Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/303

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо      даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч С.Энхтуул,

хохирогч С.С,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105007840892 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, М.Б /РД:***/.  

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч М.Б нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны орцонд хохирогч С.Сийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Тухайн үед цээж хэсэг рүү мөргөөд байхаар нь би гарынхаа шуу хэсгээрээ хамгаалсан. Тэгэх үед хамраас нь цус гарсангэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С мэдүүлэхдээ: “...Хаалганы үүд хэсэг дээр очиход гурван залуу зогсож байхаар нь хаанаас явж байгаа вэ гэж асуухад байрны эзэн байна гэсэн. Тэгэхээр нь манай ах байхгүй гэж хэлсэн чинь “танайд оръё” гэсэн. ...Хаалган дээр алдлаад зогсож байхад заамдаж аваад хаалганаас түлхээд гарч байхдаа цохисон. ...Цаашид гарах хагалгааны зардлаа нэхэмжилж байна” гэв.  

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны 1 дүгээр орцонд хохирогч С.Сийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:    

Хохирогч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, *** дүгээр байрны 8 тоотод байж байтал гаднаас үл таних 3 залуу шууд түлхүүр тааруулаад орж ирсэн. Тэгэхээр нь би “гадуур өвчинтэй байгаа болохоор гадаа гарч ярилцъя” гээд гаргах гэтэл гарахгүй, хүчээр дотогшоо орж ирэх гээд байсан. Тэгээд би гаръя гээд түлхтэл өндөр бүдүүн залуу нь намайг заамдаад, миний хамар руу нэг удаа цохисон. ...Нэг өндөр залуу нь “чи яасан олон үгтэй банди вэ? би чамайг ална, би өөрийнхөө гэрт орж ирж байна” гэх зэргээр уурлаад намайг ална гээд цохих гээд байсан ба өндөр бүдүүн залуу нь урдуур орж ирээд намайг хоолой боож байгаад хамар руу нэг удаа цохисон. ...Би үүдний таамбар хэсэгт байсан Б гэх залуу хаалганы гадна буюу коридор хэсэгт байхдаа гараараа нэг удаа цохисон. Тэгээд би шууд хамт гараад гадаа зогсож байхад манай ах ирсэн. Тухайн үед коридорын хэсэгт цус гоожсон байсан....” гэх мэдүүлэг /хэргийн 38, 187-189 дүгээр хуудас/,

Гэрч С.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...11 цагийн үед манай дүү С над руу залгаад “3 залуу гэрт орж ирж дайраад, зодоод байна” гэж хэлэхээр нь би такси бариад гэр лүүгээ очсон. Очиход манай дүү С зодуулж, хамраас нь цус гарсан, хувцас нь мөн цус болсон байдалтай байсан бөгөөд юу болсон талаар асуухад “гэрээс чирч гаргаж ирээд үл таних бүдүүн залуу нь намайг зодсон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/,

Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэрийнхээ хаалгыг тогшиход С гэх залуу гарч ирсэн бөгөөд би “танайд өөр хүн байна уу, би уулзах хэрэгтэй байна” гэхэд шууд биднийг хөөгөөд түлхээд байсан. Тэгээд намайг түлхээд байсан чинь манай дүү Б урдуур ороод зогсчихсон. Тэгсэн Б заамдалцаад бие биеийгээ түлхэж байгаад коридорын хэсэгт гарсан. ... Тэгтэл тэр залуугийн хамраас цус гарчихсан байсан. Тэр үед ээж нь гарч ирсэн. ...Гадаа гараад иртэл цагдаа дуудсан, мөн ахыгаа дуудсан зогсож байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 51, 208-209 дүгээр хуудас/,

Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 22-ны өглөө манай гэрт гаднаас үл таних 3 залуу орж ирсэн ба юун хүмүүс вэ гэхэд байрны эзэн байна гэсэн. Тэгээд манай хүү С “Ковидтой байхад гарч ярилцъя” гээд үүдээр гарахад манай хүүгийн хамар луу том биетэй залуу нь цохичихсон. Тэгээд би “яаж байгаа юм бэ, хүүхдийн хамар луу цохиод цус гаргачихлаа шүү дээ” гээд гэрт дуссан цусыг нь цэвэрлээд үлдсэн. ...Манай гэрийн үүдэнд байрны коридорт байхдаа цохисон...” гэх мэдүүлэг /хэргийн 127 дугаар хуудас/,

Гэрч Х.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол ***-8 тоотод 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээслүүлж байгаа айл нь байр, цахилгааны мөнгөө төлөхгүй байсан учраас захирал Б, Б нарын хамт очсон. Гэрийнх нь хаалгыг тогшиход дотроос нэг залуу гарч ирсэн ба Б “ээжтэй чинь уулзъя” гэхэд өөдөөс нь орилоод юм яриулахгүй түлхээд байсан. Тэгэхээр нь Б урдуур нь хаагаад зогссон. ...Намайг цохичихлоо гээд цагдаа дуудаад, гадаа гараад зогсож байсан чинь ах нь ирээд хашхичаад байсан. ...Тухайн үйл явдал гадна хаалгыг онгойлгоод дотор хаалга хүртэл үүдний хэсэгт байхад болсон. Ээж нь цаана буйдан дээрээ сууж байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 46-47, 213-214 дүгээр хуудас/,

2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Дүрслэл оношилгооны хариу /хэргийн 19 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №2568 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. С.Сийн биед хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хэргийн 17-18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №51 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1. С.Сийн биед учирсан хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь тухайн хэсэг газарт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохигдох, мөргөгдөх зэргийн үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хэргийн 168-170 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн дүгнэлтэд тусгагдсан “хамрын ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт” гэмтэл нь хохирогч хүний бие буюу цээж, гар хэсэг рүү мөргөхөд үүсэх боломжгүй. Тус гэмтэл нь хамран тус газарт хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой буюу цохигдох үед үүсэх боломжтой. ...Тухайн хэсэг газарт хүч үйлчилсэн буюу мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох, мөргөгдөх үед үүснэ. Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйлээс бусад буюу мод, чулуу, гар, хөл, хана зэрэг механик хүчин зүйлийн хамруулан авч үздэг...” гэх мэдүүлэг /хэргийн 167, 218 дугаар хуудас/,

Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 194-200, 202-205 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 76 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 78 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:    

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.    

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч М.Б нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны 1 дүгээр орцонд хохирогч С.Сийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.      

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч Н.Жамъян “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хөндлөнгийн гэрчүүд шүүгдэгч М.Б нь хохирогчийг цохиогүй гэж мэдүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч, хохирогч хэн аль нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй талаар хуульчилсан бөгөөд мөрдөгч хуульд заасан эрх, үүргийг сануулж мэдүүлэг авсан байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэвч тусгай мэдлэг бүхий шинжээч эмчийн “...тухайн гэмтэл нь хохирогч хүний бие буюу цээж, гар хэсэг рүү мөргөхөд үүсэх боломжгүй. Тус гэмтэл нь хамран тус газарт хүч үйлчилсэн тохиолдолд үүсэх боломжтой буюу цохигдох үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлгээр тус гэмтлийг хохирогч өөрөө учруулах боломжгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Б нь хохирогч С.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл шинжээч эмчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

        Тиймээс шүүгдэгч М.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон.   

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор нийт 100.000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байна.

 Шүүгдэгч М.Б нь шүүх хуралдаанд гэмт хэргийн хор уршигт тооцогдох 100.000 төгрөгийг төлж барагдуулах тухай хүсэлт гаргасныг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, мөн тус хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэж тус тус заасныг баримтлан хуралдааныг түр завсарлуулж, шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөгийг төлж барагдуулсан /дансаар/ тул шүүгдэгч М.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.   

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.С “цаашид хамрын хагалгаанд ороход шаардлагатай 3.5 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтыг шүүх үнэлэх боломжгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй талаар тайлбарласан бөгөөд харин хохирогч С.С өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

            Шүүгдэгч М.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бол,  6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

            Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилсан.

           Шүүгдэгч М.Бгийн хувьд өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно”, мөн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу ...яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно”, мөн 12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ”, мөн хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь ...хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон ... эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэхэд ... оршино” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЗОЛБОО