Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/321

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль /томилолтоор/,

хохирогч Д.Чгийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Ж.О /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Ж.О нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын уулзварын баруун урд талд явган хүний гарц дээр “Тоёота Приүс” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Д.Чг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

         Шүүгдэгч Ж.О нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын уулзварын баруун урд талд явган хүний гарц дээр “Тоёота Приүс” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 16.2 дахь хэсэгт заасан “Зөвшөөрсөн гэрэл асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Д.Чг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 1 дүгээр хавтас 3-5, 6-12 дугаар хуудас/,

         Камерын бичлэгт үзлэг хийсэн “...35 дахь секундэд явган хүний явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байв, 39 дэх секундэд явган зорчигч ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байв, 40 дэх секундэд зорчих хэсгээс баруун гар тийш эргээд машин орж ирэв, 41 дэх секундэд явган зорчигч машинд мөргүүлж газар унав, 46 дахь секундэд жолооч машинаас бууж ирэв...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 17 дугаар хуудас/,

            Хохирогч Д.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 10 дугаар хорооллын уулзварын баруун урд байрлах “Нью Смайл” шүдний эмнэлгээс буюу ажлаасаа 20 цаг 27 минутын үед гараад гэр лүүгээ харих гээд уулзварын баруун урд хэсэгт байрлах явган хүний гэрлэн дохиотой гарцаар явган хүний явахыг зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байтал миний зүүн талаас машин ирж мөргөсөн. Тэгээд би газар унаад ухаан алдчихсан. Жолооч намайг мөргөсөн машинаараа ГССҮТ-д хүргэж өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 20-21, 46-47 дугаар хуудас/,

            “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт:

  1. “ Уг автотээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тормос, дуут дохио, хурдны хайрцгийн ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, баруун, зүүн гар талын хол, ойрын гэрлийн тусгалын хүч, дугуйн хээний гүн зэрэг нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагуудыг хангаж байна. Харин урд талын оврын гэрэл асахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
  2. Уг автотээврийн хэрэгслийн урд талын оврын гэрэл асахгүй, бүртгэлийн дугаарын гэрэл асахгүй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна.
  3. Автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл, гэмтэл нь осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.
  4. Автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл, гэмтэл нь осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй.
  5. Автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл, гэмтэл нь осолд хэрхэн яаж нөлөөлөх, хэзээ яаж үүссэн болохыг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй
  6. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй бөгөөд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос ажиллаж байсан.
  7. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ...” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 59-65 дугаар хуудас/,

            2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа:

  1. “Тоёота Приүс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.О нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, 16.2-т “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Д.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 70-72  дугаар хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №143 дугаартай:

  1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11946 тоот дүгнэлт үндэслэлгүй байна.
  2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн осолд орсны улмаас үүссэн байх боломжтой.
  3. Д.Чд 2021.11.24-ний өдрийн “Лазер мед” эмнэлгийн гавал тархины КТГ-н зургийг дахин уншуулахад тухайн үед гавлын суурийн зүүн их далавч ясны шугаман хугарал, зүүн талын харааны мэдрэлийн суваг дахь хийн бөмбөлөг, зүүн нүдний ухархайн доод, дотор, гадна хана, суурь-хацар, хацар-духны ясны заадлын зөрөөтэй нийлмэл хугарлууд, зүүн нүд, нүүрний зүүн талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Уг гэмтлийн улмаас зүүн нүдний харааны эмгэгшил үүсэж, зүүн нүд хараагүй болжээ.
  4. Д.Ч нь 7 сартай жирэмсэн ба ургийн өсөлт одоогоор хэвийн байна.
  5. Гавлын суурийн зүүн их далавч ясны шугаман хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  6. Гэмтлийн гаралтай зүүн нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, зүүн нүдний хараагүйдэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65%-аар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 233-238 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Миний бие гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр бүгдийг мэдүүлсэн. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болоод авто осол гаргаж, бусдын биед гэмтэл учруулсан үйлдэлдээ маш ихээр гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 106-107  дугаар  хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 13 дугаар хуудас/, жолооны үнэмлэхийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 1 дүгээр 28 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 30 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 31 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 32 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 33 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 93 дугаар хуудас/, жирэмсний хяналтын дэвтрийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 248-250, 2 дугаар хавтас 1-2 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч Ж.О нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 20 цаг 45 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын уулзварын баруун урд талд явган хүний гарц дээр “Тоёота Приүс” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-т заасан “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө”, мөн дүрмийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрэл асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Д.Чимэдзаяаг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, жолоодох эрхийн лавлагаа, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

          Харин “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

   Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/  гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ж.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.    

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

        Шүүгдэгч Ж.О болон түүний өмгөөлөгч Д.Жаргал нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Ж.Оыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Чгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор нийт 19.889.304 төгрөгийг нэхэмжилсэн ба хохирогчийн эмчилгээнд зарцуулсан эм тарианы төлбөр, Дархан хотоос Улаанбаатар хотод ирсэн, буцсан, оношилгоо, шинжилгээ хийлгэсэн, хэргийн материал, шинжээчийн дүгнэлттэй танилцсан зардал болох 8.050.110 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 7.500.000 төгрөг, нийт 15.550.110 төгрөгийг гэмт хэргийн шууд хор уршигт хамаарах зардалд тооцогдоно гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч Ж.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 9.000.000 төгрөгийг гэмт хэргийн хохирол, хор уршигт нөхөн төлсөн /хэргийн 1 дүгээр хавтас 95-97, 198, 2 дугаар хавтас 4 дүгээр хуудас/ байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Оаас 6.550.110 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Чд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Харин хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жаргал“ ...Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй.

            Шүүхээс шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн хувийн байдал /8 сартай жирэмсэн/, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.От “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт /жолооны үнэмлэх/ шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.От “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.О нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Оаас 6.550.110 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Чд олгосугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО