Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/314

 

 

 

 

 

 

 

 

2022             4            27                                     314

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Хонгорзул,

хохирогч: Ч.Ба,

шүүгдэгч: Ч.Б, түүний өмгөөлөгч З.Алтангэрэл (0577) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бт холбогдох эрүүгийн 2105000000340 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1965 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, эхнэр, хоёр хүүхдийн хамт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар,  Б,

 

Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 48 тоотод өөрийн төрсөн ах, хохирогч Ч.Батэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож, толгойн тус газарт шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь дагз, хүзүү, чих, зовхи, бугалганд цус хуралт, дагз, зулай, дух, хөмсөг, шанаа, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн хохирогч Ч.Баийн өмчлөлийн “Тошиба” загварын 43 инчийн зурагтыг хууль бусар устгаж, 479 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ:

Хэрэг болсон өдөр би гэртээ байж байтал ах Ч.Ба гэрт орж ирсэн. Тэгээд ах Ч.Ба бид хоёр маргалдаж, би уурлаад цай ууж байсан аягаа шидэхэд Ч.Баийг оносон. Тэгээд Ч.Ба ах цагдаа дуудсан. Би эвдэрсэн эд зүйлийн хохирлыг төлсөн, хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ба мэдүүлэхдээ:

Манай дүү Ч.Б гэрт хүмүүстэй архи уугаад байхаар нь би ирээд больцгоо гэж хэлсэн. Ч.Б тархины гэмтэлтэй тул архи уухаараа ухаан санаа нь алга болж, юу хийснээ мэддэггүй. Би тухайн үед цагдаад гомдол саналгүй гэсэн бичиг хийж өгсөн. Гэтэл нэгэнт эрүүгийн хэрэг үүссэн гэж хэлсэн. Ч.Б бид хоёрын дунд одоо ямар нэгэн маргаан, гомдол, санал байхгүй, эвдэрсэн зурагтыг засуулсан. Ч.Бт одоо миний зүгээс гомдолгүй гэжээ. (хэргийн 17, 66 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1669 тоот дүгнэлтэд:

1. Ч.Баийн биед дагз, хүзүү, чих, зовхи, бугалгад цус хуралт, дагз, зулай, дух, хөмсөг, шанаа, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 479 400 төгрөгөөр үнэлэв гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 61 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 48 дугаар байрны 48 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн төрсөн ах, хохирогч Ч.Баийн толгойн тус газарт шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь дагз, хүзүү, чих, зовхи, бугалгад цус хуралт, дагз, зулай, дух, хөмсөг, шанаа, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 мөн хохирогч Ч.Баийн өмчлөлийн “Тошиба” загварын 43 инчийн зурагтыг хууль бусар устгаж, 479 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Баийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1669 тоот дүгнэлт, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул Ч.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр тус тус торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 950 нэгжтэй тэнцэх хэмжээний 950 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар хүлээн зөвшөөрчээ.

 

Гэтэл шүүгдэгч нь хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхээс оргон зайлж, шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1034 дугаар захирамжаар шүүгдэгчийг эрэн сурвалжилж, хэргийг түдгэлзүүлжээ.

 

Шүүгдэгч Ч.Быг 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хаана байгаа газраас нь олж тогтоон цагдан хорьсон бөгөөд шүүгдэгчийг шүүхээс оргон зайлсан хугацаанд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон байна.

 

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу түүнд холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн шүүгдэгч Ч.Бт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болох, Ч.Б 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 18 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Ч.Бт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, Ч.Б 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 18 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.ОЮУН