Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2015/0696/З |
Дугаар | 221/МА2015/0565 |
Огноо | 2015-12-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2015/0565
2015 оны 12 сарын 10 өдөр | Дугаар 221/МА2015/1565 | Улаанбаатар хот |
Т ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "...2009 оны Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан, бүртгэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2-т "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдээллийг хүлээн авмагц ажил олгогч, комисс нь осолдогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж,эмнэлэгт хүргүүлнэ. Хүнд буюу хүний амь нас хохирсон тохиолдолд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас болон утсаар мэдэгдэнэ." гэж заасан.
Манай компанийн ажилтан Б.Мт учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл юм. Энэ гэмтэл нь Гэмтэл согог судлалын үндэсний төв болон шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймээс ослын улмаас хүнд болон хүний амь нас хохироогүй учраас яаралтай мэдэгдэх хуудас болон, утсаар мэдээлэх үүрэг ажил олгогчид үүсээгүй.
Харин ажил олгогч нь эмнэлгийн анхны тусламжийг өөрийн зардлаар яаралтай үзүүлэх, эмнэлэгт хүргэх, шаардагдах эм тариа, гарах зардлыг хариуцах үүргээ дүрмийн дагуу биелүүлсэн. Үйлдвэрлэлийн осолд өртсөн Б.Мт манай компанийн зүгээс 1.000.000 орчим төгрөгийн мөнгөн тэтгэмж үзүүлж, эмчилгээний зардал өгч хохиролгүй болгосон.
Харин дээрх дүрмийн 5.5-д "Ажил олгогч болон комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай мэдээг актын хамт мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ" гэж заасан. Үүний дагуу "Т" ХХК нь Үйлдвэрлэлийн ослын акт тогтоож, тус актыг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Мөн дээрх дүрмийн 2.9 дэх хэсэгт "Батлагдсан үйлдвэрлэлийн ослын актыг /өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдсоноос хойш/ талуудад хүргүүлэх хугацааг 3 хоног" гэж тусгажээ. Манай компани дээрх дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлж дуусаад 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлдвэрлэлийн ослын акт үйлдэж тэр өдрөө Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүргүүлсэн.
Иймд Т ХХК-ийн ажилтан Б.М хөнгөн зэргийн гэмтэл авсан ослыг бүртгэх мэдээлэх журам хууль дүрмийн дагуу явсан тул 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №0001871 тоот Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Цын үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр ногдуулсан шийтгэврийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Ажилтан Б.М нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэв хашмал хуулах ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээрээ хэв хашмалд даруулан осолд өртсөн байна. Б.М нь осолд өртсөн, ослын акт гаргаж өгөөгүй, гомдолтой байгаа тухай өргөдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргаж, улмаар Цагдаагийн хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоотыг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн.
Т ХХК-иас удаа дараа ослын актыг шаардсаны эцэст 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн боловч ослыг хөнгөн гэмтэл гэж үзэж үйлдвэрлэлийн осолд тооцоогүй байсан. Ослын актыг судалж үзэхэд Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан "Үйлдвэрлэлийн ослыг судланбүртгэх дүрэм"-ийн 1.5-д "Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дараах нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно. 1.5.1-д "ажилтан ажлын үндсэн болон туслах байранд, эсхүл гэрээ хэлэлцээр, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа" гэж заасны дагуу үйлдвэрлэлийн осолд Б.М нь өртсөн байсан тул "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 6.3-д "хөдөлмөрийн ...хяналтын улсын байцаагч нь комиссоос гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хүлээн зөвшөөрөөгүй бол дүгнэлтээ тусдаа гаргаж болно" гэж заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 34-06-287/1045 тоот улсын байцаагчийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осолд тооцсон.
2009 оны "Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.9-д "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж тогтоосон акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, осолдогч буюу түүний гэр бүлийн хүмүүст, аймаг, дүүргийннийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид ажлын 3 өдөрт багтаан тус бүр нэг хувийг өгнө" гэж заасны дагуу Т ХХК нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид ажлын 3 өдөрт багтаан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж тогтоосон акт, дүгнэлтийг өгөөгүй, тус компани дээр гарсан осол нь осолдогч нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар илэрсэн мөн үйлдвэрлэлийн ослын актыг осол гарснаас хойш ажлын 18 хоног өнгөрсний дараа улсын байцаагч шаардсаны дагуу ирүүлсэн учир ослыг нуун дарагдуулсан гэж үзсэн.
Иймээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д "ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол... нуун дарагдуулахыг хориглоно" заалтыг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-т "үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан ажил олгогчийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван хоёроос нэмэгдүүлсэнтэй тэнцэххэмжээний төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч... торгоно" гэж зааснаар шийтгэврийн арга хэмжээ авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 07-ны 636 дугаар шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11, 29 дүгээр зүйлийн 29.7, 29.8, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0001871 дугаар зөрчлийн тэмдэглэлээр ногдуулсан шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Ц давж заалдах гомдолдоо: Уг шийдвэрт Т ХХК нь осолдогч Б.Мт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн, эмчийн үзлэгээр зөөлөн эдийн хөнгөн гэмтэлучирсан байх тул журамд зааснаар холбогдох байгууллагад яаралтай мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд ажилтныг хохироосон ослыг нуун дарагдуулсан гэж буруутгах боломжгүй байна гэжээ.
Т ХХК-ийн ажилтан Б.М нь 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хэв хашмал хуулах ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ ажлын байран дээрээ хэв хашмалд даруулан осолд өртсөн байна. Б.М нь осолд өртсөн, ослын акт гаргаж өгөөгүй, гомдолтой байгаа тухай өргөдлийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргаж, улмаар Цагдаагийн хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан тоотыг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ирүүлснээртус компанид үйлдвэрлэлийн осол гарсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ хугацаанд Т ХХК ослыг нуун дарагдуулсан. Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2 дугаар хавсралт "үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас1-н 3-д осол, хурц хордлогын хэлбэрт хөнгөн ослын хэлбэр багтсан байна. Иймээс хөнгөн осол гэсэн шалтгаанаар ослыг мэдээлэхгүй байж болно гэсэн үг биш бөгөөд Т ХХК нь дүрмийн дагууүйлдвэрлэлийн ослыг мэдэгдэх хуудас болон утсаар мэдээлэх ёстой байсан.
Осолдогч Б.М эрүүл мэндэд хохирол учирч хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаанд алдсан.
Шүүхийн шийдвэрт "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 6.3-д "Үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоохгүй" гэсэн нь энэ хугацааны дотор үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэж , холбогдох байгууллагад хүргүүлж болохоор зохицуулснаас үзэхэд осол гарсны дараа /хөнгөн гэмтлийн үед/ нэн даруй мэдэгдээгүй гэж шийтгэвэр ногдуулах үндэслэлгүй байна гэжээ. Энэхүү заалт нь үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сар өнгөрсөн бол улсын байцаагч ослын актыг хянан үзэж, баталгаажуулахгүй байх зохицуулалт бөгөөд ослыг нуун дарагдуулах хугацааг 6 сараар тогтоосон гэсэн ойлголт биш юм.
Улсын байцаагч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-дзаасан заалтыг үндэслэн шийтгэврийн арга хэмжээ авсан бөгөөд мөн хуулийн 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгаххүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ, "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 1.5.1-д ажлын үндсэн болон ... газарт ажил үүргээ гүйцэтгэж байх нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осолд тооцно гэж заасан.
Үүнээс үзэхэд Т ХХК нь туслах ажилтан Б.М үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн, ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байх нөхцөл байдалд осолд өртсөн байхад түүнийг нуун дарагдуулсан байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, Т ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.7-д заасныг зөрчсөн гэж үзэж2 304 000 төгрөгийн шийтгэврийг улсын төсөвт төвлөрүүлж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Хариуцагч хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Т ХХК-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан зөрчил гаргасан гэж үзэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д заасны дагуу 2300000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг, 3.1.3-д хөдөлмөрийн эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тус тус ойлгохоор, 29 дүгээр зүйлийн 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрт Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна гэж, Засгийн газрын 2009 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.9-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж тогтоосон акт, дүгнэлтийг 4 хувь үйлдэж, осолдогч буюу түүний гэр бүлийн хүмүүст, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, орон нутгийн хөдөлмөрийн буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид ажлын 3 өдөрт багтаан тус бүр 1 хувийг өгнө гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хөнгөн, хүндээс үл шалтгаалж үйлдвэрлэлийн осол гарсан тухай бүрт ажил олгогч нь судлан бүртгэж, акт үйлдэн, холбогдох байгууллагад мэдэгдэх бөгөөд эдгээр мэдээллийг авсны үндсэн дээр холбогдох байгууллагаас үйлдвэрлэлийн ослын шалтгаан, нөхцлийг тогтоож, түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үйл ажиллагааг явуулж иргэдийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх дээрх хуулийн зорилго хангагдахаар байна. Иймд нэхэмжлэгчийн ... дүрмийн 5.2-т заасны дагуу хүнд гэмтэл учраагүй, хүний амь нас хохироогүй учраас яаралтай мэдэгдэх хуудас болон утсаар мэдээлэх үүрэг үүсээгүй ... гэх тайлбар үндэслэлгүй. Дээрх дүрмийн 5.2-т заасан зохицуулалт нь мөн хуулийн 29.2, дүрмийн 2.9-д зааснаас өөр агуулгатай бөгөөд улсын байцаагч дүрмийн 5.2-т заасны дагуу яаралтай мэдээлээгүй гэж үзэж арга хэмжээ аваагүй байна.
Мөн анхан шатны шүүх дүрмийн 6.3-д Үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоохгүй гэж заасныг энэ хугацааны дотор үйлдвэрлэлийн ослын актыг үйлдэж, холбогдох байгууллагад ирүүлж болохоор зохицуулсан гэж буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь уг заалт нь маргааны үйл баримтад хамааралгүй, үйлдвэрлэлийн ослын актаар тухайн ослыг үйлдвэрлэлийн осолд тооцсон эсэх талаар гомдол гарвал түүнийг шийдвэрлэж, мэргэжлийн хяналтын байгууллагаас нөхөн тогтоох тухай зохицуулалт бөгөөд харин дүрмийн 2.9-д заасныг үгүйсгэсэн, үйлдвэрлэлийн ослын актыг 6 сарын дотор үйлдэж, холбогдох байгууллагад ирүүлж болох ойлголт биш юм.
Хариуцагч нь 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гарсан ослыг ... Т ХХК нь тухайн үед нуун дарагдуулсан, осолд өртөгч Б.М цагдаагийн байгууллагад хандаж, цагдаагийн байгууллагаас мэргэжлийн хяналтын газарт 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 89/2846 дугаар албан бичгээр дүгнэлт гаргуулахаар ирүүлснээр үйлдвэрлэлийн осол гарсныг мэдсэн ... гэж, нэхэмжлэгч нь ... бид дүрмийн 4.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж дуусаад үйлдвэрлэлийн осол биш гэж тогтоосон дүгнэлтээ өгөхөд Д.Ц байцаагч заавал үйлдвэрлэлийн осол мөн гэсэн акт үйлдэж ир гэсээр 7 дугаар сарын 02-ны өдөр болгосон гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбар гаргаж маргажээ.
Үүнээс үзвэл осолд өртсөн Б.М нь цагдаагийн байгууллагад хэзээ, ямар үндэслэлээр өргөдөл гаргасан талаарх нотлох баримтыг цуглуулж, нэхэмжлэгчид дүрмийн дээрх заалтад дурдсан ажлын 3 хоногийн дотор холбогдох газарт мэдэгдэхээс өмнө цагдаагийн байгууллагад хандаж маргаан үүсгэснээс уг хугацаанд акт гаргаж холбогдох этгээдэд хүргүүлэх боломжгүй болсон эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
Мөн уг осол нь БНСУ-ын Элчин сайдын яамны хашаан дотор Т ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэж байхад гарсан гэх бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хуулийн үйлчлэх хүрээг заахдаа ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэнд үйлчлэхээр заасан боловч Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.3-д Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч, иргэд, хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө гэж заажээ. Үүнтэй холбоотой Т ХХК нь барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх, байгуулсан бол уг гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зохицуулалт тусгасан эсэхийг тодруулсны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 636 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ