Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/468

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0638 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ............ дүүрэг, ............... дугаар хороо, ................ дугаар гудамжны ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

С овогт Хийн О /РД:........................./,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............... тоотод Э.Бтай маргалдан толгой хэсэг рүү нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 422 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Х.О.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Х.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, ............... тоотод Э.Быг хоол, цай хийсэнгүй гэж хэлсэнд уурлан түүнтэй маргалдан толгой  хэсэг рүү нь гараараа олон удаа цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.  

 

Энэ нь хохирогч Э.Бы “...би Бат-Эрдэнэ, Х.О ах хоёрт хандан хоол цай хийчихгүй яасан юм бэ гээд уурлахад О ах босож ирээд чи давраад байгаарай пизда минь гээд намайг заамдаад бид хоёр маргалдсан. Тэгтэл хоолой боож эрүү рүү гараараа хоёр удаа цохиж газар унагаад дээр гарч суугаад гараараа нүүр нүдгүй толгой хэсэг рүү 5-6 удаа цохисон. Бат-Эрдэнэ ах боль гээд салгахад цаана байсан төмөр сүхийг аваад сүхний ишээр толгой дух хэсэг рүү нэг удаа цохисон. Өөр зодоон болоогүй. Удалгүй найз охин орж ирээд О ахыг гэрээс хөөгөөд явуулсан..” гэсэн мэдүүлэг /хх7/,

Гэрч Д.Бат-Эрдэнийн “...Х.О орой 19 цагийн орчимд манай гэрт ирээд бид архи хувааж уугаад би согтуу унтаж байгаад чимээ гарахаар нь сэрэхэд манай охин манай охин Нармандахын найз залуу Б гаднаас ирээд Отай зодолдож байхаар нь би босож салгаад эргээд унтсан. О Бы өмссөн цамцны малгайгаар нь нүүрийг нь бүтээж байгаад цохиж харагдахаар нь би босож ирээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх20/,

шүүгдэгч Х.Ойн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх46/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 4334 дугаар дүгнэлтэд Э.Бы биед биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, хацар, нуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.” гэжээ. /хх11-12/

           

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн толгой хэсэг рүү нь гараараа олон удаа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

           

5. Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

6. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Х.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

 

9. Шүүгдэгч Х.Ойн нь үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

11. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Х.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хийн Ойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Од 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР