Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 472

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрээцэцг би,

           Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар баг, Жаргалан 4/30 байрны 3 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, регистрийн дугаар УШ69020623, Булгадар овогт Содномын Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын 2 дугаар баг, Хармагт дэнжийн 1-6 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОГ86121003, Хожгор овогт Чойжилжавын Лхагвацэцэгт холбогдох,

          Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч С.Бадамцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Лхагвацэцэг нь 2015 оны 6 дугаар сард 2.800.000 төгрөгийн хүнсний бараа зээлээр авч яваад одоог хүртэл тооцоогоо хийхгүй чирэгдүүлж байна. Би уг мөнгөө эргэлтэнд ч оруулж чадахгүй банкны 2 хувийн хүү төлсөөр өдийг хүрлээ. Уг барааг авахдаа би картаа залгиулчихлаа, маргааш аваад нөхөртөө өгөөд явуулчихъя гээд явсан бөгөөд энэ нь худлаа хэлж хуурч мэхлэн явсан болохыг сүүлд ойлгосон юм. Иймд миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ч.Лхагвацэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: С.Бадамцэцэгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүнээс 2.800.000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 2.800.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч С.Бадамцэцэг нь хариуцагч Ч.Лхагвацэцэгт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Лхагвацэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ч.Лхагвацэцэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч Ч.Лхагвацэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 төгрөгийн тал хувь болох 29.875 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 29.875 төгрөг, хариуцагч Ч.Лхагвацэцэгээс 29.875 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бадамцэцэгт олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч С.Бадамцэцэгийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Лхагвацэцэг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 29.875 /хорин есөн мянга найман зуун далан тав/ төгрөг, хариуцагч Ч.Лхагвацэцэгээс29.875 /хорин есөн мянга найман зуун далан тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бадамцэцэгт олгож, 29.875 /хорин есөн мянга найман зуун далан тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Лхагвацэцэг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ