| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 7-16 тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОП68043016, Гэгээнтэн овогт Цэрэнчимэдийн Пүрэвжавын, С.Нямсүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Нямсүрэн нь 1968 онд төрсөн, 49 настай. С.Нямсүрэн нь 1985 оноос эхлэн Ховд сумын Хөгжил нэгдлийн Бугат багт малчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байгаад тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. С.Нямсүрэн нь 4 хүүхэдтэй бөгөөд өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд С.Нямсүрэнгийн 1985 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. С.Нямсүрэнтэй хамт ажиллаж байсан Т.Сайндаа, Ч.Манжаа нарыг гэрчээр асууж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав нь С.Нямсүрэнгийн 1985 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Сүхийн Нямсүрэнгийн 1985 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Манжаа, Т.Сайндаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ч.Манжаа Миний бие 1983 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд боловсон хүчний эрхлэгчээр ажиллаж байсан. С.Нямсүрэн нь 1985 оноос эхлэн Хөгжил нэгдлийн Бугат бригадад малчнаар ажиллах болсон бөгөөд 1990 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Х.Хөхөө, Г.Батхүү, М.Батжаргал гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Т.Сайндаа Миний бие 1970 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд бригадын дарга, тоо бүртгэгч, аж ахуйн нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Намайг ажиллаж байхад С.Нямсүрэн нь 1985 оноос эхлэн Ховд сумын Хөгжил нэгдлийн Бугат бригададмалчнаар ажиллах болсон. С.Нямсүрэн нь 1990 оныг дуустал Хөгжил нэгдэлд ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 52 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ. С.Нямсүрэн нь 1985 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт,гэрч Ч.Манжаа, Т.Сайндаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Ц.Пүрэвжавын хүсэлтийг хангаж, С.Нямсүрэнгийн 1985 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар 6 жил ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Тугтан овогт Цэрэнчимэдийн Сүхийн Нямсүрэнгийн 1985 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар 6 /зургаа/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |