед хүнд хохирол учирсан нь тогтоогдож байх боловч Х.Л нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасныг шалгаж, хийвэл зохих ажиллагааг хийгээгүй байна.

Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Л-гийн “Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хамтран амьдрагч П.Н-т хүч хэрэглэсэн асуудлаар шалгагдаж байгаад яллагдагчаар татагдсан” гэсэн мэдүүлэгтэй нь холбогдуулан хохирогч болон түүний өмгөөлөгчийн мэдүүлэг тайлбарт дурдсан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, энэ төрлийн хэргийг нэгтгэх шаардлагатай эсэхэд анхаарч зохих ажиллагааг хийх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын явцад энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Шүүх хэргийн нөхцөл байдал болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтын хүрээнд Х.Л-г "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлоогүй байна гэж дүгнэн, мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л-д холбогдуулан үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж, Х.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, Х.Л-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхээс Х.Л-д холбогдох үйлдлийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй”, “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн, ноцтой зөрүүтэй” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

1. Шүүхээс “... Х.Л нь зам тээврийн осол гаргасан болох нь харагдаж байна. ...” гэж дүгнэсэн боловч Х.Л-г “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлоогүй” гэх үндэслэл, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ цагаатгах тогтоолд огт дурдаагүй байна.

2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь ихэвчлэн болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Харин яллагдагч Х.Л- нь тухайн цаг хугацаанд хамтран амьдрагч П.Н-ийг бусадтай хардаж, уурласны улмаас түүнийг зориудаар гэмтээх зорилгоор өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг нэмж, санаатайгаар эсрэг урсгалд орж, улмаар өөрийн урсгалд буцаж орохдоо замын хажуу руу онхолдож унасны улмаас хохирогч П.Н-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, түүнийг гэмтээх гэсэн шууд санаатай үйлдэл хийсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Н-ийн “... Х.Л-гийн яриа нь өөрчлөгдөөд “Чи ер нь суух юм уу /надтай/ нэг бол өөр хүнтэй суух гээд байгаа юм уу, чи ер нь одоо суух, суухгүй гэдгээ хэл гэхээр нь би “Бодож байж болно” гэхэд Х.Л- тэгвэл “Хамт үхнэ” гэж хэлээд жолоодож явсан автомашиныхаа хурдыг нэмэхээр нь би “Болиоч” гэхэд “Чамайг ална, хамт үхнэ” гээд дахин автомашиныхаа хурдыг нэмээд шулуун замд ороод сөрөг урсгал руу буюу жолооны хүрдээ над руу дарж, замын голын цагаан зураасны зүүн гар талд ороод маш хурдтай явж байгаад нүд ирмэхийн зуур автомашин онхолдсон. ...” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар Х.Л- нь өөрийн үйлдэлдээ санаатай хандсан нь нотлогдсон болно. /хх 77-79/,

3. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Л-гийн “Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хамтран амьдрагч П.Н-т хүч хэрэглэсэн асуудлаар шалгагдаж байгаад сая яллагдагчаар татагдсан” гэсэн мэдүүлэгтэй нь холбогдуулан хохирогч болон түүний өмгөөлөгчийн мэдүүлэг тайлбарт дурдсан гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, энэ төрлийн хэргийг нэгтгэх шаардлагатай эсэхэд анхаарч зохих ажиллагааг хийх шаардлагатай байна гэж тус цагаатгах тогтоолд дурджээ. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж заасан байх бөгөөд яллагдагч Х.Л-г Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хамтран амьдрагч П.Н-т хүч хэрэглэсэн асуудлаар шалгагдаж, яллагдагчаар татагдсан талаарх баримт хэрэгт байхгүй, хэргийг нэгтгэн шалгах үндэслэлгүй байна.

Тус дүүргийн прокурорын газраас 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Х.Л-д холбогдох эрүүгийн 1704 0009 70064 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх тухайн цаг хугацаанд Тайж овгийн Халтарын Лхагвасүрэнд /РД:ИЭ70121519/ холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулж байгаа хэргийн талаарх мэдээлэл прокурорын байгууллагын цахим бүртгэлд бүртгэгдээгүй байсан бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Х.Л-д холбогдох хэргүүдийг нэгтгэн шалгуулах талаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргаж байсан болно.

Мөн Х.Л-д холбогдуулан шалгасан хэргүүд нь Эрүүгийн хуулийн өөр зүйл, хэсгүүдэд зааснаар мөрдөн байцаалт явуулсан байх бөгөөд хэргийг нэгтгэн шалгах шаардлагагүй, тус тусад нь шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд хэргүүдийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулаагүй нь Х.Л-гийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Л-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн зүйлийн 1.3-т зааснаар “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгдэгч Х.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. ...” гэв.

 

Хохирогч П.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Л-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, цагаатгасныг эс зөвшөөрч байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн хурдыг зориудаар нэмж, сөрөг урсгал руу орж, буцаж өөрийн урсгал руу орох үйлдэл хийхдээ замын хажуу руу орж онхолдсоны улмаас миний биед хүнд хохирол учруулсан нь нотлогдсоор байхад уг хэргийг зам тээврийн хэрэг гэж хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдэл нь намайг хохироох гэсэн шууд санаатай үйлдэл байсан бөгөөд уг санаатай үйлдэл нь намайг хохироох, улмаар миний амь насанд халдах гэсэн санаатай үйлдэл болох нь нотлогдсоор байхад болгоомжгүй байдлаар үйлдэгддэг зам тээврийн осол гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2. Уг гэмт хэргийн улмаас миний биед хүнд хохирол учирч, нүүр, нүд маань засаршгүй байдлаар гэмтэл авч, удаа дараа Бүгд Найрамдах Солонгос улсад нүд, нүүрний мэс засалд орж, бие махбод болон эд материалын хувьд маш их хохирол амссан бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэлд огт дүгнэлт хийхгүй, гэмшихгүй, хохирол огт төлөөгүй байхад шүүх эрүүл мэндээрээ хохирсон намайг улам хохироож, шүүгдэгчийг цагаатгаж байгааг ойлгохгүй байна. Миний бие нь хохирсон дээрээ нэмж хохирмооргүй байх бөгөөд өөрт бодитоор учирсан хохирлоо гаргуулж байна. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

3. Миний бие шүүгч Б.Байгалмаад хандан урьдчилсан хэлэлцүүлэг хийхээс өмнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа шүүгдэгч Х.Л-д холбогдох эрүүгийн хэрэгтээ нэгтгэж шалгуулах хүсэлт гаргасан боловч шүүгч хэргийг нэгтгэх шаардлагагүй гэж дүгнэсэн. Мөн прокурор хуралдаанд санал гаргахдаа нэгтгэх шаардлагагүй гэж үзсэн байдаг. Энэ нь процессын алдаа гарснаар би эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Учир нь, нэг этгээд намайг заналхийлж явсаар одоогийн үр дагавар бий болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд зааснаар нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь хохирогчийн ашиг сонирхол, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байхад шүүгч нэгтгэн шалгах шаардлагагүй гэж үзэж байгаа нь үйл явдлыг ойлгохгүй, санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг зам тээврийн осол гэж дүгнэж байгаа нь миний эрүүл мэндэд санаатай албан тушаалаа ашиглан саад учруулж байгаад гомдолтой байна.

2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсаас Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Оюунбатад мөн хэргийг нэгтгэн шалгуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс ерөнхий шүүгч оролцох эрхгүй гэдэг. Үүний цаана миний эрүүл мэндийн асуудал байгаа гэдгийг олж харахгүй байна. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа нэг этгээдийн заналхийлсэн үйлдэл явсаар одоогийн үр дагаварт хүргэснийг олгохгүй, цагаатгах тогтоолыг гаргасан. Мөн шүүгч Б.Байгалмаагаас татгалзах хүсэлтээ гаргасан боловч хүлээж аваагүй. Хэргийг нэгтгэх хүсэлтээ прокурорт 2 удаа, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 3 удаа гаргахад нэгтгэх шаардлагагүй гэж үзэж, нэг этгээдийн үйлдсэн хэргийн үргэлжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, нэг талыг баримталсан, хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Л-гийн өмгөөлөгч Д.Оюунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Х.Л-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд”, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтад анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж дүгнээгүй, зөв үнэлж чадаагүй байна.

 

Шүүхээс Х.Л-д холбогдох үйлдлийг нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудын талаар няцаалт хийсэн дүгнэлтүүдийг цагаатгах тогтоолд дурдаагүй байна.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон хохирогч П.Н-ийн гаргасан давж заалдах гомдол тус тус үндэслэлтэй байх тул хүлээн авч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 132 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Л-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Х.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                              Н.БАТСАЙХАН

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ