Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

   2022          4          28                                         322  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин,

шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2205005331216 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эгч, дүү нарын хамт, Б.

 

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” сауны ойролцоо хохирогч М.Хын гээсэн гар утсыг авч, улмаар түүний Хаан банкны интернэт банкинд нэвтэрч 584 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 584 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Б мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн гар утсыг Говь сауны замын эсрэг талаас олсон бөгөөд гар утсыг олох үед Хаан банкнаас мессеж ирсэн. Тэгээд интернет банк руу нь ороход, нэвтрэх нэр нь хадгалаастай байсан тул регистрийг нь Е-баримтаас хараад хийхэд нэвтэрсэн. Тухайн үед надад ойр зуурын хэрэгцээнд хэрэглэх мөнгө хэрэгтэй байсан тул мөнгийг нь авч, 200 000 төгрөгийг нийтийн байрны төлбөрт өгч, 80 000 төгрөгөөр иргэний үнэмлэх захиалж, 110 000 төгрөгөөр зээлээ дарсан. Үлдсэн 50 000 төгрөгийг эгчдээ өгсөн. Гар утсыг таньдаг ахдаа өгсөн. Интернэт банкинд нэвтрэн мөнгийг нь авсан үйлдлээ хууль бус болохыг мэдэж байсан. Дахиж ийм зүйл хийхгүй. Интернэт банкаар шилжүүлэн авсан хохирлыг таньдаг ахаасаа мөнгө зээлж, авч төлсөн. Гар утасны хохирлыг төлөөгүй. Гар утасны хохирлыг 2 долоо хоногийн хугацаанд төлнө. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Х мэдүүлэхдээ:

Би 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед эгч Батнарангийн гэр болох Баянбүрдээс өөрийн гэр болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-66 тоот хашааны гадаа ирэхэд зүс таних Хуягаа, Ука гэх хоёр залуутай тааралдаад, хүнсний дэлгүүр орж Хараа нэртэй 0.75 литрийн архи ундаатай авч байрны гадаах саравчинд хувааж уусан. Нэг мэдэхэд би тасарчихсан байсан ба маргааш өглөө нь гэртээ сэрэхэд дүү орж ирээд “таны Хаан банкны данснаас мөнгө гарчихсан байна” гэж хэлэхэд нь би өөрийн барьж байсан гар утас болон Хаан банкны картаа хайхад байхгүй байсан. Ингээд хүнсний дэлгүүрт ортол миний Хаан банкны 5059465713 дугаартай карт байсан ба дансаа шалгаж үзэхэд 14 цаг 45 минутын үед миний дансанд байсан 584 000 төгрөгийг 5016329077 дугаарын данс руу “Fuск” гэсэн утгаар шилжүүлсэн байсан.

гар утаснаасаа 580 000 төгрөг алдаж, цагдаагийн газар бэлнээр авсан тул одоо гомдол, саналгүй гэжээ. (хэргийн 39, 53 дугаар хуудас)

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 160 000  төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 33 дугаар хуудас)

 

Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29/360 тоот албан бичигт:

5016329077 тоот дансыг УШ 96110198 регистрийн дугаартай Ганбаатарын Б эзэмшдэг гэжээ. (хэргийн 40 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 50 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Говь” сауны ойролцоогоос хохирогч М.Хын гээсэн гар утсыг олж, улмаар түүний Хаан банкны интернэт банкинд нэвтэрч 584 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 584 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Хын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 29/360 тоот албан бичиг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоос зарим хэсгийг төлсөн, үлдэх хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Б нь хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол 584 000 төгрөгийг төлж, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Г.Бийг хохирогч М.Хт учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж дурджээ.

 

Хохирогчийн гээсэн гар утсыг “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр 160 000 төгрөгөөр үнэлжээ.

Шүүгдэгчийн Зөрчлийн тухай хуулийн 8.9 дүгээр зүйлийн 1-д заасан гээгдэл эд хөрөнгө завшсан зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгчээс уг гар утасны хохирлыг төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 160 000 төгрөг гаргуулж, хохирогч М.Хт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 9 (ес) сарын хугацаагаар тэнсэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бийг хорих ялыг оногдуулахгүйгээр 9 (ес) сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5-д зааснаар Г.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Г.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Бээс 160 000 төгрөг гаргуулж, хохирогч М.Хт олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН