Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/474

 

       2022          04          18                                   2022/ШЦТ/474

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч У.Анхжаргал,

шүүгдэгч Э.Т, Д.Г нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр ирүүлсэн Э.Т, Д.Г нарт холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.04.11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2001 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, “Свит ланд” ХХК-д зөөгч ажилтай, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо 00 дүгээр хороолол 0-00-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Э-ын Т,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн график дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эгч, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Бага Наран 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Д-гийн Г нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Г, Э.Т нар нь 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 22-23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Бага Нарангийн 00-00 тоот хашааны гадаа гудамжинд “нохой хуцуулаад амраахгүй байна” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан зодолдож, харилцан бие биеийнхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Э.Төөс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /х.х-2/,

- Хохирогч Э.Тийн “2022 оны 2 дугаар сарын 21-ний орой ...намайг заамдсан ах эхлээд нүүр рүү 1 удаа мөргөөд, дараа нь гартаа барьж байсан гар чийдэнгээр дух руу 1 удаа, толгойн дагз руу 1, 2 удаа цохисон. Тэгэхэд миний духнаас цус гарсан. ...толгойн дагз хэсэг шалбарсан, уруул сэтэрсэн байсан. ...гэмтлийн эмнэлэг орж духандаа 3 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /х.х-9-12/,

- Хохирогч Д.Гийн “2022 оны 2 дугаар сарын 21-ний орой ...би Э.Т гэх залууг заамдаж аваад муудалцаад маргаан болсон. Тэгээд уг залуу түрүүлээд миний нүүр рүү 1 удаа гараараа цохиод би хэсэг манараад нүүр чинэрээд эхэлсэн. Тэгээд би босож ирээд гартаа барьж байсан гар чийдэнгээр уг залуугийн толгой руу 2 удаа цохиход уг залуугийн толгой нь хагарч цус гараад бие биеэ харилцан нүүр, толгой хэсэг рүү цохилцсон. ...зүүн хавирга руу 2 удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /х.х-18-22/,

- Гэрч У.С “Э.Т цаашаа бай гээд уг ахыг түлхэхэд уг ах очоод Э.Тийг 1 удаа мөргөсөн. Тэгээд Э.Т “зүгээр байгаарай” гээд дахиад түлхэхэд уг залуу Э.Тийн нүүр рүү нь барьж байсан гар чийдэнгээрээ цохисон. Тэгээд Э.Т уурлаад босож ирээд “нүүрнээс цус гараад байна ш дээ” гээд орилоод Э.Т тэр ахтай заамдалцаад тэр ахыг хариу цохиод нөгөө ах бас харилцан зодолдсон. ...Э.Т гар чийдэн барьж байсан намхан ахтай харилцан зодолдсон” гэх мэдүүлэг /х.х-27-28/,

- Гэрч Ц.Т-гийн “Э.Тийн нүүр рүү 1 удаа мөргөсөн. ...толгой руу нь гар чийдэнгээрээ 1 удаа цохисон. Тэгэхэд Э.Т толгойгоо бариад газар суусан. ...Тухайн үед зодоонд Э.Т, гар чийдэнтэй ахтай зодолдсон. Нөгөө сүүлд гарч ирсэн ах нь над руу мод бариад дайраад байсан. Миний харснаар Э.Тийг гар чийдэнгээр толгой руу нь цохиод байсан” гэх мэдүүлэг /х.х-31-32/,

- Гэрч Д.Г.-ийн “Тухайн үед Д.Г толгойгоо хагалуулсан залуутай харилцан зодолдоод, би масктай залуутай зууралдсан байсан. ...Д.Гийн хамраас цус гарч, зүүн нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Нөгөө залуугийн духнаас нь цус гарсан байсан” гэх мэдүүлэг /х.х-36-37/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн №3421 дугаартай “Д.Гийн биед цээжний зүүн 9-р хавирганы хугарал, баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн нүдний зовхи, хацар, эрүү, хүзүүнд цус хуралт, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-50-51/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн №3328 дугаартай “Э.Тийн биед духанд шарх, дагзны хуйханд зулгаралт, доод уруулын салстад цус хуралт, дээд уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-55-56/,

- Яллагдагч Э.Тийн “Тухайн үед хохирогч Д.Гийн биед учирсан уг гэмтлүүдийг би цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-73-74/,

- Яллагдагч Д.Гийн “Тухайн үед хохирогч Э.Тийн биед учирсан уг гэмтлийг гартаа барьж байсан хуванцар гар чийдэнгээр цохиж учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...гар чийдэн тэр доороо хагарахаар нь би гудамжинд шидээд хаясан байгаа” гэх мэдүүлэг /хх-79-80/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд болон шүүгдэгч Э.Т, Д.Г нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 42-13 тоот хашааных нь гадаа зогсож байсан автомашин дээр очиж гэрч Ц.Тд “орой болгон ирж нохой хуцуулаад амраахгүй юм. Наанаасаа явцгаа” гэх шаардлага тавин Ц.Т-тэй маргаан үүсгэсэн ба Ц.Тг заамдсан байхад нь салгасан Э.Ттэй харилцан зодолдож бие биенийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч Э.Т, Д.Г нарын мэдүүлэг /х.х-2, 9-12/, гэрч Д.Г ,Ц.Т, У.С нарын мэдүүлэг /х.х-27-28, 31-32, 36-37/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 3421, 3328 дугаартай дүгнэлтүүд /х.х-50-51, 55-56/, шүүгдэгч Э.Т, Д.Г нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /х.х-73-74, 79-80/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тухайн зодоонд Д.Г /Д.Гийн ихэр гэх/ нь мод барин очиж Э.Тийн нуруу, хөл рүү нь цохих байдлаар оролцсон болох нь гэрч Э.Т, Ц.Т, Д.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч тухайн үйлдлийн улмаас Э.Тийн бие махбодид гэмтэл учраагүй ба Э.Т нь гомдол гаргаагүй байна. Түүнчлэн Д.Г, Ц.Т нарт Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулахаар холбогдох материалыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү хүргүүлсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022.04.11-ний өдрийн 1/1754 тоот албан бичгээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос Э.Т, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Г, Э.Т нар нь тухайн үед үүссэн нөхцөл байдал, зүй бус харьцаанаас шалтгаалан харилцан зодолдож бие биенийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Д.Г, Э.Т нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Г, Э.Т нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 3421, 3328 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд эмчилгээ хийлгээгүй, эдгэрсэн хэмээн мэдүүлж хэн аль нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаас иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах үндэслэлгүй байна. Хохирогч Д.Г, Э.Т нар нь шаардлагатай гэж үзвэл эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа болно.

Шүүгдэгч Э.Т, Д.Г нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-105, 106/ тогтоогдож байна.

Хохирогч Э.Тийн зүй бус үйлдлээс шалтгаалан шүүгдэгч Д.Г гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Мөн шүүгдэгч Э.Т, Д.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон Э.Т, Д.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч “санал хүсэлтгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг сайн дураараа гаргасан болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Э-ын Т, Боржигон овогт Д-гийн Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Э-ын Т, Боржигон овогт Д-гийн Г нарт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр өөрийн оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Т, Д.Г нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хэн аль нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол Э.Т, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солихыг Э.Т, Д.Г нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ