Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/432

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨ

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш ш овогт Э-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000000412 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, “...” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн ... дугаар хороо ... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш ш овогт Э-ын Аа (РД:...);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө иргэн Б.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүр, хүзүүн тус газруудад цохиж, улмаар түүний эрүүл мэндэд хамрын хянганд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулсан ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хохирогч өөрөө маш их согтуу байсан. Манай найз намайг пиво хүргээд өгчих, 20,000 төгрөг аваарай гэхээр нь туслах зорилгоор хүргэж өгсөн, түүнээс тэр 2-н хооронд ямар тохиролцоо байсныг мэдэхгүй. Хохирогч өөрөө над руу дайраад өшиглөөд  заамдаж авсан бөгөөд газар унахдаа би хохирогчийн нүүрэн тус газар тохойлдож унасан,  түүнийг зодсон асуудал байхгүй. Тухайн үед шөнийн цаг байсан, хохирогч бид 2 л байсан, өөр хүн байгаагүй, Хохирогч мэдүүлэгтээ арай л хэтрүүлж ярьсан санагдлаа. Арай ч ийм зүйл болоогүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 7-11 дэх тал), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2385 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), шүүгдэгч Э.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 32 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 61 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 62 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 65 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), шүүгдэгч Э.А-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 29-31 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.А нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө хохирогч Б.Б-тай маргалдаж, улмаар түүний нүүр, хүзүүн тус газруудад цохиж, зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

1. Хохирогч Б.Б-ы: “...2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа тараад нэг найзтайгаа пиво уучхаад 21 цагийн орчимд гэртээ харьсан. Ахиад нэг пиво уумаар санагдаад пиво авах гэтэл дэлгүүр хаачихсан байсан тул Фейсбүүк ухаж байтал архи, пиво хүргэлтээр зарна гэсэн зар оруулсан байхаар нь өөрийн дугаараас ... дугаар луу залгаад “пиво байна уу” гэж асуухад байна гэсэн. ...удалгүй ирчихлээ гэхээр нь би гэрээсээ гараад очиход ... гэсэн улсын дугаартай хар өнгийн машинтай хүн хүрч ирсэн байсан. Би 2 литрийн пиво нэгийг авъя гэтэл нэг пиво нь 20.000 төгрөг шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи утсаар ярихдаа 15.000 төгрөг гэж хэлсэн шүү дээ, 20.000 төгрөг юм бол авахгүй” гэж хэлтэл “чи намайг дэмий нааш нь явуулчихлаа, таксины 10.000 төгрөг өг” гэж хэлсэн. Би тийм юм байхгүй гэж хэлээд гэр лүүгээ алхсан чинь машинаасаа бууж ирээд намайг араас татаж эргүүлээд хоёр гараараа миний мөрнөөс татаад миний хамар руу шууд мөргөчихсөн. Мөн миний хоолойг боогоод цааш чирч бага зэрэг явсан. Тэгээд бид хоёрын дунд маргаан үүсэж би цагдаа дуудлаа гэтэл миний зүрх өвдөөд байна, машин руугаа явж эмээ авч ууя, миний зүрх өвддөг юм гэж хэлээд машиндаа суугаад зугтаагаад хөдлөөд явсан. Би гэртээ хариад цагдаад дуудлага өгсөн. Миний хамар руу толгойгоороо нэг удаа мөргөсөн. Миний хоолойг гараараа боосон. Миний нүүр болон хүзүү хэсэгт хэд хэдэн удаа самардаж маажсан байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна. Хамраа эмчлүүлж гарсан зардлыг төлүүлмээр байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-11 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2385 дугаартай:

“Б.Б-ы биед хамрын хянганд шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал) шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                 

Хэдийгээр шүүгдэгч Э.А нь “... Би уг хүнийг цохиогүй. Уг залуу миний нүүр рүү гараараа цохиод нүд хавдсан байсан. Харин давхарлаж унахдаа нүүрэн дээр нь тохойгоороо дарж унасан бөгөөд босоод ирэхэд уг хүний хамраас цус гарсан байсан. Мөргөсөн асуудал байхгүй...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 29-31 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) байх боловч хэрэгт авагдсан баримтуудад Э.А-ын биед гэмтэл учирсан, хувцас хунар нь урагдсан талаарх ямар нэгэн баримтгүй байна.

Мөн тухайн асуудал нь шөнийн цагаар зөвхөн хохирогч, шүүгдэгч нарын хооронд хүргэлтийн үйлчилгээний хөлснөөс үүдэлтэй маргаан болсон байх бөгөөд нэг нь өндөр үнэтэй байна гэж, нөгөө нь хүргэлтийн хөлсөө өгөхгүй бол энэ хүртэл явсан зардлыг төл хэмээн шаардсанаас үүдэн хоорондоо маргалдсан, эцэстээ нэгэндээ хүч хэрэглэхэд хүргэсэн байна.

Хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар болон биеийн аль аль хэсэгт гэмтэл учирсан талаар өгсөн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдалтай тохирч байх тул хохирогч Б.Б-ы мэдүүлэг өөр бусад баримтаар нотлогдож тогтоогдсон гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч Э.А нь  бусдыг эрүүл мэндэд халдаж зодож буй тухайн үйлдлийг хууль бус болохыг өөрөө ухамсарласан атлаа хүсэж үйлдсэн шинжтэй, түүний үйлдэл нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг тухайн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.А-ыг дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.А-ас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж 6 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...миний хийдэг ажил нь улирлын чанартай ажил, өвөл зогсож дулаан цаг ирэхээр эхэлдэг, иймээс торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас анх удаа  гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс  шалтгаалан  гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирол төлж барагдуулаагүй байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Э.А-ын хувийн байдал /Шар бүрдийн гол ХХК-д мужаан ажил эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримт авагдсан, түүний сард авдаг цалингийн хэмжээ/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш ш овогт Э-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5.Хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотойгоор гарсан зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.А-ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ