Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0452

 

2014 оны 11 сарын 27 өдөр                    Дугаар 452    Улаанбаатар хот

"И" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч

Э.С, гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Ц.С нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн захирал Л.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үнэлгээний хорооноос манай компанийг 6 сар тутам эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах хугацааг баримтлаагүй, үнэлгээний үеийн хоолны амт чанар сул байсан зэрэг үндэслэлээр сонгон шалгаруулалтад зохих оноог тавиагүй, илтэд хууль бусаар бага оноо өгсөн тул гомдолтой байна. Иймд, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад “М” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Үнэлгээний хороо шүүхэд гаргасан тайлбартаа: Бид тендерийг үнэлэхдээ онц чухал, онц чухал биш гэдэг дээр анхаарч үнэлсэн. Онц чухал гэдэг дээр хоолны амт чанар, эрүүл ахуйн талыг нь харсан. Эцсийн байдлаар дүгнэлт гаргахдаа амт чанар, эрүүл ахуйн тал дээр нь анхаарч дүгнэлтээ гаргасан. “И” ХХК нь нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч байгууллагын ажилтнууд нь Эрүүл

мэндийн сайдын 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан "Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журам"-ын 3.1-т заасны дагуу 6 сар тутам эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой хугацааг баримтлаагүй, тендер зарласнаас хойш шинжилгээнд хамрагдсан. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Ц.С шүүхэд гаргасан тайлбартаа: Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 2006 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийн 1.2, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаар тушаалын 8 дугаар заалтыг, хоолны газрын нийтлэг журмын 7.1 "хоолны газрын үйлдвэрлэл, үйлчилгээг шууд гардаж хийж явуулах зохион байгуулагч, тогооч, нарийн боовчин, зөөгч эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэртэй байна" гэсэн шаардлагыг биелүүлээгүй. Мөн захиалагчийн тавьсан шаардлага, үнэлгээний хорооны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан нь хууль зөрчсөн нийтийн эрх ашгийн эсрэг үйлдэл гэж ойлгож байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 28 дугаар зүйлийн 28.11, 33 дугаар зүйлийн 33.2.2, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7, 47.8. тус тус баримтлан “И” ХХК-ийн 1 дүгээр сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад “М” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Үнэлгээний хороо “И” ХХК, “М” ХХК-иудын тендерийн баримт бичигт хавсаргасан тухайн үед ажиллах ажилчдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбарыг харьцуулан үзэж Эрүүл мэндийн сайдын 2013 оны 212 дугаар тушаалаар батлагдсан "Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журам"-ын 3.1-д заасан ажил үйлчилгээг эрхлэхийн өмнө болон цаашид 6 сар тутам урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах нөхцөл шаардлагыг үндэслэн үнэлгээ өгснийг буруутгах боломжгүй юм гэж дүгнэснээс үзэхэд:

Үнэлгээний хороо 2014-2015 оны хичээлийн жилийн "Үдийн цай" хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг хийхдээ 2013-2014 оны хичээлийн жилийн эрүүл мэндийн шинжилгээ өгч байсан эсэхэд үнэлгээ өгч тендерийг шалгаруулсан нь ойлгомжгүй

байна.

Эрүүл мэндийн шинжилгээ бол цаг хугацаагаар тодорхойлогддог бөгөөд 2013 оны 212 дугаар тушаалаар батлагдсан журам тухайн цаг үедээ биеллээ олж хэрэгжихээр зохицуулагдсан журам юм.

“И” ХХК-ийн тендерийн материалд 5 ажилтан 2014 оны 05 дугаар сард эрүүл мэндийн шинжилгээнд орж эрүүл гэдгээ баталгаажуулсан харин “М” ХХК-ийн тендерийн материалд 8 ажилтан 2014 оны 02 дугаар сараас 5 дугаар сарын хооронд эрүүл мэндийн шинжилгээнд орсон байх ба эрүүл эсэхийг баталгаажуулаагүй байхад “И” ХХК-ийг тендерт зориуд бага оноо өгснийг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

“М” ХХК-ийн 3 ажилтан 2014 оны 02 дугаар сард эрүүл мэндийн шинжилгээнд орсон байна гэдгээр тус компанийг илүү сайн гэж үнэлсэн нь 2014-2015 оны хичээлийн жилийн үдийн цайны сонгон шалгаруулалтад ямар ч ач холбогдолгүй бөгөөд дээрх журмын заалтад нийцэхгүй байна.

Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа 4.1-ийн1 2-т компанийн танилцуулга тусгай зөвшөөрөл буюу 2.1-д Онцгой байдлын газрын зөвшөөрөл, 2.2-т ЦЭХ-шугам сүлжээний зөвшөөрөл, 2.3-т халаалт, цэвэр, бохир усны зөвшөөрлүүдийг шаардлагыг тавьсан зааварчилгааны агуулга, ач холбогдол нь "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулах компанийн өөрийн байрны дээрх зөвшөөрлүүд биш харин үдийн цайг бэлтгэн нийлүүлэх газар болох тухайн сургуулийн аюулгүй ажиллагааны байдлыг тодорхойлох зорилготойгоос үзэхэд тухайн тендерт өрсөлдөгч компаниудын өөрийн ажлын байрны зохих зөвшөөрлүүд энэ сонгон шалгаруулалтад төдийлөн нөлөөлөхгүй нь ойлгомжтой юм.

Шүүх “М” ХХК-д олгосон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт тамгагүй байгаа нь гуравдагч этгээдийн буруутай ажиллагаа биш гэдгийнхээ үндэслэлийг тайлбарлах ёстой байсан. Тэгвэл нэхэмжлэгч “И” ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт тамгатай байгаа нь зөв биш гэж үнэлсэн мэтээр харагдаж байгаа, энэ тайлбаргүй дүгнэлтээр зөвхөн гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хамгаалахыг хичээсэн мэт үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

“М” ХХК нь "Үдийн цай" хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Засгийн газрын 106 дугаар тогтоолыг зөрчиж нэг хүүхдийн хоолны зардлыг 590 төгрөгөөр санал болгосон нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэйг зөрчсөн, сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөөгүй, хууль бусаар давуу байдал тогтоохыг хичээсэн мөн "Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа,

 

ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн "хариуцлагатай байх" гэсэн зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан бараа ажил үйлчилгээний хамрах хүрээ чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэхүйц санал нь тендерээс татгалзах үндэслэл болно.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжпэгч “И” ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын Үнэлгээний хороонд холбогдуулан “М” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Үнэлгээний хороо нь “хоолны амт, чанар сул байсан, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хугацааг баримтлаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг тендерт шалгаруулаагүй байна. Энэхүү үндэслэл тус бүрийг хянаж үзэхэд:

  1. “хоолны амт, чанарыг сул байсан” гэх тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-д зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд уг эрхийнхээ хүрээнд тендерийг үнэлсэн байна.

Захиргааны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 -д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр хууль зөрчсөн эсэхийг шалгах болохоос, захиргааны байгууллагын эрх хэмжээнийхээ дотор шийдвэрлэсэн асуудал болох хоолны амт, чанарын талаар үнэлж, дүгнэсэн байдлыг буруу, зөв хэмээн шийдвэрлэх эрхгүй болно. Өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо хуульд заасан журмын дагуу тендерийг үнэлсэн, тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

  1. “Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хугацааг баримтлаагүй” гэх тухайд:

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7-т зааснаар хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, түүгээр үйлчилгээ үзүүлж, биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт тогтмол оруулах үүрэгтэй байна.

Мөн Эрүүл мэндийн сайдын 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн "Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, хүүхдийн байгууллагын ажилтанд тавих эрүүл мэндийн шаардлага, үзлэгт хамруулах журам"-ын 3.1-д хүүхдийн үйлчилгээний байгууллагын ажилчид 6 сар тутам эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой гэж заажээ.

“И” ХХК-ийн 6 ажилтнаас эрүүл мэндийн шинжилгээнд Д.Д 2014

 

//*

оны 05 дугаар сарын 21-нд, М.А 2014 оны 04 дүгээр сарын 30-нд хамрагдаж бусад ажилчид нь шинжилгээнд хамрагдсан талаар баримт байхгүй байна. Харин “М” ХХК-ийн 8 ажилтнаас 5 ажилтан болох Б.А 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, Б.Олонбаяр 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, Б.Л 2013 онд, Ц.Н 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, Н.Ц 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эрүүл мэндийн шинжилгээ болон бусад шинжилгээнд хамрагдсан байна.

Үнэлгээний хороо эрүүл мэндийн шинжилгээ өгсөн ажилтны тоо, шинжилгээнд хамрагдсан байдлыг харгалзан “М” ХХК-ийг “илүү шаардлага хангасан” гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

  1. ““Үдийн цай" хөтөлбөрийн зардалд 590 төгрөгийн үнэ санал болгосон нь хууль зөрчиж байна” гэх гомдлын тухайд:

Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 106 дугаар тогтоолд 1 хүүхдийн “үдийн цайны” зардал 600 төгрөг байхаар заажээ. “М” ХХК 1 хүүхдийн “үдийн цай” хөтөлбөрийн зардалд 590 төгрөгийн үнэ санал болгосон байна. Үнэлгээний хорооноос тендерт оролцсон компаниудын хоолны амт, чанар болон эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдлыг гол ач холбогдол болгон дүгнэж, тендерийг шалгаруулсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь “хамгийн бага үнийн санал өгсөн” гэдгээр хуулийг этгээдийг шалгаруулаагүй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах, улмаар нэхэмжлэлийг хангах нь хууль зүйн үндэслэлгүй.

  1. Гуравдагч этгээдийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт тамгагүй байгаа нь тендерээс хасах нөхцөл бүрдсэн” гэх гомдлын тухайд:

Тендерт оролцогчдоос Үнэлгээний хороонд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй” гэсэн утгатай тодорхойлолт гаргуулж, тендерийн материалд хавсаргасан байх ба гуравдагч этгээдийн тодорхойлолтод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тамга дараагүй байна.

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 болон Монгол Улсын Сангийн яамны 2012 оны 12 дугаар сарын 28-ны 301 дүгээр тушаалын 1.2-т зааснаар тендер хүлээн авах, тендерийн үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийг олж авах, судлан шалгах эрхтэй. Энэ хүрээнд Үнэлгээний хороо уг тодорхойлолтыг шалган судалж, холбогдох байгууллагаас үнэн зөвийг тодруулж дүгнэлт өгсөн тул гомдол үндэслэлгүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87

 

дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

ШҮҮГЧ

ШҮҮГЧ

 

Э.ЗОРИГТБААТАР

Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ

 

П.СОЁЛ-ЭРДЭНЭ