Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 44

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Хохирогч: Х.Сувдаа, Т.Алтангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  С.Ганхөлөг

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даян овогт Жаргалын Отгонбаатарт холбогдох 201520000254 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Давст сумын 2-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн ял оногдуулан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ял эдлэх хугацаанаас 1 жил 5 сар 6 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, мөн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 1 сарын хорих ял шийтгэж, Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 15 дугаартай магадлалаар оногдуулаад эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 6 хоногийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг 2 жил 6 сар хорих ялаар нэмж нэгтгэн бүгд 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн, Увс аймгийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай магдлалаар 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж бүгд 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн, 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эдлэх ялын хугацаа дуусаж суллагдасан, регистрийн дугаар ОВ91060311, Даян овгийн Жаргалын Отгонбаатар.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 25-аас 29-ний үед Улаангом сумын 11 дүгээр баг 9-4 тоот хашаанд оршин суух иргэн Ц.Баатархүүгийн гэрээс хурганы арьсан дотортой эмэгтэй болон эрэгтэй хүний дээл 2 ширхэг, зургаан ширхэг хурганы арьс хулгайлж 920.000 төгрөгний хохирол учруулсан мөн давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө Улаангом сумын 4 дүгээр багийн 17 тоот хашаанд байрлах амбаараас Т.Алтангэрэлийн эзэмшлийн 29-24 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, мартина пиво 6 ширхэгийг хулгайлж 1.036.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэх  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                 

1. Хохирогч Х.Сувдаагийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нөхөр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Давст сумруу явсан. Бид нарыг явах үед Ж.Отгонбаатар гэртээ байгаагүй бөгөөд тэдний гэрт 3 хүн байсан. Бид нарыг хөдөө явах гэж байгааг Ж.Отгонбаатар мэдэж байсан. Бид нар Давст сум явахынхаа урд өдөр Ж.Отгонбаатарт бид нар гэр бүлээрээ Давст сумруу яваад хэд хоноод ирнэ гэж хэлж байсан юм. Тэгээд бид нар Давст суманд очоод 4 хоноод 2015 оны 07 сарын 29-ний өдөр гэртээ буцаж ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байхаар нь хулгай орсон юм байна гэж бодоод гэрт ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд манай гэрийн хойморын модон авдарт байсан хурганы арьсан  дотортой эрэгтэй хүний шар өнгөтэй, цагаан өнгийн цэцгэн хээтэй, энгийн торгон гадартай хурганы арьсан дотортой эмэгтэй хүний дээл алга болсон байсан юм. Мөн тэр авдар дотор байсан 5-6 ширхэг элдсэн хурганы арьс алга болсон байсан.  Би дээл, хурганы арьсаа хулгайд алдсаны дараа Улаангом сумын зах дээгүүр явж оёдолчин, худалдагч нартай уулзаж хурганы арьсан дотортой дээл зарахаар явж байсан хүн ирсэн эсэх талаар асуухад Малчин нэртэй дэлгүүрийн худалдагч эмэгтэй надад 25 орчим настай, бор царайтай, дунд зэргийн нуруутай нэг залуу орж ирээд надаас хурганы арьсаар хийсэн дээлийн дотор зармаар байна. Та худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би худалдаж авдаг хүн биш зардаг хүн байна гэж хэлээд гаргаад явуулсан.Тухайн үед тэр залуу гартаа ямар нэгэн зүйл бариагүй байсан. Тэр залуу 2015 оны 07 дугаар сарын сүүл үеэр 28-29 үед орж ирээд гарсан гэж хэлж байсан. Мөн Шинэ Улааангом зах дотор байдаг нэг оёдолчин эгчтэйтэй уулзахад 2015 оны 07 сарын сүүл үеэр 28-29-ний үеэр нэг залуу орж ирээд хурганы арьсан дотортой эрэгтэй, эмэгтэй дээл авахуу гэж асуусан. Тэгэхээр нь би дээл худалдаж авахгүй гэж хэлэхэд тэр залуу дээлийн гадар өнгө солиход хэдэн төгрөг болох вэ гэж асууж байсан. Тэр залуу нь намхандуу нуруутай бор царайтай залуу байсан гэж хэлж байсан. Миний хувьд манай хажуу талд байсан Санта буюу Отгонбаатар гэдэг залуу манай гэрээс тэр хоёр дээлийг элдсэн хурганы арьстай хамт хулгай хийсэн гэж бодож байна. Надад учирсан хохирлыг Ж.Отгонбаатар барагдуулаагүй, шинжээчийн дүгнэлтээр нийт 920.000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 11-12, 13, 69, 70-р тал/

            2. Гэрч Ц.Баатархүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би эхнэр Сувдаа болон хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумруу амрахаар явсан. Бид нарыг явах үед Ж.Отгонбаатар гэртээ байгаагүй. Бид нар явахдаа гэрээ гаднаас нь түгжээд түлхүүрээ аваад явсан. Хөдөө явах гэж байгаагаа Ж.Отгонбаатарт хэд хоногийн өмнө хэлж байсан. Гэхдээ яг тэдний өдөр явна, чи манай гэрийг харж байгаарай гэж хэлээгүй юм. Бид нар Давст суманд очоод дөрөв хоночихоод 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь очиж үзэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд хаалгыг онгойлгосон байсан. Манай хаалганы цоожны гогцоо төмөрний нэгийг нь сугалаад гэрийн хаалгыг онгойлгочихсон байсан. Тэгээд миний эхнэр Х.Сувдаа бид хоёр  гэртээ алга болсон зүйл байгаа эсэхийг бүртгэж үзэхэд манай авдар дотор байсан хурганы арьсан дотортой хоёр дээл алга болсон байсан. Тухайн хоёр дээлнээс гадна дээлтэй хамт авдар дотор байсан зургаан ширхэг элдсэн хурганы арьс алга болсон байсан.  Би манай хашаанд байдаг Ж.Отгонбаатар гэдэг залууг манай гэрээс орж хулгай хийсэн байх гэж хардаж, сэжиглэж байна гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 16-17-р тал /, 

                3. Гэрч З.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчимд би хашаан дотроо машинаа засч байтал тэр залуу орж ирээд өөрийн хөргөгчнөөс мах авсан. Мах авч байхдаа надад Манай хажуу айлын хүмүүс хөдөөнөөс ирчихсэн юм шиг байна. Гэрийнх нь хаалга онгорхой байна гэж надад хэлсэн. Тухайн үед би Ц.Баатахүүгийн гэрийн хаалгыг анзаарч хараагүй юм. Бас би Ц.Баатархүүг хэзээ, хаашаа явсан болохыг мэдээгүй байсан юм. Маргааш өдөр нь буюу 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би өөрийнхөө хашаан дотор явж байхад Ц.Баатахүүгийн гэрийн хаалга онгорхой нээлттэй байсан. Тухайн үе би ямар нэгэн зүйл анзаараагүй. Ц.Баатахүүг гэртээ байгаа юм байна гэж бодоод өнгөрсөн. Манай хашааны хойд талын хэсэгт урт граж байдаг бөгөөд ямар нэгэн зай завсар байхгүй учраас манай хашаан дотроос Ц.Баатархүүгийн гэр харагддаггүй юм. Харин 00-ын хажуу талын хог хаядаг хэсэгт очиход хашааны завсраар Ц.Баатархүүгйин гэр харагддаг юм. Тэр өдөр би хог хаях гэж явж байгаад Ц.Баатархүүгийн гэрийн хаалга онгорхой байхыг анзаарч харсан юм. Тэгтэл 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ц.Баатархүү надтай уулзаад хөдөө яваад ирсэн чинь манай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн ба тэгэхэд би Ц.Баатахүүгийн гэрт хулгай орсон болохыг мэдсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 18-19-р тал /, 

            4. Гэрч Б.Ганхүүгийн  мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 07 дугаар сарын 29-ний орой 22:00 цагийн орчимд өөрийн төрсөн аав н.Байлаахүүгийн 58-55 УВХ улсын дугаартай аксент маркийн автомашинтай таксинд явж байтал захын баруун талд байдаг Өгөөмөр нэртэй дэлгүүрийн гадна Ж.Отгонбаатар ганцаараа явган явж байсан. Би Ж.Отгонбаатарыг  таньчихаад хажууд нь очиж зогсоход Ж.Отгонбаатар надруу хүрч ирсэн. Тэгээд би Ж.Отгонбаатарыг машиндаа суулгаад бид хоёр таксинд явсан. Бид хоёр бараг шөнөжингөө хамт таксинд явсан ба шөнийн 02 цаг өнгөрч байтал Ж.Отгонбаатар надад урд байдаг манай талбай дээр миний өөрийн хурганы арьсан дээл байгаа. Тэр дээлийг нэг хүн худалдаж авна гээд байгаа юм. Тэр дээлийг хүнд хүргэж өгөх гэсэн юм. Чи надад хамт яваад хүргэлцээд өгөөч гэсэн. Тэгээд би зөвшөөрч Ж.Отгонбаатартай хамт яваад хуучин нисэхийн урд талд байдаг нэг ногооны талбайруу очсон. Тэр талбай дээр нэг гэр байсан. Хэнийх гэдэг айл гэдгийг нь би мэдээгүй. Талбайн хажууд очиж зогссоны дараа Ж.Отгонбаатар би яваад дээлээ аваад ирье гээд машинаас буугаад тэр ногооны талбайруу орсон. Би машин дотроо суугаад үлдсэн юм. Ж.Отгонбаатар тэр хашаан дотор байсан айлруу орсон үгүйг би хараагүй. Яагаад гэвэл гадна харанхуй байсан юм. Ж.Отгонбаатар машинаас буугаад ойролцоогоор  5 минутын дараа гартаа хар цоохор өнгийн тортой зүйл барьчихсан хүрч ирсэн. Тухайн үед би тэр торонд юу байгааг анзаарч хараагүй. Тэгээд би Ж.Отгонбаатарыг суулгачихаад буцаад явж байтал Ж.Отгонбаатар надаас дээл авах хүн хөдөө явчихсан ирээгүй юм шиг байна. Би танай гэрт хоночихоё гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрсөн ба Ж.Отгонбаатарыг дагуулаад шууд гэртээ очсон. Гэрт очсоныхоо дараа Ж.Отгонбаатарын авч ирсэн тортой зүйлийг задалж үзээгүй. Тэр зүйл машин дотор үлдсэн. Ж.Отгонбаатар бид хоёр манайд ороод унтаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 07:00 цагийн орчимд босоод Улаангом сумын 9 дүгээр багт байдаг нэг айлд очсон. Тэгээд Ж.Отгонбаатар бид хоёр тэр айлд орсон. Тэр айл нь Ж.Отгонбаатар бид хоёртой хамт Тэс суманд барилга дээр ажиллаж байсан Шинээ гэдэг залуугийнх байсан. Ж.Отгонбаатар Шинээгийнд орохдоо машинд тавьсан байсан тортой зүйлээ аваад буусан. Шинээгийн гэрт ороод нөгөө тортой зүйлээ задлахад шаравтар өнгөтэй торгон гадартай хурганы арьсан дотортой 1 ширхэг эрэгтэй хүний дээл, бас бүтэн нэг дээлний хурганы арьсан дотор байсан. Мөн элдсэн хурганы арьснууд байсан. Хэдэн ширхэг байсныг би тоолж үзээгүй. Шаравтар өнгийн торгон гадартай, хурганы арьсан дотортой эрэгтэй дээлийг Шинээ өмсөж үзсэн.  Шинээ дээлийг өмсөж үзчихээд би энэ дээл, хурганы арьсан дотор хоёрыг чинь худалдаж авна гэж Ж.Отгонбаатарт хэлчихээд гэрээсээ гараад явчихсан. Тэр үед Шинээгийн эхнэр Отгоо, Отгоогийн ээж гэх нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд Ж.Отгонбаатар Отгоо болон Отгоогийн ээжтэй үнэ хөлсөө ярилцсан. Тэд нар тухайн дээл, дээлний хурган дотор хоёрыг нийлүүлээд 600.000 төгрөгөөр хоорондоо худалдахаар ярилцаж тохирсон. Тэгээд Ж.Отгонбаатар тэр хүмүүсээс 300.000 төгрөг бэлнээр тоолж авсан. Ж.Отгонбаатар үлдэгдэл мөнгөө дараа авахаар тэр хүмүүстэй тохироод явсан. Авч явсан дээл, дээлний дотор хоёрыг Шинээгийн эхнэр Отгоо болон Отгоогийн ээж гэх хоёр хүн авч үлдсэн. Ж.Отгонбаатарын авч явсан элдсэн хурганы арьснуудыг бас авч үлдсэн юм. Хурганы арьсан дотортой дээл нь шаравтар өнгөтэй, торгон гадартай, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл байсан. Харин хурганы арьсаар хийсэн дээлний дотор нь нөгөө дээлээ бодвол арай жижиг хэмжээтэй эрэгтэй хүний дээлийн дотор шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 72-73-р тал /, 

           5. Гэрч М.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Улаангом сумын 3-р багт байрладаг Шинэ Улаангом худалдааны төв дотор хувиараа Монгол хувцас оёж зардаг юм. 2015 оны 07 дугаар сарын сүүлээр /яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Увс аймгийн 90 жилийн ой болоод удаагүй байсан юм/ ажил дээрээ байж байтал нэг танихгүй туранхайдуу биетэй, бор царайтай, 160-170 см орчим өндөртэй, хар алаг фудволктой хөдөөний гэмээр залуу надаас хурганы арьсан дотортой дээлний гадар солих уу гэж асуухаар нь би дээлний гадар солихгүй гэж хэлэхэд тэр залуу тэгвэл та хурганы арьсан дотор, дээл худалдаж авах уу гэж асуухад нь би би дээл оёдог хүн, дээл худалдаж авахгүй  гэж хэлсэн. Тэрнээс хойш тэр залуу дахиж ирээгүй. Одоо тэр залууг харвал нүүрний ерөнхий төрх, биеийн галбир зэргээр нь сайн танина гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 80-р тал /, 

6. Гэрч Г.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14-15 цагийн үед Ж.Отгонбаатар Увс аймгийн Улаангом сум Буянт хороололд байх манай гэрт Тавзай гэх хочтой залуугийн хамтаар хар саарал өнгийн Аксент маркийн автомашинтай дээл зарна гээд манай гэрт хурганы арьсан эмэгтэй, эрэгтэй  хоёр дээл барьчихсан орж ирсэн. Эмэгтэй дээл нь улаан шаргал өнгөтэй, эрэгтэй дээл нь цагаан саарал торгон дээл байсан санагдаж байна.  Тэгээд намайг худалдаж авах уу?, шинэ дээл байгаа гээд харуулсан, харахад уг хоёр дээл нь хүн өмсөж байсан хуучивтар дээл байсан юм. Тэгээд би хуучин дээл болохоор нь би дээл худалдаж авахгүй гэж хэлчихээд урд талын айлруугаа орчихсон. Тэр хойгуур Тавзай, Ж.Отгонбаатар 2 явчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 86-87-р тал /, 

            7. Гэрч  Ж.Отгонзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Увс аймгийн Улаангом сумын Буянт хороололд байх манай Монгол гэрт Ж.Отгонбаатар, Тавзай хоёр хамт орж ирцгээсэн. Орж ирэхдээ хоёр дээл авчирлаа худалдаж авах уу?, манай эхнэр Өмнөговь суманд эмнэлэгт хэвтчихсэн байгаа. Мөнгөний хэрэг гараад хоёр дээл авчирлаа худалдаж авах уу? гэхээр нь би дээлийг нь үзтэл нэг нь эрэгтэй хүний хурганы арьсан, бор шар өнгийн хурган дээл, нэг нь эмэгтэй гадаргүй дээлний дотор байсан. Тэгээд би  хуучин дээл байхаар нь авахгүй гээд аваагүй. Намайг нэгийг нь 350.000 төгрөгөөр нийтэд нь 700.000 төгрөгөөр худалдаж авах уу? гэж байсан. Тэгээд өөр юм ярилцаагүй дээлээ манай гэрт түр үлдээчихээд яваад буцаж Ж.Отгонбаатар ирээд авсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 88-89-р тал /,

                8. Хохирогч Т.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө унтаж байтал манай төрсөн ээж Т.Сайжмаа 6 цагийн үед манайд орж ирээд Т.Алтангэрэлээ босоорой мотоцикль чинь алга болчихсон байна гэж хэлэхээр нь би босоод байшин руугаа очих үед байшингийн хаалга онгорхой байсан ба дотор нь байсан мотоцикль болон түүний дэргэд байсан 6 ширхэг мартина нэртэй пиво алга болсон байсан. Тухайн үед манай хашааны хаалга бас онгорхой байсан. Байшингийн хаалганы орчим газарт нэг хүний гутлын мөр байсан. Мөн миний мотоциклийн мөр байшингийн хаалгаар гараад зүүн талд байдаг засмал зам зүглэж явсан байсан. Мөрөө хөөгөөд явах үед тэр мөр засмал зам дээр гараад зүүн хойд зүг чиглээд засмал замаар явсан байсан ба засмал зам дээр мөр сарниж алга болсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн ба улмаар Ж.Отгонбаатар мотоцикль болон пивийг хулгайлж авсан болохыг цагдаа нар 9 дүгээр багт байх гэрт нь очиж олж авсан. Надад хохирол төлбөр барагдуулсан тул Ж.Отгонбаатарт хуулийн дагуу шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 201-202, 203-р тал /, 

                9. Гэрч Т.Сайжмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 05 цаг 00 минут болж байх үеэр малдаа өвс тавьж өгөх гээд гартал урьд шөнө түгжсэн хашааны хаалга онгорхой байсан. Хойшоо эргээд хартал гэрийн гадна байдаг байшингийн хаалга нь онгорхой байсан ба байшингийн хаалганаас хашааны хаалга явсан мотоциклийн мөр байсан. Би тухайн үед байшин дотор байсан хүү Т.Алтангэрэлийн мотоциклийг хулгайч авсан байна гэж бодоод шууд Т.Алтангэрэлийн гэрт ороод түүнд мэдэгдэх үед Т.Алтангэрэл гэрээс гарч ирээд байшинруу ортол түүний мотоцикль байхгүй болчихсон байсан. Тэгээд шууд цагдаад мэдэгдэцгээсэн. Мөн байшин дотор мотоциклийн дэргэд нь байсан 6 ширхэг Мартина нэртэй пиво тухайн үед алга болсон байсан гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 211-р тал/,

10. Гэрч Б.Байгалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө гэртээ нөхөр Алтангэрэл болон хүүхдийнхээ хамтаар амарч байтал 06 цагийн орчим хадам ээж Т.Сайжмаа орж ирээд босоорой мотоцикль чинь алга болчихсон юм шиг байна. Хашааны хаалга, байшингийн хаалга онгорхой байна, мөр нь гарсан байна гэж нөхөр Т.Алтангэрэлд хэлэх үед Т.Алтангэрэл бид хоёр гэрээс гарч харахад хашааны хаалга болон байшингийн хаалга аль аль нь онгорхой байсан. Тухайн өдөр цагдаад мэдэгдээд үдээс хойш нь Т.Алтангэрэл цагдаа нартай хамт явж мотоциклоо олж авсан. Ж.Отгонбаатар өөрийнхөө гэрт хүргээд тавьчихсан байсан гэж нөхөр Т.Алтангэрэл надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 212-р тал /,

11. Гэрч Б.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Ж.Отгонбаатартай хамт найз охин Болормаагийн гэрт очиж, Болормаа, Мөнхцэцэг нартай уулзчихаад санта /Ж.Отгонбаатар/ бид хоёр алхаад явж байтал Санта надад чи хариад байж бай би ахындаа очоод мотоциклийг нь аваад ирье чамруу ярина гэж хэлчихээд яваад өгсөн. Ямар ахындаа очих талаар яриагүй. Би гэртээ хариад байж байтал 1 цаг өнгөрч байх үеэр Санта надруу залгаад гэрийнхээ дээд талд гараад ир гэхээр нь би гэрээс гараад яваад очих үед Санта мотоцикльтой ганцаараа зогсож байсан. Тэр согтуу байсан, гэрэлгүй улаан Мустанг-5 маркийн мотоцикльтой явж байсан. Дохионых нь гэрэл нь хагарчихсан, өмсөж явсан гутал болон мотоциклийн дугуй нь шавар болчихсон байсан. Тэр мотоциклийнхоо ард талд цагаан өнгөтэй шуудайтай зүйл ганзгалчихсан явж байсан ба онгойлгоод үзтэл дотор нь мартина нэртэй том савтай пиво олон байх шиг байсан. Тэгээд гудамжинд 2 савтай пиво задалж уухад нэг мэдэхэд 4 цаг болсон байсан. Тэр үед Санта нэлээд согтчихсон манайд очьё ахаа хүргээд өгчих гэхээр нь би зөвшөөрч Санта мотоциклио унаад би түүний ард суугаад явсан. Тэгээд Сантагийн гэрт очсон ба мотоциклоо гэртээ оруулаад баруун талын хаяаг түшүүлэн тавьсан. Тэгээд би унтаж амарч байгаад өглөө 6 цагийн үед гэртээ очиж амарсан  гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 219-220, 221-р тал /,

12. Гэрч Ж.Төмөрбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: "2016 оны цагаан сарын үеэр Ж.Отгонбаатар манай гэр болон Т.Алтангэрэлийн гэрт ирэх үедээ намайг дагаж байшинд орохдоо Т.Алтангэрэлийн мотоцикль байшин дотор байсныг харсан хүн байгаа юм. Иймд Ж.Отгонбаатар Т.Алтангэрэлийн мотоцикль байшинд байдгийг мэдээд ирж хулгай хийсэн болж таарч байгаа юм. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр цагдаа нартай хамт Ж.Отгонбаатарын гэрт очиход гэртээ унтаж байсан ба мотоцикль  гэрийнх нь дотор талын баруун хаяанд шавар шавхай болчихсон байдалтай номергүй байсан. Мөн мартина нэртэй 2 ширхэг пиво байсныг олсон" гэх мэдүүлэг / хх-ийн I хавтасны 222-р тал /,

                13. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд / хх-ийн I хавтасны 7-8, 175-178-р тал /,

14. Хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг / хх-ийн I хавтасны 179-р тал /,

15. Мотоцикль байсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 180-183-р тал /,

16. "Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2015/07-44 дугаартай "Хурганы арьсан дотортой дээл үнэлсэн тухай"  шинжээчийн дүгнэлт / хх-ийн I хавтасны 26-р тал /,

17. "Гэрэгэ Эстимэйт" ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2015/09-17 дугаартай "Хурганы арьс үнэлсэн тухай"  шинжээчийн дүгнэлт / хх-ийн I хавтасны 26-р тал /,

18. "Гэрэгэ Эстимэйт" ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2016/04-01 дугаартай "Мустанг-5 мотоцикль үнэлсэн тухай" шинжээчийн дүгнэлт  / хх-ийн I хавтасны 225-р тал /,

19. "Увс финанс-Аудит"  ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 140 дугаартай "Пиво үнэлсэн тухай" шинжээчийн дүгнэлт " / хх-ийн I хавтасны 229-230-р тал /,

20. Зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн I хавтасны 65-68-р тал /,

21. Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, / хх-ийн I хавтасны 109-р тал /,

22. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, / хх-ийн I хавтасны 110-137, 141, 145, 149-153-р тал /,

23. Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн I хавтасны 185-187-р тал /,

24. Шүүгдэгч Ж.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "2015 оны 07 дугаар сарын 20-ны үед манай гэр Баатархүүгийн хашаанд байсан ба Баатархүү гэр бүлтэйгээ хамт хөдөө явах үед манай гэрт 4-5 хүн байсан. Тухайн үед би гэртээ байгаагүй, ахынхаа гэрт байсан. Тэндээ хэд хоноод гэрээс мах аваад эргэж явах гээд өөрийнхөө хөргөгч тавьсан Төмөрбаатар гэдэг айлаас мах аваад явах гэж гэртээ ирэхэд Баатархүүгийн гэрийн хаалга онгорхой байсан ба мах авахдаа Төмөрбаатарт "манай хажуу талын хөрш ирсэн юм шиг байна" гэж хэлсэн.  Тэр өдрөө ахын гэрт хоноод захын тэнд явж байтал надруу танихгүй дугаар залгаад утсаа авахад цагдаа "та цагдаагийн газар ирэх  хэрэгтэй байна, таниас мэдүүлэг авах гэсэн юм" гэж хэлсэн тул би цагдаагийн газар очиход хошууч цолтой цагдаа байсан. Түүний нэрийг одоо сайн санахгүй байна. Ахлах дэслэгч Батсансар гэдэг байцаагчид намайг шилжүүлж "тэр цагдаа чамаас гэрчийн мэдүүлэг авна, танай хажуу талын айлд хулгай орсон байна" гэж хэлсэн. Тухайн үед би гэртээ хоноогүй, ах манай гэрт хоносон гээд бүгдийн үнэнээр нь хэлсэн. Дахин маргааш нь "хүрээд ир" гэхэд би хадам аавын гэр лүү явна гэж хэлээд явсан. Мөнгө хэрэг болоод ахын гэрт байж байгаад "надад мөнгө хэрэгтэй байна" гэхэд ах өөрийнхөө хурган дотортой дээлээ өгөөд "зарж мөнгө болгож ав" гэж хэлсэн тул зах дээр очиж малчин дэлгүүрээс "хурган дотортой дээл авах уу" гэж асуусан. Минск гэдэг айлын хүргэн таксиний жолоочтой Тэс суманд хамт ажиллаж байсан тул цагаан өнгийн дээлийг цүнхэнд хийж тэр залуугийн машинд сууж очиж хоноод маргааш өглөө нь Шинээгийн гэрт очиход Шинээгийн эхнэр, ээж нарт нь цоо шинэ хурган дотортой дээлээ үзүүлсэн. Ах дээлээ худалдаж авсан ба худалдсан хүн аймагт байгаа. Дээл зарах гэхэд Шинээ "би чамд хадам ээжээс 300.000 төгрөг аваад өгье" гээд Минск эгчийг такситай банк авч яваад 300.000 төгрөг авч ирж өгөхөд би хадам аавын гэрлүү явж ирээд буцааж өгсөн. Хадам аавын гэрт очоод байж байтал Өмнөговь сумын хэсгийн төлөөлөгч намайг хадам аавын гэрээс барьж авахад би "өөрөө очиж мэдүүлгээ өгье, өөрөө мотоцикльтай яваа, оргож зайлж зугатахгүй" гэж Содномдорж гэж ахмад цолтой цагдаад хэлээд тэр өдрөө Содномдоржийг ажлынхан гадна буулгаад өөрөө Увс аймагруу орж ирээд ахлах дэслэгч дээр очиж мэдүүлэг өгсөн. Мөнхнасан байцаагчид би "энд байх хэцүү байна, энэ хэргээс болоод эхнэр хүүхдээсээ салахад хүрээд байна, одоо салж байна. Хийсэн хэрэггүй байж энд байж чадахгүй, явж мал маллаж хэдэн төгрөг олж, ах дүү нартаа тусалж малыг нь  харж өгмөөр байна" гэж хэлээд хүргэн ахын гэрлүү Давст сумруу явсан. 2016 оны 1 дүгээр сарын сүүлээр цагдаагийн машин намайг ирж авч ийм хэрэг болсон. Минск дээлний доторыг худалдаж аваагүй, ахын гэрээс такситай бүрэнхий болж байхад очиж авсан дээлийн дотор юм. Дээлний эзэнд би хохиролтой байна. Энэ дээлнээс болж эхнэрээсээ салсан. Би өнгөрсөн 1 дүгээр сарын 18-ны өдөр хүүхэдтэй болсон. Өмнө нь би шоронд орж байсан нь үнэн боловч шоронгоос гараад ухаан орж малчин хийж, эхнэр авч амьдрал зохиож амьдрах хүсэлтэй байсан боловч дээлний хэргээс болж амьдралгүй болсон. Хэн ч гэсэн охиноо хулгай ч хүнд өгөхгүй. Шоронгоос гарч ирээд 5-6 жил амьдрах гэж явсан боловч болдоггүй юм байна. Эрхэм шүүгч үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү?. 2016 оны 4 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө иргэн Алтангэрэлийн мотоцикль хулгайлсан нь үнэн. Гэртээ авч ирээд өглөө нь цагдаад баригдаж цагдан хорих байранд 70 хонож байна. Мотоцикль хулгайлсан миний буруу" гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

                Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд:

                1. Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 24-өөс 29-ний үед Улаангом сумын 11 дүгээр багийн  9-4 тоот хашаанд байрлах иргэн Ц.Баатархүүгийн гэрээс хурганы арьсан дотортой эмэгтэй хүний дээл нэг, эрэгтэй хүний дээл нэг, хурганы элдсэн арьс зургаан ширхэгийг хулгайлж 920.000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Х.Сувдаа, гэрч Ц.Баатархүү, З.Төмөрбаатар, Б.Ганхүү, М.Дэлгэрмаа, Г.Шинэбаяр, Ж.Отгонзаяа нарын мэдүүлэг, хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, "Хурганы арьс дотортой дээл үнэлсэн тухай" 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2015/07-44 дугаартай шинжээчийн дүгнэлт,  "Хурганы арьс үнэлсэн тухай"  2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2015/09-17 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь "Энэ гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй" гэх боловч энэ нь хохирогч Х.Сувдаагийн "Бид нарыг хөдөө явах гэж байгааг Ж.Отгонбаатар мэдэж байсан. 2015 оны 07 сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд хоймрын модон авдарт байсан хурганы арьсан  дотортой эрэгтэй хүний шар өнгөтэй, эмэгтэй хүний цагаан өнгийн цэцгэн хээтэй, энгийн торгон, гадартай хурганы арьсан дотортой дээл алга болсон байсан юм. Мөн тэр авдар дотор байсан 5-6 ширхэг элдсэн хурганы арьс алга болсон байсан", гэрч Ц.Баатархүүгийн "Хөдөө явах гэж байгаагаа Ж.Отгонбаатарт хэд хоногийн өмнө хэлж байсан. 2015 оны 07 срын 29-ний өдөр ирэхэд гэрийн хаалга онгорхой байхаар нь очиж үзэхэд гэрийн хаалганы цоожийг эвдээд хаалгыг онгойлгосон байсан",  гэрч Б.Ганхүүгийн  "2015 оны 07 дугаар сарын 30-ны өглөө Ж.Отгонбаатар бид хоёртой хамт Тэс суманд барилга дээр ажиллаж байсан Шинээ гэдэг залуугийнд очсон. Ж.Отгонбаатар Шинээгийнд орохдоо машинд тавьсан байсан тортой зүйлээ аваад буусан. Шинээгийн гэрт ороод нөгөө тортой зүйлээ задлахад шаравтар өнгөтэй торгон гадартай хурганы арьсан дотортой 1 ширхэг эрэгтэй хүний дээл, бас бүтэн нэг дээлний хурганы арьсан дотор байсан. Мөн элдсэн хурганы арьснууд байсан. Хурганы арьсан дотортой дээл нь шаравтар өнгөтэй, торгон гадартай, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл байсан. Харин хурганы арьсаар хийсэн дээлний дотор нь нөгөө дээлээ бодвол арай жижиг хэмжээтэй эрэгтэй хүний дээлийн дотор шиг байсан", гэрч М.Дэлгэрмаагийн "Би ажил дээрээ байж байтал нэг танихгүй туранхайдуу биетэй, бор царайтай, 160-170 см орчим өндөртэй, хар алаг фудволктой, хөдөөний гэмээр залуу надаас "Хурганы арьсан дотортой дээлний гадар солих уу" гэж асуухаар нь би "Дээлний гадар солихгүй" гэж хэлэхэд тэр залуу "Тэгвэл та хурганы арьсан дотор, дээл худалдаж авах уу" гэж асуухад нь би "Би дээл оёдог хүн. Дээл худалдаж авахгүй"  гэж хэлсэн. Одоо тэр залууг харвал нүүрний ерөнхий төрх, биеийн галбир зэргээр нь сайн танина",  гэрч Г.Шинэбаярын "2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ж.Отгонбаатар манай гэрт Тавзай /Ганхүү/ гэх хочтой залуугийн дээл зарна гээд манай гэрт орж ирсэн. Хурганы арьсан эмэгтэй, эрэгтэй  хоёр дээл барьчихсан орж ирсэн. Эмэгтэй дээл нь улаан шаргал өнгөтэй, эрэгтэй дээл нь цагаан саарал торгон дээл байсан санагдаж байна.  Шинэ дээл байгаа гээд харуулахад уг хоёр дээл нь хүн өмсөж байсан хуучивтар дээл байсан юм", гэрч  Ж.Отгонзаяагийн "2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед манай Монгол гэрт Ж.Отгонбаатар, Тавзай /Ганхүү/ хоёр хамт орж ирцгээсэн. Орж ирэхдээ хоёр дээл авчирлаа худалдаж авах уу? гэхээр нь би дээлийг нь үзтэл нэг нь эрэгтэй хүний хурганы арьсан, бор шар өнгийн хурган дээл, нэг нь эмэгтэй гадаргүй дээлний дотор байсан" гэх мэдүүлгүүд, зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх ба дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай нотлох хангалттай баримт гэж үзлээ.

2. Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь  2016 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө Улаангом сумын 4 дүгээр багийн 17 тоот хашаанд байрлах амбаараас иргэнТ.Алтангэрэлийн эзэмшлийн 29-24 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, мартина пиво 6 ширхэгийг хулгайлж 1.036.000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь хохирогч Т.Алтангэрэл, гэрч Т.Сайжмаа, Б.Байгалмаа, Б.Нэргүй, Ж.Төмөрбаатар нарын мэдүүлэг, хэрэг учирлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мотоцикль олдсон газарт үзлэг хийсэн тэмдэглэл, "Мустанг-5 мотоцикль үнэлсэн тухай" 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2016/04-01 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ж.Отгонбаатарын  үйлдсэн гэмт хэргээ болон гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь 2015 оны 07 дугаар сарын 25-аас 29-ний үед  Улаангом сумын 11 дүгээр баг 9-4 тоот хашаанд оршин суух иргэн Ц.Баатархүүгийн гэрээс хурганы арьсан эмэгтэй хүний дээл нэг, эрэгтэй хүний дээл нэг, хурганы элдсэн арьс зургаан ширхэгийг хулгайлсаныг орон байранд нэвтэрсэн,  мөн 2016 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө Улаангом сумын 4 дүгээр багийн 17 тоот хашаанд байрлах амбаараас Т.Алтангэрэлийн эзэмшлийн 29-24 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль, мартина пиво 6 ширхэгийг хулгайлсаныг агуулах саванд нэвтэрсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ" гэж заасны дагуу давтан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус үзнэ.

                Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Отгонбаатарыг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Алтангэрэлд учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулсан болох нь  хохирогч Т.Алтангэрэл, шүүгдэгч Ж.Отгонбаатар нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Харин хохирогч Х.Сувдаад учруулсан 920.000 хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа тул Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүгдэгчээс 920.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Сувдаад олгож, иргэний нэхэмжлэл хангах зорилгоор шүүгдэгчийн эд хөрөнгө /6 ханатай Монгол гэр/ битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Ж.Отгонбаатар нь энэ хэрэгт урьдчилан хоригдсон 72 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.