Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/54

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд  нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Н.Энхнаран

Прокурор Б.Догмиддорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням, Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 1721002050016 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:*******/.

******* нь “******* ******* *******” ХХК-ийн хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж БД 12-106-14-д заасан газар шорооны ажил гүйцэтгэх үеийн байгууллагын үүргийн барилгын гадна байгаа худаг шуудуунд хязгаарлалт хийж, хамгаалалтын арга хэмжээ авах заалтын 3-д газар шорооны ажил гүйцэтгэх үед үүсэх аюул осол эрсдэлийн үнэлгээг хийж, авах арга хэмжээг ажил гүйцэтгэх төсөлтэй уялдуулан зохион байгуулна 5-д хөрсний нуралт гулсалт, болон бусад зүйлээс учирч болзошгүй хаалт, хамгаалалт, бэхэлгээг тооцооны үндсэн дээр хийсэн байна 6-д үзэгдэх орчин хязгаарлагдмал болон онцгой нөхцөл байдлын улмаас үүсэх аюулын нөхцөл байдлыг байнгын хянана 9-д барилга байгууламжийн суурийн эргэн тойрон дахь хөдөлгөөнийг зохион байгуулж гуравдагч этгээдийг аюулд өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд шугам сүлжээний өргөтгөл хийхээр ухсан нүхэнд хохирогч нь унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр шүүгдэгч *******ыг “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолоор:

1/ Шүүгдэгч *******ыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйн инженерийн эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

4/ Иргэний хариуцагч “******* ******* *******” ХХК нь хохирогч д эмчилгээний зардалд 5000000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ...шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч ******* 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Манай “******* ******* *******” ХХК нь “” ХХК-тай Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу дулааны худаг ТК-12-с дулааны худаг ТК-13, ТК-13 худагнаас баруун тал руу шугам хоолой угсралтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр тохиролцон 2017.08.24-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Дулаан шугамын угсралтын ажлын ихэнх хэсгийг манай компани хийж гүйцэтгэж байсан учир “” ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг давхар хариуцах боломжгүй байсан учир “” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг хариуцуулахаар тохиролцож ажил гүйцэтгэх гэрээний “Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага” гэсэн 1.1.5 хэсэгт “Гүйцэтгэгч тал хөдөлмөр хамгаалал, аюулгүй  ажиллагааг Монгол улсын зохих хууль журмын дагуу бүрэн хангаж ажиллах ба үүнээс үүдэн гарах зардал, ажилчдын хоол, унаа, актын зардал, фото зургийн зардал зэрэг бүх зардлыг хариуцна”, мөн гэрээний “Гүйцэтгэгчийн эрх, үүрэг” гэсэн 3.7-д “Гүйцэтгэгч тал хөдөлмөр хамгаалал, ажилчдын хоол, унаа, актын зардал, фото зургийн зардал зэрэг гарах зардлыг хариуцна”, 3.8-д “Гүйцэтгэгч тал Монгол улсын холбогдох хууль журмын дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх ба хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанаас гарах зардал болон түүнээс үүсэх хүндрэл бэрхшээл, аливаа хариуцлагыг бүрэн хүлээх үүрэгтэй” гэж маш тодорхой, нарийн зааж өгсөн юм. Дээрх заалтыг “” ХХК-ийн захирал нь бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч гэрээг байгуулснаар тус компанийн ажил явагдаж эхэлсэн юм. Миний хувьд “******* ******* *******” ХХК-ийн гүйцэтгэж буй ажил дээр анхааруулах тууз, хашаа хаалт, явган замын гарц орцыг нэг бүрчлэн хийж байсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр “” ХХК-ийн гүйцэтгэж буй ажилд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг “******* ******* *******” ХХК хариуцахаар тохиролцоогүй байсан учир миний бие “” ХХК-ийн гүйцэтгэж буй ажилд хөдөлмөр аюулгүй байдлыг хангуулах үүрэг байгаагүй юм.

Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын 2018.02.09-ний өдрийн 05-078-03 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Хэрэв ажил гүйцэтгэх гэрээний “Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага” гэсэн хэсгийн 1.1.5 дахь заалтыг “” ХХК-ийн үүрэгт тусгасан бол уг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт ...-д заасан үүргийг хүлээнэ. Харин ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй тул ерөнхий гүйцэтгэгч “******* ******* *******” ХХК хариуцна” гэсэн дүгнэлт гаргаж, тус дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож намайг гэм буруутай гэж үзэн ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, В.Давааням, Г.Цэрэндолгор нар 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Үүнд: ... 1. Хөдөлмөрийн  юулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтаас харахад хөдөлмөрийн аюулгүй байдлын улмаас бусдад хохирол учирсан тохиолдолд тухайн хохирлыг ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын хэн нь хариуцах талаар заажээ. Үүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгах ёстой бөгөөд хэрэв энэ талаар гэрээнд тусгаагүй тохиолдолд учирсан хохирлыг ерөнхий гүйцэтгэгч бүрэн хариуцахаар байна.

Дээрх хэм хэмжээний дагуу “******* ******* *******” ХХК нь туслан гүйцэтгэгч “” ХХК- иар дулааны шугамын ажил гүйцэтгүүлэхээр 2017.08.24-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний /хх-207-р тал/ 1.1.5-д “Гүйцэтгэгч тал хөдөлмөр хамгаалал,  юулгүй ажиллагааг Монгол улсын зохих хууль журмын дагуу бүрэн хангаж ажиллах ба үүнээс үүдэн гарах зардал, ажилчдын хоол, унаа, актын зардал, фото зургийн зардал зэрэг бүх зардлыг хариуцна” гээд мөн гэрээний Гүйцэтгэгчийн эрх үүрэг гэсэн хэсэгт буюу 3.7-д “Гүйцэтгэгч тал хөдөлмөр хамгаалал, ажилчдын хоол, унаа, актын зардал, фото зургийн зардал зэрэг гарах зардлыг хариуцна”, 3.8-д “Гүйцэтгэгч тал нь Монгол улсын холбогдох хууль журмын дагуу хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх ба хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаанаас гарах зардал болон түүнээс үүсэх хүндрэл бэрхшээл аливаа хариуцлагыг бүрэн хүлээх үүрэгтэй” гэж маш тодорхой зааж өгсөн юм.

Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2018.02.09-ний өдрийн 05-078-03 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтийн хариулт 2-т “...Хэрэв ажил гүйцэтгэх гэрээний “Ажил гүйцэтгэхэд тавигдах шаардлага” гэсэн хэсгийн 1.1.5 дахь заалтыг “” ХХК-ийн үүрэгт тусгасан бол уг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалт ...-д заасан үүргийг хүлээнэ. Харин ажил гүйцэтгэх гэрээнд тусгаагүй тул ерөнхий гүйцэтгэгч “******* ******* *******” ХХК хариуцна” гэжээ.

Дээрх шинжээч нар уг дүгнэлтийг гаргахдаа “******* ******* *******” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2017.08.24-ний өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйл буюу “Гүйцэтгэгчийн эрх, үүрэг” гэсэн хэсгийг анхаарч үзэлгүй дүгнэлт гаргасан. Учир нь тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 болон 3.8-р хэсэгт зааснаар гүйцэтгэгч буюу “” ХХК нь хөдөлмөр хамгааллын зардлыг бүрэн хариуцах ба хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг Монгол улсын хууль, журамд заасны дагуу дагаж мөрдөн ажиллах ба түүнээс үүсэх аливаа хариуцлагыг бүрэн хариуцах талаар зааж өгснийг анхаарсангүй. Уг шинжээчийн дүгнэлтийн дагуу “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд “” ХХК-ийн хүлээх үүргийг нарийн, тодорхой заасан учир хохирогч гийн биед учирсан хүнд гэмтлийн хууль зүйн хариуцлагыг “” ХХК хариуцахаар байна.

МХЕГ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан 2018.02.09-ний өдрийн 05- 078-03 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд илтэд нийцээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүх тус дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. ...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийг шатанд болон нотлох баримт шинжлэн судлах шат, гэм буруугийн талаарх саналд “******* ******* *******” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2017.08.24-ний өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”- ний 3 дугаар зүйлийн 3.7, 3.8 дахь хэсгүүдэд заасан гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар хангалттай, тодорхой тайлбарлаж, шинжлэн судалсаар байхад шүүх бодитойгоор үнэлсэнгүй.

2. Гэрч гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд тогтвортойгоор мэдүүлсэн “...манай компани тухайн ажлыг гүйцэтгэж байгаа ажилчдын аюулгүй байдлыг хамгаалах журмын дагуу ажиллаж байсан. Хэрэв ерөнхий гүйцэтгэгч “******* ******* *******” ХХК-ийн зүгээс санхүүгийн асуудлыг шийдэж өгсөн тохиолдолд манайх хариуцах байсан” гэж мэдүүлдэг боловч дулааны шугамын угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ “******* ******* *******” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан бөгөөд тус гэрээнд “******* ******* *******” ХХК-иас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд “” ХХК-д холбогдох зардлыг шийдэж өгнө гэсэн үүрэг хүлээгээгүй. Харин “” ХХК нь аюулгүй ажиллагааны зардлыг бүрэн хариуцах талаар гэрээнд заасан байдаг юм. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд судалж, үнэлсэнгүй.

3. ...Шинжээч Д.Бямбасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Захиалагч нь гүйцэтгэгчид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хөдөлмөр хамгаалал аюулгүй байдалтай холбоотой зардлыг гаргаж өгөх ёстой гэж заасан байдаг...” хэмээн мэдүүлдэг. Гэвч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “...Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь ...хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ерөнхий гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зардлыг заавал өгөх ёстой гэсэн заалт биш юм. Энэхүү хэм хэмжээний дагуу “******* ******* *******” ХХК нь туслан гүйцэтгэгч “” ХХК-д “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг бүрэн хариуцуулахаар үүрэг болгосон.

Дээрх байдлаас харахад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 16.15.2-т “Шүүх ...нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэнийн үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлсэнгүй.

Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 11.3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж болох “...Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй” нь *******т тогтоогдохгүй буюу “” ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд шугам сүлжээний өргөтгөл хийхээр ухсан нүхний хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг ******* хүлээгээгүй байхад гэм буруутай хэмээн дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дахь хэсэгт зааснаар буруутгахын тулд уг болгоомжгүй эс үйлдлээрээ “...Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг”-ийн аль нэгийг зөрчсөн байх шаардлагатай.

...Захиргааны хэм хэмжээний акт болох “Ажлын байрны зааварчилгаа өгөх, аргачилсан зөвлөмж” БД 12-106-14 гэх баримт бичгийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөрөө гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж тодорхойлсон. ...Хэрэгт авагдсанаар: Монгол улсын барилга, хот байгуулалтын төрийн захиргаа, удирдлагын газрын дарга У.Отгонбаярын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 05/70 тоот албан бичигт “...Ажлын байрны зааварчилгаа өгөх, аргачилсан зөвлөмж” БД 12-106-14 нь захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад байдаггүй, зөвлөмжийн шинжтэй баримт бичиг болно гэж маш тодорхой байдлаар хариу хүргүүлсэн.

Иймд Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хохирогч давж заалдах шатны шүүх хуралдаанд ирү тайлбартаа:  Миний хувьд тухайн үед согтуу явж байгаад ухсан нүхний хажуугаар явахдаа өөдөөс  ирсэн машины гэрэл гялбан тэр нүхийг харахгүй унаж гэмтсэн минь үнэн. Гэхдээ энэ  алуу хүүхэд өнөөдөр энэ асуудлаас болж хорих ял авчихаад хоригдож байгаад нь сэтгэл их өвдөж байна. Би энэ хүүхдийг танихгүй, намайг ирээд цохижзодоод  гэмтээгээгүй. Өөрийнхөө хараагүй, мэдээгүй байгаа зүйл дээрээ ингээд хорих ял авчихдаг гэж би бодож сэтгэж яваагүй юм. Гүйцэтгэж байгаа албан тушаал нь ийм эрсдэлтэй байдаг юм байна. Гэхдээ хавтаст хэрэг, анхан шатны шүүх хурал дээр яригдаж байгаа зүйлсийг сонсож байхад *******ыг буруутай байна гэж би лав бодоогүй. Өмнө нь намайг бэртчихээд эмнэлэгт байхад манай эхнэр, эгч нартай уулзаж миний биеийг асууж, эмчилгээний зардал хэдэн төгрөг хэрэгтэй байна, гаргаж өгье гэх зэргээр мөрдөн байцаах шатанд сүрхий байсан. гэх хүн буруугүй байсан бол яалаа гэж манай гэрт мөнгө өгье гээд явах юм бэ? Гэтэл өмнөх шүүх хурал дээр надад хамаагүй мэтээр ярьж байна. Тухайн үед тэр нүхийг “” ХХК хариуцан ухаж байсан, үүргээ биелүүлээгүй байна гэдгийг би шүүх хурал дээр мэдсэн. нь ухсан нүхнийхээ эргэн тойронд улаан тууз татаж, хамгаалах самбар зэргийг хийсэн байсан бол ийм зүйл гарахгүй байх байсан ч юм уу. Хэлж мэдэхгүй байна. Би үлдэгдэл хохирлоо гаас нэхэмжилнэ гэж бодож байгаа. Баримттай хохирлуудаа хэрэгт хийсэн байгаа. Би Улаанбаатар хот руу тэмцээний хүүхдүүдийг авч явж байгаа болохоор намайг шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү. Тус шүүхээс хүсэхэд миний болгоомжгүйгээс болж залуу хүүхэд шоронд орж байгаад их сэтгэл өвдөж байна. Миний зүгээс *******т гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Заавал хорьж цагдаад байлгүй гадуур байлгаж тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Догмиддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлан шүүгдэгч *******ыг гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Давааням, Д.Галтогтох, Г.Цэрэндолгор нар заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоо дэмжиж байна.  *******т тухайн нүхийг тойруулан тууз татах үүрэг байгаагүй. Учир нь, тухайн ажлыг “” ХХК хариуцан гүйцэтгэж байсан. “” ХХК ба “******* ******* *******” ХХК- ний хооронд байгуулсан гэрээнд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудлыг “” ХХК хариуцах, үүнтэй холбоотой бүх зардлыг “” ХХК өөрөө хариуцахаар заасан байгаа. Шинжээч дүгнэлт гаргахдаа дээрх гэрээг сайн уншилгүйгээр хөдөлмөр хамгааллын зардал гаргаж өгөөгүй, гэрээнд тодорхой заагаагүй учраас “******* ******* *******” ХХК хариуцна гэсэн нь эргэлзээтэй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтийг шүүх заавал баримтлах үүрэггүй талаар зааж өгсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх эргэлзээтэй, үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтийг баримтлан *******ыг гэм буруутайд тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Мөн зөвлөмжийн шинжтэй бичиг баримтыг захиргааны хэм хэмжээний акт гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимтай харшилж байна” гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани 3.2 км шугамын ажил гүйцэтгэх гэрээг Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан. Үүнээс 200 метр шугамыг “” ХХК-аар гүйцэтгүүлсэн. Миний хувьд “******* ******* *******” ХХК-ний хөдөлмөр хамгааллын инженерийн хувьд өөрийн компанийн гүйцэтгэж байгаа ажлын талбайн аюулгүй байдлыг зохих ёсоор хангаж хамгаалалтын туузыг татаж, явган хүн нэвтрэх гарц зэргийг хийж байсан. Харин “” ХХК-тай байгуулсан гэрээнд хөдөлмөр хамгааллын асуудлыг тэдний компани өөрсдөө хариуцахаар заасан учраас би хариуцлага хүлээхгүй гэж бодож байна. Тууз татах зардал гээд тооцоод үзвэл 50 метртэй нэг боодол тууз нь 3000 төгрөгийн үнэтэй байдаг. 5 боодол тууз 15,000 төгрөг, тэгээд хэдэн арматурын төмөр тайраад хийх л ажил байсан. Гэтэл “” ХХК-ийн захирал их хэмжээний зардал гарах мэтээр ойлгуулаад зардал шийдэж өгөөгүй учраас “******* ******* *******” ХХК хариуцна гээд байгаад гомдолтой байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч *******ыг “******* ******* *******” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, ахуйн инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Х э р э г т ц у г л а р с а н , ш ү ү х и й н х э л э л ц ү ү л э г т ш и н ж л э н с у д л а г д с а  н баримтуудаар хэргийн талаар дараах үйл баримт тогтоогдсон байна:

Хохирогч нь 2017 оны 09 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын орчим, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутагт дулааны шугамын өргөтгөл хийхээр ухсан нүхэнд унаж, гавал ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн дээрх болон доорх цусан хураа, тархины няцрал, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт гэх амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авчээ. Хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ухсан нүхэнд унасан хэдий ч уг байгууламжийн ажлыг гүйцэтгэгч нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах талаар тухайлбал нүхийг тойруулж тууз татах, анхааруулах тэмдэг тавих зэргээр ямар нэг арга хэмжээ аваагүй байжээ. Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар “******* ******* *******” ХХК нь дулааны шугамын өргөтгөлийн ажлыг хийж  гүйцэтгэхдээ зарим хэсгийн ажлыг “” ХХК-иар гүйцэтгүүлсэн ба уг осол “” ХХК-ийн ажлын талбайд болсон байна.

Талууд шүүгдэгч *******ыг гэм буруутай эсэх талаар маргахдаа хэргийн баримтын тухайд бус, харин эрх зүйн дүгнэлтийн тухайд санал зөрсөн байна. Талуудын хооронд үүссэн эрх зүйн дүгнэлтийн талаарх санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд шинжээчийн дүгнэлт ач холбогдолгүй бөгөөд энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заажээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын зүгээс “шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж буй байр сууриа “тухайн осол нь туслан гүйцэтгэгч “” ХХК-ийн гүйцэтгэж байсан ажлын талбайд гарсан ба “******* ******* *******” ХХК, “” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг “” ХХК хариуцахаар заасан” гэх нөхцөлд үндэслэсэн байна. Анхан шатны шүүх энэхүү нөхцөлийг шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болох эсэх тухайд дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар /дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан/ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл болов.

Гэм буруутай этгээд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй буюу зохих хэрэгжүүлэхгүй байх замаар хүний амь нас, эрүүл мэндэд хайхрамжгүй хандаж байгаа нь энэ гэмт хэргийн субьектив талын шинж юм. Түүнээс өөр хариуцлагатай хүн байсан бол тухайн нөхцөлд зан үйлээ өөрөөр гүйцэтгэх байсан гэсэн дүгнэлтэд шүүх хүрэх нь шүүгдэгчийг болгоомжгүй хандсан гэж буруутгах үндэслэл болдог.

“******* ******* *******” ХХК нь туслан гүйцэтгэгч компаниар ажил гүйцэтгүүлэхдээ гэрээндээ “гүйцэтгэгч тал нь Монгол Улсын холбогдох хууль журмын дагуу хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг дагаж мөрдөх ба хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаанаас гарах зардал болон үүнээс үүсэх хүндрэл бэрхшээл аливаа хариуцлагыг бүрэн хүлээх үүрэгтэй” гэж заасан явдал нь “******* ******* *******” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан *******ын хувьд туслан гүйцэтгэгч “” ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг өөрийн ажил үүргийн хуваариас хасч тооцоход хүргэхүйц хэмжээний нөхцөл болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнээс өөр этгээд байсан бол тухайн нөхцөлд өөрөөр хандаж, “” ХХК- ийн ажлын талбай дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах байсан гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэнгүй.

Шүүхийн дүгнэлт нь ******* гэх хүний үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн шинжтэй эсэх асуудлын хүрээнд хийгдэх учиртай бөгөөд түүний ажиллаж байгаа хуулийн этгээд болох “******* ******* *******” ХХК-ийн Иргэний хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль зэрэг хууль тогтоомжоор хүлээх үүрэг, хариуцлага нь шүүгдэгч *******ыг гэмт хэрэгт буруутгах шууд үндэслэл болохгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.2, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/286 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас даруй сулласугай.

3. ******* нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ

Л.НАРАНБАЯР