Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/417

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

хохирогч, шүүгдэгч У.Т,

хохирогч, шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г овогт У-ийн Т, Х овогт Б-ы Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000467 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ... ХХК-нд ээлжийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, эцгийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байр ... тоотод оршин суух хаягтай, урьд

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, Г овогт У-ийн Т (РД:...);

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, .... ХХК-нд савлагааны оёдолчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо ... тоотод тоотод оршин суух хаягтай, урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Х овогт Б-ы Д (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Т, шүүгдэгч Б.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар шүүгдэгч У.Т-ийн үйлдлээс  нь хохирогч Б.Д-ийн эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт шарх, доод зовхинд зулгаралт, зүүн чихэнд шарх, цус хуралт, хамарт цус хуралт, зулгаралт, зулайн хуйх, зүүн чихэнд шарх, цус хуралт, хамарт цус хуралт, зулгаралт, зулайн хуйх, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Д-ийн үйлдлээс У.Т-ийн  эрүүл мэндэд нь “хамрын нурууны хугарал, зүүн ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн зовхины цус хуралт, хацрын баруун шонтонгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Д-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал), хохирогч У.Т-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3009 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3657 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал), шүүгдэгч У.Т, Б.Д нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47, 48 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарууд (хавтаст хэргийн 55, 74 дэх тал), шүүгдэгч У.Т-ын тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 57 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 59 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), Хас банкны дансны хуулга (хавтаст хэргийн 62-63 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 52 дахь тал), шүүгдэгч Б.Дийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 78 дах тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 80 дахь тал), Хас банкны дансны хуулга (хавтаст хэргийн 81-91 дэх тал), У.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал), Б.Дийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Т, Б.Д нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, харилцан зодолдож шүүгдэгч У.Т нь хохирогч Б.Д-ийн нүүр лүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт шарх, доод зовхинд зулгаралт, зүүн чихэнд шарх, цус хуралт, хамарт цус хуралт, зулгаралт, зулайн хуйх, зүүн чихэнд шарх, цус хуралт, хамарт цус хуралт, зулгаралт, зулайн хуйх, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Д нь хохирогч У.Т-ын нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамрын нурууны хугарал, зүүн ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн зовхины цус хуралт, хацрын баруун шонтонгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Б.Д-ийн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын ахын байшингийн найр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд болоод ажлын хүмүүсийн хамт очиж найрлаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай ээлжийн ахлах Т согтоод хүн болгон руу агсраад байхаар нь би “та боль, айлын найран дээр ирчхээд” гэж хэлэхэд үг авахгүй байсан. Ажлын хүмүүсийг зодно гээд байхаар нь “та боль” гэж хэлэхэд чи надтай юм ярих гээд байгаа юм уу гэж Т ах гэрээс гараад намайг гэрээс гараад ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад очтол би 19-н атаман хоёулаа сайхан зодолдъё гэж хэлээд миний нүүрэн тус газар мангастайд хавсарч унагаасан. Би гараараа тулж унаад босож ирэхэд Т ах миний толгойн зүүн талын чих рүү цохиод авахаар нь миний уур хүрээд урдаас нь зодолдсон. Удалгүй ажлын хүн Т, Б нар ирж салгахад Т ах “чамайг ажилгүй болгоно” гэж хэлээд цагдаа дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 3009 дугаартай: “...Б.Д-ийн биед тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт шарх, доод зовхинд зулгаралт, зүүн шанаанд зулгаралт, зүүн чихэнд шарх, цус хуралт, хамарт цус хуралт, зулгаралт, зулайн хуйх, зүүн чамархайн хуйх, баруун, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

3. Хохирогч У.Т-ын: “...Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед манай ажлын хүний байшингийн найр болоод Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж найр дээр сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 15 цагийн үед найр тарж, хашааны гадна Савлагааны ахлах Б хүү ажилчидтайгаа маргалдаад байхаар дундуур нь ороод салгах гэж байгаад Доржтой маргалдсан. Тэгтэл Дорж намайг унагааж байгаад миний нүүр тус газар 3-4 удаа өшиглөсөн. Тэгтэл Б, Төрболд нар салгасан. Тэгээд би цагдаа дуудсан. Би нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3657 дугаартай: “...У.Т-д хамрын нурууны хугарал, зүүн ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн зовхинд цус хуралт, хацрын баруун шонтонгийн зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

5. Б.Д-ийн яллагдагчаар өгсөн: “...Би хамт ажилладаг У.Т-тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд уг асуудал болсон, өөр хэн нэгэн оролцсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

6. У.Т-ын яллагдагчаар өгсөн: “...Би хамт ажилладаг Б.Д-той маргалдаж харилцан зодолдож биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч У.Т, Б.Д нар нь айлын найранд уригдан очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдан харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг тус зүйл ангиар гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хохирол төлбөрийн тухай: Хохирогч У.Т, Б.Д нар нь харилцан бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч У.Т, Б.Д нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Эрдэнэ нь У.Т, Б.Д нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, тэдгээрт оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) У.Т, Б.Д нарт танилцуулсан байх ба тэдгээр нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч У.Т, Б.Д нар нь харилцан бие биеэсээ хохирол нэхэмжлээгүй буюу бие биедээ төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд, Таван толгой түлш ХХК-нд ажилладаг, орлоготойг илэрхийлсэн баримтууд тус тус авагдсан байх тул прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн хувийн байдал, орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч У.Т, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч У.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт У-ийн Т, Х овогт Б-ы Д тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т, шүүгдэгч Б.Д тус бүрд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т, Б.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т, Б.Д нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч У.Т, Б.Д нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.АЛТАНЦЭЦЭГ