Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/450

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: М.Солонго,

улсын яллагч: Н.Уранбайгаль,

шүүгдэгч: М.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.От-т холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Я овогт М-гийн О /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр ********* аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “000000” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт УБ, Сонгинохайрхан, 0 дугаар хороо, хилчин 0 гудамж 0 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.О нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Төмөр замын 391 дүгээр гармын замд “...... ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас бетонон хана мөргөж, зорчигч насанд хүрээгүй хохирогч М.З-ын эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй хохирогч Б.З-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч М.О нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Төмөр замын 391 дүгээр гармын замд “000000 ББСБ” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас бетонон хана мөргөж, зорчигч насанд хүрээгүй хохирогч М.З-ын эрүүл мэндэд хүнд, насанд хүрээгүй хохирогч Б.З-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

         -Зам тээврийн ослын  дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-р хуудас/,  

         -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “ ...автомашины урд талын хэсэг тэр чигтээ эвдрэлтэй бетонон даланд учирсан гэмтэл байхгүй байсан /хавтаст хэргийн 6-р хуудас/,   

         -Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-5, 8-10-р хуудас/

          -насанд хүрээгүй хохирогч М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ байж байгаад ахтайгаа хамт З-г гэрээс нь очиж аваад найз Э-ийн гэрт очиж бид 3 юм ярьж тоглож байгаад цаг орой болоод 02 цагийн орчим харих гэтэл Э-ийн ах О ах харанхуй болчихсон байхад эмэгтэй хүүхдүүдийг яаж явуулах вэ ах нь хүргээд өгье гээд бид 3 хамт явсан. Тэгээд О ах Тоёота приус маркийн машинаа жолоодоод би урд талын суудалд, З арын суудалд суугаад замаараа хог хаяна гээд хогийн цэг дээр очиж хогоо хаячихаад /ямар замаар явж байсныг мэдэхгүй/ буцаад явж байтал О ах бетонон хана машиныхаа урд талын хэсгээр мөргөсөн. ...нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр хагалгаанд орох гээд хэвтэж байсан. Осол болох үед З, О ах бид 3 хамт явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,

-насанд хүрээгүй хохирогч М.З-ын хууль ёсны төлөөлөгч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... шөнө 02 цагийн үед над руу утсаар О гээд жолооч нь залгаад танай хүүхэд осолд ороод гэмтлийн эмнэлэг дээр байна та хүрээд ирээч гэхээр нь би эмнэлэгт очоод мэдсэн. ...тухайн өдөр манай охин З над руу утсаар залгаад ээж би Э-ийнд тоглож байна жоохон байж байгаад очино гэж над руу хэлж байсан... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/

-насанд хүрээгүй хохирогч Б.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 02 цагийн үед З-ын гэр лүү явах гэж байтал Э-ийн ах О ах бид хоёрыг хүргээд өгье гэхээр нь хүргүүлэх гээд О ахын машинд би арын суудалд суугаад явж байтал О ах би хог хаяатхий гээд далан дундуур явсан замаар төмөр замын доогуур орсон нүхэн гарцаар гараад яваад хогоо хаячихаад буцаад явж байтал би зүүрмэглээд унтах гэж байгаад нэг нүдээ нээгээд хартал О ах далангийн бетон мөргөсөн... ” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 35-р хуудас/,

-насанд хүрээгүй хохирогч Б.З-ийн хууль ёсны төлөөлөгч С.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... гэртээ унтаж байтал өглөө 06 цаг 30 минутын орчимд цагдаагийн байгууллагаас над руу залгаад хүүхэд чинь машинтай явж байгаад осолд ороод гэмтлийн эмнэлэг дээр байна гэхээр нь би мэдсэн. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэгт очсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-р хуудас/, 

-гэрч Ц.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... М.О-ын төрсөн ээж нь байгаа юм. Би 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа тараад 19 цагийн үед гэртээ иртэл манай бага охины 10-н жилийн ангийн 2 охин ирчихсэн тоглож байсан. Тэгээд цаг орой болчихоор нь би амарлаа гэтэл нөгөө 2 хүүхэд бид харилаа гэтэл манай хүү О ах нь хүргээд өгье гээд гарсан. Тэгээд удалгүй унтаж байтал манай том охин орж ирээд ах аваар хийчихэж гээд манай охин хэлсэн тэгээд би мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р тал/

-Иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Б-тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед О-ын нэр дээр банк бусын зээл гарахгүй шаардлага хангахгүй байсан тул би өөрийнхөө итгэлцлийн үүдэн дээрээс нэр дээрээ зээл авч өгсөн. Тухайн машиныг О жолоодож унадаг, ...О ББСБ дээр байгаа зээлийн үлдэгдэл болох төлбөрийг төлчих юм бол миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн  44, 47-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Т.Ч-ын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:

1. М.З-ын биед элэгний эдийн задрал, хэвлийн хөндийд цус алдалт 100 мл, зүүн хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст хэргийн 74-76-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Б.Д-гийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай:  

1. Б.З-ийн биед баруун хацрын нум, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын зөрүүгүй хугарал, баруун нүдний ухархайн дотор хана цөмөрсөн, доод хана зөрүүгүй хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хавтаст  хэргийн 67-68-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Мөрдөгчийн магадлагаа: 1. “Тоёота Приус” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Б.З, М.З  нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна /хавтаст хэргийн 92-р хуудас/,

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл: М-гийн О, ангилал- А,В үнэмлэхийн төлөв-хүчинтэй, үнэмлэх олгосон огноо-2019/04/02, үнэмлэх хүчинтэй огноо-2029/04/02,

-Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: 2022/02/24, 06 цаг 10 минут, Тоёота Приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцож явсан М овогтой О-ыг драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо /хавтаст хэргийн 11-р хуудас/,

Шүүгдэгч М.О-ын яллагдагчаар өгсөн: “...Тэгээд тэр хоёрыг хүргэж өгөх замаараа далангийн замаар явж байтал гэнэт далангийн бетонон хантай тулчихсан байхаар нь тоормос гишгээд рулээ дартал амжилгүй бетонон ханыг машиныхаа урд талын хэсгээр мөргөчихсөн. Би тухайн замаар өмнө нь явж байсан. Би тухайн бетонон ханыг мэддэг байсан. Тухайн үед мартчихсан байсан. Тэгээд мөргөчихсөн...” гэж /хавтаст хэргийн 104-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 122-р хуудас/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 112-р хуудас/, Синвоюань ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 113-р хуудас/, 2008.10.06-ны өдөр төрсөн охин О.А, 2015.10.24-ний өдөр төрсөн охин О.А, 2015.10.24-ний өдөр төрсөн хүү О.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 114-116-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 117-р хуудас/, иргэний, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 119-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 120-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 121-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.  

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.О нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Т.Ч-ын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч М.З-ын  амь насанд аюултай тул хүнд зэрэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Б.Д-гийн 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.З-ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд  хохирол тус тус учирсан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэсэн үйлдлийн шинжтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.О нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, мөн дүрмийн 12.3-т Жолооч  хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг тус тус заалтыг зөрчсөн нь 256 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 92-р хуудас/-аар тогтоогдсон.

Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.О-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.З нь эмчилгээний зардалд 127.700 төгрөг, хохирогч Б.З нь эмчилгээний зардалд 1.196.100 төгрөгийн хохирол тус тус авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.О-рыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлж ирээгүй болно...” гэх дүгнэлттэй шүүгдэгч М.О нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт /Синвоюань ХХК-нд гагнуурчин/, ам бүлийн хувьд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Харин шүүгдэгч М.О-ын хувьд дээрх хөнгөрүүлэх болон бусад нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, талуудын ял тохиролцсон байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг …хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан тул шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

         Эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.О-ын 000000дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Я овогт М-гийн О-т авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 “тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус тогтоож, албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч М.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болон тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг О-т мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний 000000дугаартай B ангиллын жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА