| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-64 айлын 10 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО79032263, Тайжиуд овогт Навааны Ичинхорлоогийн, Эцэг Б.Навааны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Н.Ичинхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Баатарын Наваан нь 2016 оны 2 дугаар сарын 23-нд өвчний улмаас нас барсан. Иймээс өнчин үлдсэн дүү Навааны Одбилэгт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон юм. Миний дүү Н.Одбилэг 13 настай, дүү Н.Цогбаярын асрамжид үлдсэн. Эцэг Б.Наваан нь 1977 оны 1 дүгээр сарын 10-наас 1979 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1979 оны 8 дугаар сарын 12-ноос 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Тэс сумын Тэжээлийн аж ахуйн уурын зуухны машинистаар, 1991 оны 11 дүгээр сарын 15-наас 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Тэс сумын Эрчим хүчний салбарт нам даралтын уурын зуухны машинистаар, 1995 оны 9 дүгээр сарын 10-наас 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт сахиулаар тус тус ажиллаж байсан. Миний эцэг Б.Наваан олон жил тэтгэвэр авч байсан ч дүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл баримт дутуу гээд тогтоолгож чадаагүй учир шүүхэд хандаж байна. Эцэг Б.Навааны хөдөлмөрийн дэвтэр болон зарим тушаал нь байгаа хэдий ч бусад тушаалууд нь архиваас олдохгүй байна. Иймд миний эцэг Б.Навааны дээрх хугацаанд Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Тэс сумын Эрчим хүчний салбар, Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Миний эцэг Б.Наваантай хамт ажиллаж байсан Ж.Гэндэн, Т.Цэрэн, С.Намсай нарыг гэрчээр асууж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Н.Ичинхорлоо нь эцэг Б.Навааны 1977 оны 1 дүгээр сарын 10-наас 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Тэс сумын Эрчим хүчний салбарт тракторчин, уурын зуухны машинистаар, Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт сахиулаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 194 дүгээр архивын лавлагаанд: Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1977 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 13 тоот, 1979 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 33 тоот, 1979 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 33 тоот, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 37 тоот тушаал нь эх баримтандаа хавсаргагдаагүй байна. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгийн 1995-1997 оны тушаалын баримт манай архивт шилжиж ирээгүй тул Баатар овогтой Навааны ажилд орсон тушаалыг шүүн үзэх боломжгүй байна гэжээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 262 дугаар архивын лавлагаанд: Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн цалинг шүүн үзэхэд Баатар овогтой Навааны цалин гараагүй байна гэжээ. Мөн Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газраас 1977 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Б.Наваанд олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ...1977 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр өөрийнх нь хүсэлтийн дагуу хадлангийн 4 дүгээр бригадад тракторчнаар авч ажиллуулав, 1979 оны 8 дугаар сарын 12-ны өдөр уурын зууханд машинистаар ажиллах болсон тул тракторчны үүрэгт ажлаас чөлөөлөв, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжих болсон тул машинистийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1991 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тэсийн эрчим хүчний салбарт нам даралтын зуухны машинистаар авч ажиллуулав, 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдөр уурын зуухны машинистийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэжээ. Б.Навааны 309600 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт: Түүний 1995 оны 1 дүгээр сараас 1997 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын талаар бичилт хийгджээ. Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: Эрчим хүчний станц нь 1992-1994 онуудад Увс аймгийн Тэс суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно гэжээ. Тэс сумын Эрчим хүчний салбарын эрхлэгчийн 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: ...Уурын зуухны машинистаар ажиллаж байсан Баатар овогтой Навааныг ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн дарга, нягтлан бодогч нарын түүвэрлэн ирүүлсэн цалингийн тодорхойлолтод Б.Навааны 1986 оноос 1990 оныг дуустал ажиллаж байхдаа авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Гэндэн, Т.Цэрэн, С.Намсай нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Гэндэн Миний бие нь 1977 оноос 1994 оныг дуустал Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Таван Тэс ХК-д тракторчнаар ажиллаж байсан. Намайг Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж эхлэхэд Б.Наваан нь 1977 оноос эхлэн тус газарт тракторчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1979 оноос үргэлжлүүлэн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нам даралтын уурын зуухны машинистаар ажиллах болсон ба Б.Наваан нь 1991 оныг дуустал тус газарт ажилласан юм. Тухайн үед Тэс сумын Тэжээлийн аж ахуй даргаар Ядамжав, Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Т.Цэрэн Миний бие нь 1978 оноос 1994 оныг дуустал Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Таван Тэс ХК-д тракторчнаар ажиллаж байсан. Намайг Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байхад Б.Наваан нь тус газарт тракторчнаар ажиллаж байсан бөгөөд 1979 он хүртэл ажиллаж байгаад 1979 оноос үргэлжлүүлэн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд нам даралтын уурын зуухны машинистаар ажиллах болсон. Б.Наваан нь 1991 оныг дуустал тус газарт машинистаар ажилласан гэж, гэрч С.Намсай Миний бие нь 1990-2006 онуудад Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад Б.Наваан нь 1995 оноос тус цэцэрлэгт сахиулаар ажиллах болсон. Миний бие нь тушаал гаргаж Б.Навааныг сахиулаар авч ажиллуулж байсан. Б.Наваан нь 1997 он хүртэл 4 дүгээр цэцэрлэгт сахиулаар ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 дугаар, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ. Тэс сумын Эрчим хүчний салбарын эрхлэгчийн 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалд зурагдсан эрхлэгчийн гарын үсэг нь Б.Навааны хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн эрхлэгчийн гарын үсэгтэй зөрүүтэй байх бөгөөд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн дарга, нягтлан бодогч нарын түүвэрлэн ирүүлсэн цалингийн тодорхойлолтод Таван Тэс ХК-ийн тамга дарагдсан байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна. Харин нэхэмжлэгч Б.Наваан нь 1977 оны 1 дүгээр сарын 10-наас 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Тэс сумын Эрчим хүчний салбарт тракторчин, уурын зуухны машинистаар, Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт сахиулаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Усны аж ахуйн удирдах газраас 1977 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр түүнд олгосон хөдөлмөрийн дэвтэр, 309600 дугаар нийгмийн даатгалын дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 87 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Ж.Гэндэн, Т.Цэрэн, С.Намсай нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Н.Ичинхорлоогийн хүсэлтийг хангаж, түүний эцэг Б.Навааны 1977 оны 1 дүгээр сарын 10-наас 1979 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар 2 жил 7 сар 2 хоног, 1979 оны 8 дугаар сарын 12-ноос 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Тэс сумын Тэжээлийн аж ахуйн уурын зуухны машинистаар 12 жил 2 сар 3 хоног, 1991 оны 11 дүгээр сарын 15-наас 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Тэс сумын Эрчим хүчний салбарт нам даралтын уурын зуухны машинистаар 3 жил 9 сар 1 хоног, 1995 оны 9 дүгээр сарын 10-наас 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт сахиулаар 2 жил, нийт 20 жил 6 сар 6 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Тайжууд овогт Баатарын Навааны 1977 оны 1 дүгээр сарын 10-наас 1979 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар 2 /хоёр/ жил 7 /долоо/ сар 2 /хоёр/ хоног, 1979 оны 8 дугаар сарын 12-ноос 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Тэс сумын Тэжээлийн аж ахуйн уурын зуухны машинистаар 12 /арван хоёр/ жил 2 /хоёр/ сар 3 /гурав/ хоног, 1991 оны 11 дүгээр сарын 15-наас 1995 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Тэс сумын Эрчим хүчний салбарт нам даралтын уурын зуухны машинистаар 3 /гурав/ жил 9 /ес/ сар 1 /нэг/ хоног, 1995 оны 9 дүгээр сарын 10-наас 1997 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Улаангом сумын 4 дүгээр цэцэрлэгт сахиулаар 2 /хоёр/ жил, нийт 20 /хорь/ жил 6 /зургаа/ сар 6 /зургаа/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Ичинхорлоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |