| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00493/и |
| Дугаар | 477 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 477
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 2-12 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОК88100419, Түмт овогт Дамбийжанцангийн Батбаатар,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 2-12 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ91060323, Зөөд овогт Намсрайн Отгондэмбэрэл нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.748.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс салбарын тооцооны төвийн харилцааны ахлах менежер Э.Амарбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Дамбийжанцан овогтой Батбаатар, Намсрай овогтой Отгондэмбэрэл нар нь Төрийн банкнаас 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 160100116467 тоот зээлийн гэрээний дагуу 3,500,000.00 төгрөгийг 20 сарын хугацаатай жилийн хугацаатай, сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Зээлийн барьцаанд гэрээний дагуу цалингийн орлого, 8 ханатай гэр, хөргөгч /BSB-296 маркийн/, зурагт 32 инчийн/HAIYER маркын/, мотоцикль /Чансаа-200/ тус тус барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт болон, үндсэн хүүний төлбөрийг 497 хоног хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл: 1,292,970 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл: 451,930 төгрөг болно. Зээлдэгч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нар нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1,748,900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 42,932 төгрөгийг зээлдэгч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нараас гаргуулж төрийн банкыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 160100116467 тоот зээлийн гэрээнд заасан барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Банкнаас нэхэмжилж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.748.900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.748.900 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.932 төгрөгийн тал хувь болох 21.466 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 21.466 төгрөг, хариуцагч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нараас 21.466 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.748.900 /нэг сая долоон зуун дөчин найман мянга есөн зуу/ төгрөгийг Төрийн банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 21.466 /хорин нэгэн мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг, хариуцагч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нараас 21.466 /хорин нэгэн мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 21.466 /хорин нэгэн мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Батбаатар, Н.Отгондэмбэрэл нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ