Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/297

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        02          28                                  2022/ШЦТ/297

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

          улсын яллагч Б.Батцэцэг, 

          шүүгдэгч, хохирогч Г.Б,

          шүүгдэгч, хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогтой Г-ын Б, Г овогтой Б-ын Б нарт холбогдох эрүүгийн 2106 04454 0019 дугаартай хэргийг шүүх 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, аавын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, хх000000 регистрийн дугаартай, Б овогтой Г-ын Б.

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ХХХ” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, хх000000, регистрийн дугаартай, Г овогтой Б-ын Б.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 00 дугаар гудамжны 00 тоот хашааны гадна хохирогч Б.Б-ы “төрсөн дүү Б.Ариунсайханыг дагуулж архидан согтуурлаа” гэх үгэнд илтэд дургүйцэн маргалдаж, харилцан зодолдох үедээ чулууг зэвсгийн чанартайгаар ашиглан хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 00 дугаар гудамжны 00 тоот өөрийн хашааны гадна “төрсөн дүү Б.Ариунсайханыг дагуулж архидан согтуурлаа" гэх шалтгаанаар хохирогч Г.Б-тай маргалдаж, харилцан зодолдох үедээ нүүр хэсэгт нь гараараа олон удаагийн үйлчлэлээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд 6 дугаар шүдний эмтрэл, баруун завжны өнгөц шарх, дух, 2 нүдний дээд. доод зовхи, хамар, хацар, шанаа, хүзүү, дээд уруул, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хохирогч Б.Б-ы өгсөн мэдүүлэг /хх-23/, хохирогч Г.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Б.Ариунсайханы өгсөн мэдүүлэг /хх-28/,  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11739 дугаартай дүгнэлт /хх-33-34/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11761 дугаартай дүгнэлт /хх-35-36/, Г.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-106/, Б.Б-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-113/, Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, Б.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, хохирогч, шүүгдэгч нараас гаргасан хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-118-119/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар:

  

Шүүгдэгч Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 00 дугаар гудамжны 00 тоот хашааны гадна хохирогч Б.Б-ы “төрсөн дүү Б.Ариунсайханыг дагуулж архидан согтуурлаа” гэх үгэнд илтэд дургүйцэн маргалдаж, харилцан зодолдох үедээ чулууг зэвсгийн чанартайгаар ашиглан хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 00 дугаар гудамжны 00 тоот өөрийн хашааны гадна “төрсөн дүү Б.Ариунсайханыг дагуулж архидан согтуурлаа" гэх шалтгаанаар хохирогч Г.Б-тай маргалдаж, харилцан зодолдох үедээ нүүр хэсэгт нь гараараа олон удаагийн үйлчлэлээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд 6 дугаар шүдний эмтрэл, баруун завжны өнгөц шарх, дух, 2 нүдний дээд. доод зовхи, хамар, хацар, шанаа, хүзүү, дээд уруул, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б-ын өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз Ариунсайханы хамт ...’’Алтан цайз” нийтийн караоке дотор тус бүр 4 ширхэг пиво уусаны дараа ...гэрлүүгээ найз Ариунсайханы хамт явж байх үед ...Ариунсайханы ах ирж машиндаа суулгаж авч яваад хаяг, тоотыг нь мэдэхгүй, зааж өгч чадах гэрийнхээ гадна авч ирээд миний нүүр хэсэг рүү нилээн хэдэн удаа цохиж авахад нь ухаан алдсан ...миний баруун нүд хавдаж, юм харах боломжгүй болсон байн...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б-ы өгсөн: “...22 цагийн орчимд төрсөн дүү Ариунсайханы 88137241 дугаарын утас руу ...залгахад утсаа авсан учир хаана явж байгаа талаар тодруулж асуухад, Дүүргээс хойш Цайз руу өгсөөд явж байна гэж хэлсэн. ... манай урд талын гудамжны Билэгээтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байхаар нь машиндаа суулгаж, та хоёр үерхэж байгаа юм уу гэж асуухад, үерхээгүй гэж хэлэхээр нь чи тэгвэл битгий хүүхэд дагуулж яваад архи дарс уугаад бай гэж хэлэхэд, Билэгээ тэгэхээр яадаг юм гэж хэлж машин дотор маргалдаж байгаад манай гэрийн гадаа ирсний дараа Г.Б-г машинаас татаж буулгахад, миний баруун шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж авахаар нь тэвэрч унагаагаад газарт хэвтүүлж байгаад зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиж авахад Ариунсайхан салгатал Билэгээ газраас чулуу барьж босож ирээд баруун нүдний хөмсөг хэсэгт цохиж сэтэлж цус гарахаар нь буцаж тэвэрч газар унагааж нүүр хэсэгт нь нэлээн олон удаа цохиж авсан. ...баруун нүдний доод хэсэгт чулуугаар цохиж гэмтээсэн. Гэмтэл согог судлалын эмнэлэгт 5 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-23/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ариунсайханы өгсөн “...Цайз дээр байхад манай ах Батсайхан залгаад хаана явж байгаа юм бэ? Хэнтэй явж байгаа юм бэ? гэж асуухад нь би Билэгбаяртай явж байна гэж хэлсэн, ...Батсайхан ах машинтайгаа ирж, Цайзаас авахад Билэгбаяр машинд хамт суусан, ах бид хоёроос та хоёр үерхдэг юм уу? гэж асуугаад, манай гудамж руу эргэж байхад Билэгбаяр хариуд нь уух гэж найзалдаг юм гэж хэлэхэд, ах хашааны гадаа ирээд яасан гэнэ ээ гэж асуухад, Билэгбаяр машинаас буугаад хамгийн эхэнд газраас чулуу аваад ахын зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа цохиход ахаас цус гарсан, ах зөрүүлээд нүүр хэсэгт нь цохисон, би хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна, салгаж байсан тул анзаараагүй. Билэгбаяр мөн ахын хоолойноос багалзуурдаад байж байхад ээж гарч ирээд Билэгбаярыг гэрт оруулж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-28/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11739 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Б-ын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд 6 дугаар шүдний эмтрэл, баруун завьжны өнгөц шарх. дух, 2 нүдний дээд, доод зовхи, хамар, хацар, шанаа. хүзүү, дээд уруул, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

4. 5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-33-34/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11761 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Б-ы биед баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-35-36/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Б-ын яллагдагчаар өгсөн “...Батсайхан миний нүүр рүү  нэг уаа цохиод би хашааны дотор талд ухаан алдаж унаад босоод ирсэн чинь ээж нь миний хажуу ирээд намайг татаад босгож байсан...” гэх мэдүүлэг /хх-106/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б-ы яллагдагчаар өгсөн “...Би машин дотор гэр хүрэх замд хэрэлдэж яваад гэрийн гадаа очиж зогсоод эхлээд Ариунсайхан буугаад Билэгбаярыг машинаас татаж буулгаад би Билэгбаярыг татаад гаар унагаад Билэгбаяр газар унасны дараа миний гэдэс рүү нэг удаа цохисон. Би дээрээс нь Билэгбаярын нүүр хэсэгт 2-3 удаа цохиод Билэгбаяр газраас босож ирээд миний баруун хөмсөг дээр цохисон аймар хатуу зүйлээр цохисон. Тэгээд би газар дахин унагаад Билэгбаярын нүүр хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-113/,

 

Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42-43/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-118-119/ зэрэг болно.

 

           Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Г.Б-ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 00 дугаар гудамжны 00 тоот хашааны гадна хохирогч Б.Б-ы “төрсөн дүү Б.Ариунсайханыг дагуулж архидан согтуурлаа” гэх үгэнд илтэд дургүйцэн маргалдаж, харилцан зодолдох үедээ чулууг зэвсгийн чанартайгаар ашиглан хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед баруун нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл,

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Цайзын 00 дугаар гудамжны 00 тоот өөрийн хашааны гадна “төрсөн дүү Б.Ариунсайханыг дагуулж архидан согтуурлаа" гэх шалтгаанаар хохирогч Г.Б-тай маргалдаж, харилцан зодолдох үедээ нүүр хэсэгт нь гараараа олон удаагийн үйлчлэлээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд 6 дугаар шүдний эмтрэл, баруун завжны өнгөц шарх, дух, 2 нүдний дээд. доод зовхи, хамар, хацар, шанаа, хүзүү, дээд уруул, доод эрүүнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

 Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.Б, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь харилцан эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Б, Б.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогтой Г-ын Б, Г овогтой Б-ын Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Б.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Б, Б.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Г.Б, Б.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

           

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                               Э.ЧИНГИС