Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/399

 

 

 

 

 

 

  2022         03          17                                   2022/ШЦТ/399

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Г-ын П-д холбогдох эрүүгийн 2106 03383 0620 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, Номтын 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 00 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Т овогт Г-ын П.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.П нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4-1а тоотод иргэн Ч.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн зулайн хуйх, зүүн хөмсөгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Ч.Энхтүвшиний өгсөн мэдүүлэг /хх-13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10128 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-32-33/, Г.П-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-46/, Г.П-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/, Г.П-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.П-ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4-1а тоотод иргэн Ч.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн зулайн хуйх, зүүн хөмсөгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Энхтүвшиний өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4-1 a тоот болох гэртээ байж байтал манай танил эгч болох Пүрэвдулам эгч нөхөртэйгөө манай гэрт ирээд бид хэд архи, пиво уусан. Уугаад байж байтал Пүрэвдулам эгч согтоод намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Пүрэвдулам эгч босож ирээд миний шүд рүү 1 удаа цохиод толгой руу 2 удаа модоор цохисон...миний үүдэн шүд хугарсан, зүүн талын хөмсөг сэтэрсэн.” гэх мэдүүлэг /хх-13/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10128  дүгээр:

1. Ч.Энхтүвшиний биед баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн зулайн хуйх, зүүн хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Учирсан баруун дээд 1-р шүдний сулрал, зүүн зулайн хуйх, хөмсөгт үүссэн сорви гэмтэл нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна.” /хх-32-33/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.П-ын яллагдагчаар өгсөн: “...Бид хэд уугаад байж байтал Энхтүвшиний эхнэр нь надаас “танай Төв аймгийн Баянцагаан суманд Ээгий гэдэг хүн байдаг уу” гээд асуухаар нь би “байдаг, тэр чинь манай эгч” гээд хариултал, тэгвэл “танай эгч дээр манай нөхөр зандангаа тайлсан шдээ” гээд хэлэхээр нь би уурлаад Энхтүвшинд хандаж “чи эхнэртээ юугаа яриад байдаг юм бэ” гээд Энхтүвшиний тархи, толгой, амруу нь гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-46/,

 

Шүүгдэгч Г.П-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49/,

Шүүгдэгч Г.П-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-51/  зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.П-ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4-1а тоотод иргэн Ч.Энхтүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, зүүн зулайн хуйх, зүүн хөмсөгт сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.П-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Э нь эмчилгээний зардалтай холбоотой баримт гарган өгч нэхэмжлээгүй бөгөөд цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.П-ын эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Урьд шүүгдэгч Г.П-д Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.П-д энэ шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зүйлгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт Г-ын П-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

             2. Шүүгдэгч Г.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.П-д энэ шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

   6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.П нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.П нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС