Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00146

 

Н.Н.гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00050 дугаар шийдвэр,

     Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.Н.

          Хариуцагч: “Н... констракшн” ХХК-д холбогдох

          Гэм хорын хохиролд 1,262,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2018-02-15-ны өглөө 08 цаг өнгөрч байхад урд шөнө нь хийсэн нүүрсний үнсээ авах гээд пийшингийн амаа онгойлгож харахад цаанаа улаан цогтой байсан. Үнсээ авах гээд хутгатал өөдөөс үнс нурам миний нүүр лүү буудаж, миний нүд юм харахаа больсон. Тэгээд би гар утсаа аваад гарын мэдрэмжээрээ утсаа тэмтэрч байж охин руугаа залгаж болсон явдлыг хэлсэн. Миний нүд маш ихээр хорсож өвдөж юм харж чадахгүй байсан. Тухайн үедээ нүд сохорчихлоо гэж бодсон. Ингээд хүүхдүүд ирж яаралтай эмнэлэгт очиж эмнэлгийн тусламж авсан. Нүдээ цэвэрлүүлээд эмчилгээ хийлгээд юм харж эхэлсэнд би маш их баярласан. Миний хүү энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан боловч гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр шалгахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний нүдний хараа тэр үеэс хойш эрс муудаж, одоо ч нүдний байнгын эмчилгээтэй байна. Мөн тэр үед улаан цогтой үнс буудаж цацарснаар гэрийн эд хогшил түлэгдэж гэмтэж ашиглалтаас гарсан. Өмнө нь би боловсруулаагүй түүхий нүүрс түлдэг байсан. Насаараа л нүүрс түлж амьдарч байхад ийм асуудал гарч байгаагүй. Шахмал түлшний үйлдвэр нь үйлдвэрлэлийн технологийн ямар нэгэн алдаа гаргаснаас ийм эрсдэлтэй нөхцөл байдал болсон. Иймд тус үйлдвэрийн газраас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг хуулийн дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний эрүүл мэндэд учирсан хохирлыг мэдээж нөхөн төлж сэргээж чадахгүй, Би өндөр настай хүн. Тэр явдлаас болж айж цочирдож сэтгэл санаа тогтворгүй болсон. Одоо гал түлэхээсээ ч айдаг болсон. Одоогоор гарсан бодит хохирлыг тооцвол эм, эмчилгээний зардал 802,950 төгрөг, турк хивс 3*4 хэмжээтэй 170,000 төгрөг, Солонгос савхин дээл 140,000 төгрөг, Солонгос хивс 6*3 хэмжээтэй 150,000 төгрөг нийт 1,262,950 төгрөг. Иймд хариуцагчаас 1,262,950 төгрөгийн гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Манай шахмал түлшний үйлдвэрээс 2018-02-15-ны өдөр ... хүлэг транс ХХК нь бидний үйлдвэрлэдэг шахмал түлшнээс 30 тонныг худалдан авч Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн орлого багатай, амьдралын түвшин доогуур 120 гаруй айл өрх, иргэдэд сар шинийн баярыг тохиолдуулан ард иргэддээ тусламж үзүүлэн нэг айл өрхөд 250 кг шахмал нүүрс үнэгүй өгч тараасан. Яг энэ үеэр нэг залуу нүүрс авч байсан хүмүүсийн дунд их муухай чанга дуугаар манай үйлдвэрлэсэн шахмал түлшийг түлж байтал түлж байсан нүүрс нь дэлбэрээд ээжийнх нь нүүр түлэгдэж, хөмсөг нүд нь түлэгдээд ээж юм харахаа больчихлоо үйлдвэрийн дарга нь хаана байна гээд орилоод байсан. ..Ээжийнд нь очиход ээж нь алчуураар нүүр, нүдээ дараад сууж байсан. ..Манай нүүрсний шатсан үнсний өнгө нь бор өнгөтэй, маш нунтаг үнс нь маш бага гардаг тул тэр айлын үнсний хог дээр манай нүүрсний үнс байна уу гээд үзтэл ерөөсөө манай нүүрсний үнс байгаагүй. Зөвхөн том бүхэл чулуутай үнс, мөн саарал өнгөтэй нунтаг үнс холилдсон хогнууд байсан. Мөн тэр айлын зуухан дотор болон гадна үнсний хогон дээр нь шатаасан бог малын яснууд нилээд байсан. Тэр эмээ хөмсөг түлэгдчихлээ гээд байсан болохоор нь хөмсөг, нүдийг үзсэн чинь эмээ угаасаа хөмсөггүй, шивээс хийлгэсэн хиймэл хөмсөгтэй байсан. Тэгээд эмээг эмнэлэгт очиж эмчид үзүүлье гэхээр би эмчид үзүүлчихсэн эмч намайг цусаа шүүлгэ гэж хэлсэн. Би олон удаа очиж цусаа шүүлгэнэ надад 5 сая төгрөг өг гээд нэхээд байсан. Энэ эмээ манай үйлдвэрлэж байгаа шахмал нүүрсийг огт худалдан авч түлдэггүй мөртлөө 50 кг-ийн уутны ёроолд хагас дутуу шатсан болон огт шатаагүй хэдэн ширхэг шахмал нүүрсийг хийчихсэн байсан. Түүнийгээ цагдаа дуудаж үзүүлээд байцаагчид өгөөд, биднийг гүтгэн худлаа мэдээлэл өгсөн байна лээ. Би өмнө нь нүүрс түлээд гал галлаж байгаа айлд нүүрс дэлбэрч байна гэж нэг ч удаа сонсож байгаагүй. Хүмүүсээс тийм зүйл байдаг юмуу гэж асуухаар асаж байгаа нүүрс дэлбэрдэггүй гэх юм. Хөшөөтийн уурхайн нүүрсээр хийсэн манай үйлдвэрийн шахмал нүүрс нь ямар ч хөө тортоггүй, утаа бага гардаг, үнс бага гардаг учраас тэсэрч дэлбэрэх зүйл үгүй юм. Мөн манай шахмал нүүрсний орц найрлага нь Хөшөөтийн уурхайн цэвэр чулуугүй нунтаг нүүрстэй эрдэнэшишийн цардуулыг маш бага хэмжээгээр хольж үйлдвэрийн аргаар боловсруулж хийдэг. Эрдэнэшишийн цардуулыг хүнсний ургамалаас гаргаж авдаг тул хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар ч сөрөг хор хөнөөлгүй, тэсэрч дэлбэрэх зүйлгүй, аюулгүй бүтээгдэхүүн юм. Бидний үйлдвэрлэж байгаа шахмал нүүрс болон бэхжүүлэгч эрдэнэшишийн цардуулын бүтэц, найрлага нь хүмүүст болон байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй, аюулгүй бүтээгдэхүүн гэж нотлогдсон. Бүтээгдэхүүнийхээ дээжийг ШУА-ийн Хими, химийн хүрээлэнгийн лабораторт өгч шинжилгээ хийлгэж, шинжилгээнийхээ хариунуудаа авсан бөгөөд шахмал нүүрснийхээ Монгол улсын стандартыг хангаад МН8 5679:2014 тохирлын гэрчилгээг авсан. Н.Нямаагийн үнс авч байсан хувин, сав дотор нь гар чийдэн, цагны хуруу батерей болон өөр дэлбэрч болзошгүй зүйл байсан ч байхыг бас үгүйсгэх аргагүй шүү дээ. Настай хүн анзааралгүй хогон дээрээ үнсээ авсан ч юм билүү. Тэгээд ч энэ хүний ярьж байгаагаар урд шөнийн түлсэн нүүрс өглөө нь унтарч байгаа галын хөрсөн үнс дэлбэрлээ гэхэд би огт итгэхгүй байна. Дандаа бүхэл чулуутай нүүрсний бүхэл чулуутай үнс, нунтаг саарал үнс мөн зуухан дотор нь бог малын дутуу шатсан яснууд байсан. Гадаа үнсний хогон дээр нь бас чулуутай нүүрсний хаягдал үнс, нунтаг саарал үнс болон нилээд хэмжээний тарианы шприц, бог малын дутуу шатсан яснууд нилээд хэмжээний байсан. Тэгэхээр энэ айл зуухандаа яс байнга түлдэг юм байна лээ. Иймд энэ үйлдэл нь бидэнтэй адилхан түүхий бүхэл нүүрс зардаг бидний өрсөлдөгч хүмүүсийн явуулгаар шуугиан дэгдээж, бидний компани, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бидний нэр хүндийг унагааж хар пиар хийж, үйлдвэрийг зогсоох зорилготой байна. Тийм учраас манай зүгээс дээрхи зүйлүүдийг үндэслэн энэ нэхэмжлэлийг ямарч үндэслэлгүй зүйлээр биднийг гүтгэн доромжилж байгаа учраас бид энэ нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

    Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 153/ШШ2019/00050 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Н.Н.гийн Н... констракшн ХХК-д холбогдох 1,262,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 34,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

     Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 34.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Н.Н. нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол шаардаагүй атал анхан шатны шүүх “гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол” хэмээн дүгнэж, шүүх хуралдааныг бүрэлдэхүүнтэйгээр хийж, “гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн “Н.Н.д учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь “гэмтэл учраагүй, хохирол учраагүй” гэж дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд байгууллага, албан тушаалтан, бусад этгээдийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, амь нас, нэр төрд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 228-230 дугаар зүйлд зааснаар Н.Н. нь “өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо” үүрэг бүхий этгээдээс шаардан арилгуулах эрхтэй. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 505.1, 510.1-д зааснаар Н.Н. нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтыг шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй” гэж дүгнэснийг Давж заалдах шатны шүүх зөвтгөжээ. ХХША-ны явцад шүүх нотлох баримтыг хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зарим баримт үнэлэх боломжгүй болсон байна. Мөн зөвхөн эмчийн бичиж өгсөн жорын дагуу эмчилгээ хийлгэсэн байхыг шаардаж, худалдан авсан бусад эмийн нэрийг ямар эмчилгээнд хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Н.Н. 2018-11-23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Н... констракшн” ХХК-иас 1,262,950 төгрөг шаардаж “...шахмал түлшний үнс нь “буудсан”-с нүүр түлэгдэж эмчилгээнд 802,950 төгрөгийн зардал гаргасан мөн 170,000 төгрөгийн үнэтэй 3х4 хэмжээтэй хивс, 140,000 төгрөгийн үнэтэй савхин дээл, 150,000 төгрөгийн хивс түлэгдсэн...” гэсэн үндэслэл заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...энэ асуудал манай шахмал түлшнээс болоогүй ...” гэж маргасан байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...гэм хорыг хариуцагч арилгах үүрэгтэй боловч учирсан хохирол баримтаар тогтоогдоогүй байна..” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо “...Н.Н. гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байхад шүүх шаардсан мэт дүгнэлт хийсэн... худалдан авсан эмийг ямар эмчилгээнд хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг... шинжээчийн дүгнэлт нь гэмтэл учраагүй гэж үзэх үндэслэл биш...үнэлээгүй шүүх нотлох баримтыг хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс зарим баримтыг үнэлэх боломжгүй болсон...шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж хууль зөрчсөн..” гэсэн үндэслэл заасан байна. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Н.Н. нь “Н... констракшн” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшийг 2018-02-15-ны өдөр түлж байх үед үнсэнд нь бага хэмжээтэй түлэгдсэн, эмчилгээнд 802,950 төгрөг зарцуулсан, 460,000 төгрөгийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж нэхэмжлэл гаргасан.  

Бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ, шүүх  нэхэмжлэлийн шаардлага, талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргана.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн хэн аль нь шаардлага, татгалзлаа нотлоогүй буюу Н.Н. нь 2018-02-15-ны өдөр нүүрсний үнсэнд гэмтсэн үйл баримт тогтоогдсон /хх 68-69/ хэдий ч үйлдвэрлэгчийн буруугаас гэм хор учраагүйг хариуцагч, учирсан гэх хохирлын хэмжээг нэхэмжлэгч тус тус нотлож чадаагүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь баримтад үндэслэгдсэн байна.   

Түлэгдэлтийн улмаас нийт 1,262,950 төгрөгийн хохирол учирсан буюу эмчилгээнд 802,950 төгрөг зарцуулсан гэх боловч хэрэгт буй баримт нь эргэлзээтэй байна.

Тодруулбал, Н.Н. нь 2018-02-15-ны өдөр гэмтэл авч, 802,950 төгрөгөөр эм,тариа  авсан гэх боловч тухайн сарынх бус, харин 2018 оны 05 дугаар сарын төлбөрийн баримт /хх11-15/ шүүхэд гаргаж өгсөн үндэслэлээ тайлбарлаагүйгээс гадна түлэгдэлттэй холбоотой эм,тариа хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй үлджээ.

 Мөн 170,000 төгрөгийн болон 150,000 төгрөгийн үнэтэй хоёр хивс, 140,000 төгрөгийн үнэтэй савхин дээл түлэгдсэн гэх боловч энэ тухай ямар нэг баримт хэрэгт байхгүй байна.   

 Иймд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 497, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 38 дугаар зүйлийн 38.1, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 Түүнчлэн, нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас хохирол учирсан эсэх нөхцөл байдлыг  шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болгоогүй байна.  

 Дээр дурдсанаар хохирол, худалдан авсан эмийн хэрэглээ, шинжээчийн дүгнэлт  зэрэгтэй холбоотой гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй  байна.   

 2. Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хамгаалуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болно. Хүсэлтэд ямар нотлох баримтыг хамгаалах, хэргийн ямар байдлыг батлахад ач холбогдолтой болон хамгаалах болсон шалтгааныг заана. Шүүгч уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл нотлох баримтыг хамгаалах тухай, хэрэв үндэслэлгүй гэж үзвэл татгалзах тухай захирамж гаргана.

 Нэхэмжлэгч талаас нотлох баримтыг хамгаалуулахаар шүүхэд хандаж байсан баримт буюу хүсэлт хэрэгт байхгүй байна. Иймд нотлох баримтыг шүүх хамгаалах ажиллагаа хийгээгүй талаарх хяналтын гомдолд заасан үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-50.3 дахь хэсэгт нийцээгүй байна. 

 3. Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.

  “Н... констракшн” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшнээс болж хохирсон гэх нэхэмжлэлийг Н.Н. шүүхэд гаргасан ба гэм хор учруулсан асуудалтай холбоотой маргааныг шүүгч дангаар хянан шийдвэрлэх талаар хуульд заагаагүй байна.

  Нэхэмжлэгчийн энэ талаархи гомдлыг хангах нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн  82.1.1 дэх хэсгийг зөрчинө. 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт буй баримтын хэмжээнд  Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн   гомдлыг хангахгүй орхиж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00050 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 34,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ