| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2022/0467/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/478 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/478
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Мөнхжин,
улсын яллагч: Д.Ууганцэцэг,
шүүгдэгч: Н.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Н-ийн Б /РД:............../,
Монгол улсын иргэн, ****оны ** дүгээр сарын ****-ны өдөр ***** хотод төрсөн, яс үндэс халх, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ”000000” ХХК-нд гар утасны засварчин ажилтай, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 0 байрны 0 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сансарын 0 дүгээр гудамжны 0 тоотод иргэн Б.Д-нг шалтгаан тодорхойгүйгээр зодож, эрүүл мэндэд нь “эрүү ясны баруун булан, ооч, зүүн сэртэнгийн далд хугарал, зулайн хуйханд шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, Сансарын 0 дүгээр гудамжны 0 тоотод иргэн Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь 2 удаа цохиж зодож, эрүүл мэндэд нь “эрүү ясны баруун булан, ооч, зүүн сэртэнгийн далд хугарал, зулайн хуйханд шарх” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Хохирогч Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ...М-өөс салаад хүнтэй уулзчихаад М-ийн ардаас нь гэрт нь очсон. Намайг М-ийн гэрт очиход С /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/ М У /Бүтэн нэрийг нь мэдэхгүй/ Б гэдэг 4 хүн байсан. Би буйдан дээр нь суугаад виски уугаад сууж байтал М буйдангийн хажуу талаасаа “Хараа” нэртэй архи гаргаж ирээд ууж сууж байсан. Архи ууж дуусгачихаад У , С хоёр гараад явсан ба гэрт нь М Б бид гурав үлдсэн. 2022 оны 01 дүгээр сарын 31-ний үүрийн 05 цагийн үед Б намайг “Чи чинь хэн билээ” гэхээр нь би Даймаа гээд танилцуулсан чинь Б “Чиний Даймаа чинь надад ямар хамаатай юм бэ?” гээд согтуу над руу дайраад надтай зууралдаж аваад миний нүүр рүү гараараа 1 удаа цохиж унагаагаад толгой хэсэг рүү гар, хөлөөрөө цохиод байсан. ...Миний эрүү хугарч, духны баруун дээд хэсэгт хагарч доод талын 2-3 шүд хөдөлчихсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,
-Гэрч Б.О-тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 30-наас 2022 оны 01 дүгээр сарын 31-нд шилжих шөнө 02 цагийн үед санагдаж байна. Намайг гэрт унтаж байтал гаднаас манай ах Д нь цус нөжтэйгөө холилдсон байдалтай орж ирээд “Зодсон айл руу явъя” гэхээр нь би “Харанхуй шөнө согтуу байж айлд очиж яах юм бэ? Эрүүл болчихоод очъё” гэсэн чинь Д нь “Намайг зодсон хүн тэр айлд байгаа” гээд байсан. ...2022 оны 02 дугаар сарын 07-ны өглөө би Д ахыг дагуулаад зодсон гэх айл руу очсон чинь М-ийн гэрт зодуулсан байсан. М-ийн гэрт орсон чинь гэрт нь С, С-гийн найз охин, М нар согтуу байдалтай байхаар нь би өөрийнхөө 88810745 дугаараас мөрдөгч рүү залгаад М-г яриулсан. Тухайн үед М “Заа, одоо очлоо. Тиймээ, манай найз зодчихсон юмаа. Нэрийг нь Б гэдэг юм. Гэрийн хаягийг нь хэлээд өгье. Байцаагчаа, өнөөдөр яг үнэндээ очно гэхээр согтуу байна. Маргааш өглөө очъё” гэж ярьж байсан. Тухайн үед би М-г манай ах Д-нг Б гэгч нь зодсоныг М-өөс мэдсэн. ...Тэр өдрөө миний өмнө нь харж байгаагүй махлаг том биетэй залуу С-тэй хамт ирээд уучлалт гуйгаад “1.000.000 төгрөг өгье. Өргөдлөө авчих” гээд хэлээд байсан. Би тэр махлаг залуугийн нэрийг асуухад өөрийгөө Б гэж танилцуулсан. Тэгэхээр нь би “Цагдаа шүүхээр нь шийдүүлнэ. Чи миний ахыг эмнэлгээр дагуулаад яв” гэтэл тэр залуу яваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
- Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ...манай хадам ах Д гаднаас нүүр ам нь хавдаад цус болчихсон, толгой нь хагарсан байдалтай орж ирээд “Намайг Б гэдэг залуу зодчихлоо. Хоёулаа цуг очоодохъё” гэхээр нь явах гэтэл манай хадам ээжийн төрсөн эгч Э намайг “Яах гээд байгаа юм бэ?” гээд хориглоод явуулаагүй. Тэгтэл Д ах гэр рүүгээ орж унтаж байгаад буцаад гараад явж байгаа харагдсан. Маргааш нь билүү, нөгөөдөр нь махлаг том биетэй залуу манай гэрт орж ирээд уучлалт гуйгаад Д ахыг “Ахаа таньд 1.000.000 төгрөг өгье. Та өргөдлөө буцаачихаачээ” гэтэл манай хамаатан садан зөвшөөрөөгүй. “Үгүй ээ. Шийддэг газраар нь шийдүүлнэ” гээд явуулсан. Тухайн махлаг залуугийн нэрийг нь тодруулахад Б гэдэг нэртэйг нь мэдсэн. ...Тухайн үед манай эгч, ах нар “Чи энэ хүнийг дагуулаад эмнэлгээр яв” гэж хэлсэн. Тэрнээс дарамталж мөнгө нэхсэн зүйл байхгүй. Харин сүүлд гэрт би толгой өвдөөд сууж байтал бас танихгүй 2 залуу орж ирээд “Өргөдлөө буцаачихаач” гээд яриад яваад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
- Гэрч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нэг тасраад сэрэхэд Б манай гэрт ирчихсэн “Энэ хачин юмаа гаргаач” гээд Д-нг цамцнаас нь зуураад гэрээс гаргаж байхыг би харсан. ...Өглөө нь Д гаднаас орж ирсэн ба тухайн үед С манай гэрт ирсэн байсан болохоор зүүж байсан маскаар нь Д-гийн нүүрийг арчиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
- Гэрч Н.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө би М-ы гэрт ортол М-, Д , Б нар байсан ба тухайн үед Д-гийн нүүр нь цус болоод хатсан байхаар нь би Д-гийн нүүрийг нь арчиж өгөөд гэрээс гаргасан. ...Б Д-нг “...Цагдаагаас өргөдөлөө авчихаа, миний буруу. Би 1.000.000 төгрөг өгье” гэж яриад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 хуудас/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Г.Ханхүүгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2632 дугаартай:
“...1. Д-гийн биед эрүү ясны баруун булан, ооч, зүүн сэртэнгийн далд хугарал, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэл, цохих үйлдлээр 24 цагийн дотор үүсгэгдсэн гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Н.Б-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр найз М-ийн гэрт С, М У бид дөрөв архи уугаад байж байтал гаднаас Д гэдэг залуу орж ирээд хамт архи ууцгаасан. Д намайг хэл амаар доромжлоод хэрүүл хийгээд байхаар нь би Д-гийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж унагаагаад толгой хэсэг, гар, хөл рүү нь цохисон. ...Би өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож байна...” гэж /хавтаст хэргийн 78-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Хувийн байдлын хувьд иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 36-р хуудас/, байнга оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 37-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 38-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 39-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 40-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/, 2017.06.04-ний өдөр төрсөн хүү Б.Т, 2010.04.06-ны өдөр төрсөн Б.Т, 2006.01.27-ны өдөр төрсөн хүү Б.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 42-44-р хуудас/, МТС .........-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 45-р хуудас/, түрээсийн гэрээ /хавтаст хэргийн 46-47/ депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 49-69-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн шинжээч эмч Г.Х-гийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000 дугаартай дүгнэлтээр хохирогч Д-гийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хүндэвтэр гэмтэл тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь “хувийн таарамжгүй харьцааны” улмаас маргалдаж хохирогч Д-гийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиж байгаа нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Б.Д нь гомдол саналгүй, эмчилгээний зардал авсан, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Б-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Харин хохирогчид учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Д гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлттэй шүүгдэгч Н.Б нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ажил эрхлэлт / ...... ХХК-нд гар утасны засварчин/, ам бүл /3 хүүхэдтэй/ байдлуудыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Н.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Д гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА