Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/418

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Я О овогт Ц-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208006530545 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Я О овогт Ц-ийн Б (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот хашаанд Б.Т-тэй маргалдаж, улмаар хамар луу нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2161 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд (хавтаст хэргийн 56-80, 87 дахь тал), шүүгдэгч Ц.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дахь тал), шүүгдэгч Ц.Б-аас гаргаж өгсөн 1 хуудас баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоот хашаанд Б.Т-тэй “найзыг дээрэлхэж зодсон” гэх шалтгааны улмаас маргалдан хамар луу нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Б.Т-ийн: “...Тухайн өдрийн 23 цагийн орчимд би үүдний амбаарт буузаа өрөөд байж байтал гаднаас хөрш айлын ах О архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд “юу байна ахын дүү” гэж хэлэхээр нь би “тайвандаа” гэж хэлсэн.  Тэгсэн О ах С ахтай чинь уулзана гэж хэлээд надтай зөрөөд байшин руу орсон. Удалгүй би араас нь ортол манай ах С О ахыг “юун хүн билээ” гэхэд О ах “С-тай уулзана” гэж хэлсэн. С ах О ахыг “чи согтуу байна, эрүүл үедээ надтай уулзаарай” гэж хэлсэн. Би О ахыг “одоо та гарчих аа” гэж хэлээд байшингаас гаргаад хашааны үүд рүү дагуулж очтол О ахын найз гэх Б гэх эрэгтэй надаас юу болсон талаар асуусан. Би юу ч болоогүй ахаа гэж хэлтэл Б гэх хүн юу ч хэлэлгүй миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Би хамраа дараад доошоо суусан. ...О-ийн найз Б гэх хүн миний хамар луу нэг удаа баруун гараараа цохиж ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлийг учруулсан. Харин намайг хөөж байх үед би газарт баруун гарын алга хэсгээрээ унаж зулгаралт гэмтлийг учруулсан. Бусад хүмүүс нь намайг цохиж зодоогүй. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Би эмчилгээний зардал гэж 500,000 төгрөгийг өөрийнхөө дансаар авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2161 дугаартай:

“Б.Т-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун гар, алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр цохих цохигдох үрэгдэх нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

3. Шүүгдэгч Ц.Б-ын: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...найз О гэрээсээ гарахаар нь хэсэг хугацааны дараа араас нь би гэрээс гартал О хашаандаа байхгүй байхаар нь хашааны хаалгаар өнгийгөөд хартал хөрш айлынхаа хашааны үүдэнд зогсож байсан. Би явж очоод “юу болсон юм бэ” гэж асуухад би хүнд зодуулчихлаа гэсэн. Тэр үед зодоон болсон гэх хашаан дотор хохирогч Төвшинтөгс байхаар нь юу болсон талаар асуутал өөдөөс “та хоёр писда яагаад хашаан дотор орж ирээд, яах гээд байгаа юм, зодох гээд байгаа юм уу” гэх хэлэхээр нь би урдаас нь юу гэж хэлснээ санахгүй байна. Миний шанаа хэсэг рүү цохиод авахаар нь би уурлаад баруун гараараа хамар, шанаа орчим нэг удаа цохисон:.. Би хохирогчийн хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.Б, гэрч Н.О нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтайгаар, шөнө оройн цагаар хөрш зэргэлдээх айлын хашаанд явж орсон нь тухайн айлын хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн, улмаар гэрч Н.О нь өмнөх асуудлаа сөхөж ярьж С-тай маргасан байх бөгөөд хохирогч Б.Т нь түүнийг гэр болон хашаанаас гаргах гэж оролдоход шүүгдэгч Ц.Б нь өөрийн найзыг зодлоо хэмээн ойлгож хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учруулахад хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Б нь хохирогч Б.Т-ийн нүүрэн тус газар цохисноос хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, баруун гар, алганд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ц.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршгийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 86 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрах нь Ц.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Ц.Б-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсанаас гадна мөн шүүгдэгч Ц.Б-ын хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ц.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я О овогт Ц-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ