| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00321/и |
| Дугаар | 389 |
| Огноо | 2017-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 389
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр баг, Усжуулахын 5-4 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, регистрийн дугаар ШЖ62020872, Тайжууд овогт Чулуунхүүгийн Оюун-Эрдэнэд холбогдох, Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Оюун-Эрдэнэ нь Сум хөгжүүлэх сангаас Шороотын тоосго үйлдвэрлэх нэртэй төслийн хүрээнд 30.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан болно.Уг зээлийг гэрээний дагуу төлөгдөх 30.000.000 төгрөг нь гэрээний хугацаа дуусаад 11 сараар хугацаа хоцролттой явж байна. Энэ хугацаанд ажлын хэсэг албан мэдэгдэл, Засаг даргын албан шаардлага хүүгээр нь дамжуулан мөн утсаар холбогдон мэдэгдэл хүргүүлэн ажилласан боловч зээлээ төлж барагдуулахгүй,шалтаг тоочин зохисгүй үг харьцаа гаргаж байсан болно. Иймд хариуцагчаас үндсэн зээл болох 30.000.000 төгрөг,хүү, алданги 900.000 төгрөг, нийт 30.900.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Мөн улсын тэмдэгтийн хураамж болон бусад зардлыг хариуцагч өөрөө хариуцах болно гэжээ. Хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сум хөгжүүлэх сангаас Шороотын тоосго үйлдвэрлэл нэртэй төслийн хүрээнд 30.000.000 төгрөг авсан юм. Авсан зээл дээрээ 30.000.000 төгрөг өөрийн хөрөнгөнөөс гаргаж нийт 50.000.000 төгрөгөөр хоногт 50.000 ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр аваад 4 хүнд даацын машинаар авч ирсэн. Тээврийн зардал, Юмз универсал трактор 1 ширхэг, туслах тоног төхөөрөмж гэх мэт зүйлс нийлээд 10.000.000 төгрөг болсон. Тоосгоны үйлдвэр угсрахад Улаанбаатар хотоос өдрийн 70.000 төгрөгөөр гэрээ хийж мэргэжилтэн авчирч 30 хоногт угсруулсан ба цалин 2.100.000 төгрөг болсон ба өөрийн хөрөнгөнөөс нийт 32.000.000 төгрөг гаргаад өчнөөн цаг зав, ажлаа алдсан. Энэ нь тоосгоны үйлдвэрийг Шороот гэдэг газар байрлуулна гээд тийш нь тог татах асуудлыг сум шийднэ гэж тендэр зарлаад түүнийг нь төсөлдөө мөнгө нь хүрэхгүй байна гээд хүн авахгүй, тогны асуудлаа шийдэж чадахгүй сэтгэлийн хөөрлөөр ямар ч боловсрол байхгүй иргэдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгч нарын шийдсэн буруу шийдвэрийн хор уршгаар би бие, сэтгэл, хөрөнгө мөнгөөрөө хохироод явж байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Хяналтын прокурор Э.Ууганзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа би, Монгол Улсын Проукрорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу тус аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлж, иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Иргэн Ч.Оюун-Эрдэнэ нь Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Тоосгоны үйлдвэр эрхлэх зориулалтаар гэрээ байгуулан сангийн хөрөнгөөс 30.000.000 төгрөгийн зээлийг сарын 2 хувийн хүүтэй эргэн төлөх нөхцөлтөй авсан боловч 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар эргэн төлөлт хийгээгүй байна. Иргэн Ч.Оюун-Эрдэнэ нь Сум хөгжүүлэх сан-аас зээл авсан болох нь 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, иргэн Ч.Оюун-Эрдэнийн хаан банкны 5029785105 тоот дансны дугаарт 30.000.000 төгрөгийн төслийн зээлийн мөнгийг шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иргэн Ч.Оюун-Эрдэнэ нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам-ын 4.7-д Иргэн, аж ахуй нэгж олгосон зээлийн хөрөнгө, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд Сум хөгжүүлэх сангийн дансанд эргэн төлнө, мөн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 2.5-д Зээлдэгч зээлийн үндсэн хүүг жилийн 2% тооцож, хуваарийн дагуу ажлын 5 хоногт багтаан төрийн сангийн 15015401 тоот дансанд төлнө, мөн гэрээний 2.6-д Зээлийн эхний жилийн хүүг зээлдэгч ажлын 5 хоногт багтаан төрийн сангийн 15015401 тоот дансанд байршуулна гэх заалтыг тус тус зөрчиж зээлийн эргэн төлөлтийг төрийн санд төлж барагдуулаагүй байна. Иймд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих, журам-ын 1.7-д Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй, эсхүл зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан бол зээлийн төлөгдөөгүй үлдэгдэлд торгууль ногдуулж төлүүлнэ. Торгуулийн хувь хэмжээ, нөхцөлийг сумын Засаг дарга, зээлдэгч нарын хооронд байгуулах гэрээнд тусгана гэж заасан байх бөгөөд мөн гэрээний 2.7-д зааснаар сум хөгжүүлэх сангаас авсан зээлийг болон гэрээнд заасны дагуу хүү, алданги нийт 30.900.000 төгрөгийг иргэн Ч.Оюун-Эрдэнээс гаргуулж Сум хөгжүүлэх сангийн дансанд оруулах нь зүйтэй байна гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн нь хариуцагч Ч.Оюун-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ Сум хөгжүүлэх сангаас авсан 30.000.000 төгрөгийн зээл дээр өөрөөсөө 32.000.000 төгрөг нэмж гаргаад тоосгоны үйлдвэрлэл явуулсан боловч сумын удирдлагууд тогны асуудлыг шийдэж өгөөгүйн улмаас үйлдвэр зогссон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ нь Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангаас 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 13 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийн зээлийг жилийн 2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, тоосгоны үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар зээлдсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон 27, 31 дүгээр төлбөрийн хүсэлтүүдээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ нь гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн хүү болон төлбөрийг төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон зээл төлүүлэх тухай албан мэдэгдлээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Оюун-Эрдэнээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.000.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзнэ. Зээлийн гэрээний 2.4-д зааснаар хариуцагч Ч.Оюун-Эрдэнэ нь зээлийн хүүнд 1.800.000 төгрөг төлөх ёстой байснаас 1.200.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 600.000 төгрөгийг төлөөгүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул хүү 600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.7-д зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна хоног тутамд торгууль төлөхөөр талууд тохиролцсон боловч торгуулийн хэмжээг засвартай бичсэн, талууд торгуулийн хэмжээг хэдэн хувиар тогтоосон нь нотлогдохгүй байх тул алданги 300.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Зээлдэгч Ч.Оюун-Эрдэнэ нь Сум хөгжүүлэх сангаас авсан 30.000.000 төгрөгийн зээл дээр өөрөөсөө 32.000.000 төгрөг нэмж гаргаад тоосгоны үйлдвэрлэл явуулсан боловч сумын удирдлагууд тогны асуудлыг шийдэж өгөөгүйн улмаас үйлдвэр зогссон. Нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирсон хэмээн тайлбар гаргасан боловч энэ нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх, хөнгөлөх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлоогүй болно. Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчийн гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтууд, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Ч.Оюун-Эрдэнээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.000.000 төгрөг, хүү 600.000 төгрөг, нийт 30.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх санд оруулж, алданги 300.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 30.600.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 310.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Чулуунхүүгийн Оюун-Эрдэнээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 30.000.000 төгрөг, хүү 600.000 төгрөг, нийт 30.600.000 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн 150155401 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ч.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 310.950 /гурван зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
| |||
| |