Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/429

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С м овогт Г-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208009900562 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С м овогт Г-ын Х (РД:...),

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Х нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай найз охин Т.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн хэсэгт нь гараараа цохиж баруун хөсөгт шарх, цус хуралт, баруун нүдний  зовхи хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол  санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Т.Х-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 3521 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал), шүүгдэгч Г.Х-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 66-78 дахь тал), шүүгдэгч Г.Х-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал), шүүгдэгчээс гаргаж өгсөн дансны хуулга (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлтэй байна. Учир нь,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн агуулгаас харвал, гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэдэгт найз залуу, найз охин гэдэг ойлголтыг хамааруулж үзээгүй, мөн улсын яллагч нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хэргийг ямар шинжээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилж ирсэн нь тодорхойгүй байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, хохирогч, шүүгдэгч нар нь хамт амьдардаггүй, хамт амьдарч байгаагүй, хоорондоо үерхдэг нөхцөл байдал тогтоогдсон тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж дүгнэх боломжгүй байна. Иймээс зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт болон нотлох баримтуудыг дурдвал,

шүүгдэгч Г.Х нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод найз охин Т.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргалдан  толгойн хэсэгт нь  гараараа цохиж  баруун хөмсөгт шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний  дээд зовхи,  хүзүү, баруун бугалга, баруун тохой, баруун  шуу, зүүн шуу, цээж, нуруу, баруун ташаа, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, цээжний  зөөлөн эдийн няцрал бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

1. Хохирогч Т.Х-ын: “...Би өөрийн найз залуу Г.Х-тай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр  танилцаж,  тэрнээс хойш бид 2 үерхэж байгаа юм. Албан ёсны  гэр бүлийн баталгаа байхгүй,  яг нэг гэрт ороод хамт амьдарсан  зүйл бас байхгүй,  аль алынхаа гэрээр орж гараад  явдаг харилцаатай хүмүүс юм. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө шөнийн 03 цагийн үед Г.Х нь согтуу байдалтай ирсэн бөгөөд гэрт ирээд бөөлжөөд агсам тавих гээд байсан. Тэгээд миний гар утсыг булаан авч  найзуудтайгаа чаталсан чатыг минь хараад “чи найзуудтайгаа нийлж манай эцэг эхийг доромжилсон” гэх шалтгааны улмаас намайг гартаа барьсан гар утсаараа миний зүүн нүд рүү цохисон.  Мөн миний  элэг бөөр  цээж нуруу руу гараараа маш  олон удаа цохисон. Тэгээд миний  баруун хөмсөгний дээд  хэсэг рүү  гар утасныхаа ирмэгээр  цохисон чинь  миний хөмсөгнөөс цус гараад тэгээд цагдаа дуудсан. Намайг баахан хэл амаар доромжилж байгаад явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3521 дугаартай:

“Т.Х-ын биед баруун хөмсөгт шарх, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний  дээд зовхи,  хүзүү, баруун бугалга, баруун тохой, баруун  шуу, зүүн шуу, цээж, нуруу, баруун ташаа, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, цээжний  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),  

3. Шүүгдэгч Г.Х-ы: “...Би өөрийн найз охин Т.Х-тай 2021 оны 06 дугаар сараас хойш үерхэж байгаа, албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй,  хамтран амьдарсан зүйл байхгүй, хааяа бие биеийнхээ гэрээр орж гардаг тийм харилцаатай хүмүүс байгаа юм. Хэрэг гардаг өдөр  найзуудтайгаа пиво уучхаад найз охин Хонгорзулын гэрт очсон. Тэгээд бид 2 хэсэг юм ярьж байгаад унтахаар хэвтэж байхдаа маргалдсан, тэгээд гар утсаар нүүр лүү нь цохисон чинь цус гарсан, хоорондоо ноцолдсон, бие биеэ чанга базсан. Хонгорзулд учирсан тухайн гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээ хоол хүнсэнд 1 сая төгрөг төлсөн, цаашид эмчилгээ хийлгэвэл мөнгийг нь төлнө” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, шүүгдэгч Г.Х, хохирогч Т.Х нар нь хоорондоо үерхээд 1 жил орчим болж буй харилцаатай, 2 биеийнхээ гэрээр орж гараад явдаг, хамтран амьдарч байгаагүй талаараа хэн аль нь мэдүүлсэн байх тул тэдгээрийн гэр бүлийн харилцаатай этгээдүүд гэж дүгнэх үндэслэлгүй, шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз охин Т.Х-тай маргалдан эрүүл мэндэд нь халдаж хүч хэрэглэж хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгчийн тухайн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Г.Х-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.

Хохирол, хор уршгийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хэдийгээр шүүгдэгч нь хохирогчид 1 сая төгрөг өгсөн гэх боловч баримтгүй байх тул түүнийг хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Харин хохирогч Т.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэх тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж нь Г.Х-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Г.Х-д танилцуулсан байх ба тэрбээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Г.Х-ы хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Г.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Г.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

                                                ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Х-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч С м овогт Г-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Т.Х нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэх тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Г.АЛТАНЦЭЦЭГ