| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2021/1357/Э/220/2022/0182 |
| Дугаар | 2022/ШЦТ/1466 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1466
2021 12 21 2021/ШЦТ/1466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,
иргэдийн төлөөлөгч Ц.Алтанцэцэг,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б,
шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х.Э-д холбогдох эрүүгийн 2106 00000 1957 дугаартай хэргийг шүүх 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрчим хүчний менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Д овогтой Х-ын Э.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Э нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан өлгийн 25 дугаар гудамжны 372а тоотод байх байшинд хамтран амьдрагч болох Н.А-тэй “намайг бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зэвсэг болох хутгаар хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: “...2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өглөө 09 цагийн орчимд талийгаачтай хамт аавыг очиж авсан. Тэрнээс өмнө аавыг авъя гэж ярьж байсан. Аавыг такси барьж очиж авсан. Би унтаж байгаад сэрээд хоол хийх гээд зогсож байтал талийгаач хажууд ирээд дэлгүүр явъя гэж хэлэхэд “би явж яах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед маргаан үүсээгүй. Тэр тамхи аваад ирье мөнгө байна уу? гэж асуухад нь би “яах гээд байгаа юм” гэж хэлээд маргалдаж байснаа санаж байна. Тухайн үед юу болсныг огт санахгүй байгаа. Тэр гэнэт хэвлийгээ дараад ёолоод, доошоо тонгойгоод суусан байсан. Би “юу болсон бэ? бие чинь өвдчихсөн үү?” гэхэд гэдэснээс нь цус гарч байсан. Би тэр үед цаад өрөө рүү оруулаад орон дээр хэвтүүлж, түргэн дуудаад хөнжлийн давуугаар цусыг тогтоох гэж оролдож байсан ч цус тогтохгүй байсан. Би ойрхон эмийн сан руу явж цус тогтоох зорилгоор боолт, бинт, наалт авчирч наасан. Түргэний машин гэрийн хаягийг олохгүй, хаана байгаа вэ? гэж утасдаж байсан. Түргэний машин хаягийг олж ирж чадахгүй, хаана байгаа юм гэж утсаар залгаж байсан. Би хаягийг зааж өгч түргэний эмчтэй хамт талийгаачийг гаргаж өгсөн. Түргэний машины араас гэмтлийн эмнэлэг дээр очсон. Түргэний эмч “одоо хагалгаанд орсон байгаа ковид-19 халдвар гарсан учраас оруулахгүй. Хагалгаанаас гараад шууд сэхээн амьдруулах тасаг руу орно. Та энд бараг хүлээгээд хэрэггүй гэж хэлсэн. Би тэнд биеийн байдлыг нь мэдэхээр хүлээгээд сууж байхад энгийн хувцастай 2 цагдаа ирж надаас байцаалт авахаар зорилгоор тэндээс авч явсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- мэдүүлэхдээ: “...Миний төрсөн дүүгийн амь хохирсонд гомдолтой байна. Энэ хэргийг Х.Э үйлдсэн гэж бодож байна. Хуулийн дагуу шалгагдаж давхар нотлогдож байх учир Х.Э-ыг үйлдсэн гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр амьд байж байх ёстой байсан хүнийг байхгүй болгосон учир би гомдолтой байна. Талийгаачийг 10 гаруй хоног эмнэлэгт сэхээнд хэвтэж эмчлүүлсэн. Эм тариа, оршуулгын зардал зэрэг бүхий л зүйлсийн зардлыг дэлгэрэнгүйгээр хавтаст хэрэгт баримтаар өгсөн. Нийт 7 сая гаруй төгрөгийг нэхэмжилсэн. Одоогоор төлсөн төлбөр байхгүй байна.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-35-44/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-45-52/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-54-56/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн өгсөн мэдүүлэг /1хх-87-92/, гэрч Н.Хишигноровын өгсөн мэдүүлэг /1хх-98-99/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2092 дугаартай дүгнэлт /1хх-119-126/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4364 дугаартай дүгнэлт /1хх-175-176/, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 801 дугаартай дүгнэлт /1хх-235-236/, шүүгдэгч Х.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-36/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Х.Э нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан өлгийн 25 дугаар гудамжны 372а тоотод байх байшинд хамтран амьдрагч болох Н.А-тэй “намайг бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зэвсэг болох хутгаар хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх бүхий гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байхад манай дүү Буянбаатар яриад цагдаагаас ярилаа Н.А нь бусдад хутгалуулсан гэмтэлд байна гэхээр нь Буянбаатарын хамт ГССҮТ-д очиж сэхээн амьдруулах тасагт орж харсан. Н.А тухайн үед ухаангүй нилээн тооны аппарат зүүсэн ухаангүй байдалтай орон дээр хэвтэж байсан ба эмч нар нь амь нас нь эргэлзээтэй хүнд байгаа шүү гэж хэлсэн. Түүнээс хойш Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан ба хэвлийн хагалгаанд 4 удаа орсон боловч таатай зүйл ажиглагдахгүй биеийн байдал нь хүнд байгаа ба аппарат болон эм тарианы хүчээр зүрх нь зогсоогүй байх гэж хэлсэн. Би талийгаачийн оршуулгын зардал болон бусад зардлыг нийтэд нь гаргаагүй байгаа. Би зардлын тооцоог гаргаж байгаад гарсан баримтын дагуу нэхэмжилнэ. Би гомдолтой байна. Миний дүүгийн амь насыг хохироосон Х.Э гэх эмэгтэйг хуулийн дагуу шийтгэж өгнө гэдэгт найдаж байна... Манай төрсөн дүү Х.Э гэх хүнтэй хамт амьдарч байгаагүй. Хааяа архи дарс уух үедээ ч гэдэг юм уу тэр талаараа л нийлдэг байсан байх. Тэрнээс тэр хүнтэй бол хамт амьдарч байгаагүй. Х.Э гэх хүүхэн нь манай дүүгийн гэрээр л эргэлдээд байдаг байсан. Тэр хүүхэн архи уусан үедээ их характер муутай агсам согтуу тавьдаг хүүхэн гэж сонсож байсан. Нас намбаа ч бодсон гэсэн манай дүүгээс олон насаар дүү.” гэх мэдүүлэг /1хх- 87-92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гэрэлмаагийн өгсөн: “... Би дүү Буянбаатараас амь насаа алдсан Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байгаа гэдгийг нь мэдсэн. Тэрнээс өмнө нь юу болсон гэдгийг нь хэлж мэдэхгүй байна.” /1хх-19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хишигноровын өгсөн: “...Тэр өдөр би өглөө босоод гэрээсээ гарсан. Н.А, Х.Э нар нь унтаад үлдсэн. Би гадуур явж байгаад өдрийн 12 цаг өнгөрч байсан болов уу буцаж харьсан. Тэгээд Н.А, Х.Э нар нь гадагшаа гарсан ба удалгүй 1 цаг гарангийн хугацааны дараа буцаж орж ирсэн. Тэгээд архи уугаад надаас “100 татах уу” гэхээр нь би “бие тааруу уухгүй” гээд уугаагүй. Намайг харахад зүгээр сууж байсан ба хэсэг хугацааны дараа гэнэт цус алдаад байна гэхээр нь би түргэн дуудаач гэсэн. Удалгүй түргэн ирж Н.А-г аваад явсан. Гаднаас зүгээр л орж ирсэн. Инээж хөхрөөд юм яриад л архиа ууж байх шиг байсан. Ямар ч байсан Н.А шархтай цустай орж ирээгүй. Аль нэг нь хардаад хэрүүл маргаан болж нэгийгээ хутгалсан байх гэж бодож байна. Х.Э нь Н.А-г хутгална биз дээ, бид гурав л тэр гэрт байсан. Гаднаас зүгээр орж ирсэн, мөн гаднаас өөр хүн ирээгүй.” гэх мэдүүлэг /1хх-98-99/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2092 дугаартай
1. 2. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх, зүүн гарын ядам, чихчий хурууны шарх, зүүн гарын долоовор хуруу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл учирчээ.
3. Дээрхи хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдэсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх” гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, харин “зүүн гарын ядам, чигчий хурууны шарх” гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн “зүүн нарын долоовор хуруу, зүүн бугалганд цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
4. Дээрх гэмтлүүд нь амьд үед ойролцоогоор нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Талийгаачид учирсан хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдэсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх” гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчийн тогтоогдсонгүй.
7. Талийгаач дээрх хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж, үжлээр хүндэрч нас баржээ. Талийгаачийн цус нь А2-р бүлгийн харьяалалтай байна.
8. Талийгаач нь ГССҮТ-д 11 хоног эмчилгээ хийлгэсэн байх тул химийн шинжилгээ хийх боломжгүй.
9. Талийгаачийн цус нь А2-р бүлгийн харъялалтай байна.” гэх дүгнэлт /1хх-119-126/,
Хавсаргасан баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-128-134/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4364 дугаартай
“...11 см хар өнгийн хуванцар иштэй 27 см урттай хутга, цэцэгтэй ягаан өнгийн хөнжлийн даавуу, шоотой ягаан эрээн өнгийн дэвсгэр даавуу, нойтон сальфитка, цагаан өнгийн жижиг алчуур дээр цус илэрсэн. Биологийн гаралт ул мөр илрээгүй. Цэцэгтэй ягаан өнгийн хөнжлийн даавуу, шоотой ягаан эрээн өнгийн дэвсгэр даавуу, нойтон сальфиткан дээрх цус нь АВО системээр А/М/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлт /1хх-175-176/,
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 801 дугаартай
1. Х.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. Х.Э нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдаж чадаж байсан байна.
3. Х.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт /1хх-235-236/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-35-44/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-45-52/,
Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1хх-54-56/,
Хохирлын баримтууд /1хх-63-83/,
Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх /1хх-136-161/,
Шүүгдэгч Х.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-36/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэг хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э-ын зүгээс: “...Тухай үед хохирогчийг түлхэх шиг болсон.” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн зүгээс “...Шүүгдэгчийн мэдүүлэгт “би түлхэх шиг болсон” гэсэн. Хэдийгээр яллагдагчийн мэдүүлэг нотлох баримт болох боломжгүй боловч тухайн хэргийн үйл баримтыг хуульчийн хувьд дүгнэж үзэхэд тус гэмт хэрэг нь санаатай юу болгоомжгүй юу эсхүл зэвсгийн чанартай эд зүйл ашиглан бусдад хүнд гэмтэл учруулж, улмаар нас барсан хэрэг үү гэдэг талаар буюу Эрүүгийн хуулийн зүйлчлэлийн асуудлаар маргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдлийг урьдчилан ухамсарлаж үйлдсэн гэмт хэргийг санаатай гэмт хэрэг гэж заасан байдаг. Улсын яллагч өнөөдөр төрсөн эцгийн мэдүүлэгт үндэслэн охиныг нь яллаж байгаа нь хууль болон ёс зүйд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй.” гэх зэрэг тайлбарыг гарган боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн өгсөн: “...Н.А тухайн үед ухаангүй нилээн тооны аппарат зүүсэн ухаангүй байдалтай орон дээр хэвтэж байсан ба эмч нар нь амь нас нь эргэлзээтэй хүнд байгаа шүү гэж хэлсэн. Түүнээс хойш Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байсан ба хэвлийн хагалгаанд 4 удаа орсон боловч наатай зүйл ажиглагдахгүй биеийн байдал нь хүнд байгаа ба аппарат болон эм тарианы хүчээр зүрх нь зогсоогүй байх гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх- 87-92/, ...гэрч Н.Гэрэлмаагийн өгсөн: “... Би дүү Буянбаатараас амь насаа алдсан Гэмтлийн эмнэлэгт ухаангүй байгаа гэдгийг нь мэдсэн.” /1хх-19/, … гэрч Х.Хишигноровын өгсөн: “...Аль нэг нь хардаад хэрүүл маргаан болж нэгийгээ хутгалсан байх гэж бодож байна. Х.Э нь Н.А-г хутгална биз дээ, бид гурав л тэр гэрт байсан. Гаднаас зүгээр орж ирсэн, мөн гаднаас өөр хүн ирээгүй.” гэх мэдүүлэг /1хх-98-99/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2092 дугаартай: “... Талийгаач дээрх хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж, үжлээр хүндэрч нас баржээ.” гэх дүгнэлт /1хх-119-126/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4364 дугаартай “...11 см хар өнгийн хуванцар иштэй 27 см урттай хутга, цэцэгтэй ягаан өнгийн хөнжлийн даавуу, шоотой ягаан эрээн өнгийн дэвсгэр даавуу, нойтон сальфитка, цагаан өнгийн жижиг алчуур дээр цус илэрсэн. Биологийн гаралт ул мөр илрээгүй. Цэцэгтэй ягаан өнгийн хөнжлийн даавуу, шоотой ягаан эрээн өнгийн дэвсгэр даавуу, нойтон сальфиткан дээрх цус нь АВО системээр А/М/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлт /1хх-175-176/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-35-44/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-45-52/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /1хх-54-56/, хохирлын баримтууд /1хх-63-83/, Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн өвчний түүх /1хх-136-161/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараахи байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэг байх боломжтой байна. Хэрэв болгоомжгүй гэмт хэрэг биш байна гэж дүгнэвэл амь алдагч нь 10 хоногийн хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Тухайн гэмт хэрэг гарахад амь алдагч нь хэргийн газар дээр нас бараагүй байх учир бусдыг санаатай алах гэмт хэргээр зүйлчилсэн энэ зүйл хэсэг дээр маргаж байна.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч тухайн хэрэг учрал болсон өдөр буюу шүүгдэгч Х.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан өлгийн 25 дугаар гудамжны 372а тоотод байх байшинд хамтран амьдрагч болох Н.А-тэй “намайг бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зэвсэг болох хутгаар хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх бүхий гэмтэл учруулан хохирогч Н.А нь ГССҮТ-д 11 хоног эмчилгээ хийлгэж хэвлийн хагалгаанд 4 удаа орсон боловч амь аврагдах боломжгүй нас баржээ.
Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг. Энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч Х.Э нь согтуугаар 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Алтан өлгийн 25 дугаар гудамжны 372а тоотод байх байшинд хамтран амьдрагч болох Н.А-тэй “намайг бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зэвсэг болох хутгаар хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж биед нь хэвлийн хөндийд нэвтэрч ходоодны гарах хэсгийн ар хана, нойр булчирхайн толгой хэсгийг хатгаж, нарийн гэдсийг бүрэн тасалж гэмтээсэн шарх бүхий гэмтэл учруулан хүнийг алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм. Энэ гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилсан байх тул мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-гийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 7.205.503 төгрөгийг шүүгдэгч Х.Э-аас гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Х.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн санал гаргасан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Х.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар түүний эдэлсэн ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 15 см ажлын хэсэгтэй, 6.5 см ажлын хэсгийн өргөнтэй заазуур 1 ширхэг, 11 см хар өнгийн бариултай, 15 см ажлын хэсэгтэй, 4.5 см ажлын хэсгийн өргөнтэй хутга ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн цэцэгтэй хээтэй ор хөнжлийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогтой Х-ын Э-ыг Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Э-д 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Х.Э-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Х.Э-ын цагдан хоригдсон 82 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 15 см ажлын хэсэгтэй, 6.5 см ажлын хэсгийн өргөнтэй заазуур 1 ширхэг, 11 см хар өнгийн бариултай, 15 см ажлын хэсэгтэй, 4.5 см ажлын хэсгийн өргөнтэй хутга ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн цэцэгтэй хээтэй ор хөнжлийн даавуу зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х.Э-аас 7.205.503 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д олгосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Э-д авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД С.ӨСӨХБАЯР
Д.МӨНХТУЯА