Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/257

 

 

 

 

 

 

 

 

   2022           4            06                                   2022/ШЦТ/257                                     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч Ц.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105020831079 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны * дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Зорчигч тээврийн нэгтгэл” * дүгээр баазад жолооч ажилтай, ам бүл 5; эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын ** дугаар гудамж, ** тоотод хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байрлах ** дугаар байрны ** тоотыг түрээсэлдэг гэх, ял эдэлж байгаагүй,

*** регистрийн дугаартай М овгийн Ц-ийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ц.Г нь 2021 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны ** тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр О.Д-ийг “найз нөхөдтэй уулзуулсангүй” гэх шалтгаанаар хацар хэсэгт гараараа алгадаж, үснээс нь зулгааж шал мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би эхнэрээ зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Эхнэр бид хоёр одоо учраа олсон. Манай эхнэр Нарантуул зах дээр хүүхдийн хувцас зардаг юм. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, хүүхдүүд бүгд надаар овоглодог. Харин эхнэр бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. 1 сая төгрөгөөр торгох прокурорын саналыг зөвшөөрч байна гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч О.Д“... 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Г 15 цагийн үед манай ажил дээр ирээд машины түлхүүр аваад хөдөө явлаа гээд гарсан. Тэгээд би 18 цагийн үед ажлаа тараад Нарантуулаас гараад явж байтал Нарантуулын автобусны буудал дээр манай нөхөр үл таних эмэгтэйтэй хамт явж байхаар нь би араас нь очоод машиных нь хаалгыг таттал хаалгаа тайлахгүй хөдлөөд явсан. Тэгээд би зам дагаад алхаж байтал нөхөр машинтайгаа буцаж ирээд бид хоёр машин дотроо суугаад эв зүйгээ олоод гэртээ харихаар болсон. Бид хоёр гэртээ орохоосоо өмнө дэлгүүр орж хоол хүнсний зүйл аваад нэг шил, нэг литрийн Аураг нэртэй архи аваад гэртээ орцгоосон. Архиа уучихаад унтах гээд орондоо ороод хэвтэж байтал нөхөр намайг найз нөхөдтэй уулзуулсангүй, явуулсангүй гээд хацар руу хоёроос гурван удаа алгадаад, үснээс татаад чирээд шал мөргүүлэхээр нь би дүү Биндэръяа руу залгаад “намайг ирээд аваадхаач нөхөр зодоод байна” гэтэл “би өөрөө очиж чадахгүй нь ээ, нөхрөө явуулъя” гэсэн. Удалгүй хүргэн Содоо ирээд “та яах юм, манайх руу явах юм уу гэхээр нь би за яахав, яахав хүүхдүүдээ орхиод яаж явах вэ дээ, би чамайг гаргаад өгье” гээд С-г гаргаж өгөхдөө цагдаа дуудсан” /хх-н 18-19/ гэж,

гэрч О.Б “... 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой гэртээ унтаж байтал эгч О.Д над руу өөрийн утаснаасаа залгаад “нөхөр Г намайг зодчихлоо, ирээд аваадхаач” гэхээр нь би ах Баасанцогт руу яриад эгчийг хүргэн ах зодчихлоо гэнэ ээ, очоод авчихаач гэж хэлсэн. Тухайн үед манай ах Баасанцогт, манай нөхөр Содномдорж нар хамт ажил хийж байсан. Тэгээд ах манай нөхрийг Дэмбэрэл эгчийн гэр рүү явуулсан байсан. Тэгээд шөнө манай нөхөр гэртээ ирэхээр нь юу болсон талаар асуухад Дэмбэрэл эгчийн үс нь сэгсийсэн хүргэн ахад зодуулсан байдалтай байна лээ гэж хэлсэн” /хх-н 26/ гэж,

гэрч О.Б “... 2021 оны 10 дугаар сарын 15-ны орой 23 цаг өнгөрч байхад манай эмэгтэй дүү О.Б над руу залгаад “Д-гийн аниаг нөхөр нь зодоод гэр орноосоо хөөсөн гэнэ, очоод авчихаач гэхээр нь би яасан, юу болсон юм” гэтэл харин яасан эсэхийг мэдэхгүй байна, архи уугаад зодсон байна. Д эгч уйлаад ирээд аваадхаач гээд байна гэхээр нь би одоо ажилтай байгаа болохоор боломжгүй байна, С-г очоод авчих гээч гэтэл дүү О.Б за за тэгье гэсэн” /хх-н 89/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор О.Д-ийнбиед тархи доргилт, зүүн доод зовхинд цус хуралт, хоёр гуянд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүйгэсэн шинжээчийн 10027 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 42-43/

 

Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад “... эхнэр бид 2 нэг шил архиа ууж дуусчхаад дахин машинаас Эдэн нэртэй архи авч орж ирээд хуваагаад ууж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд унтах гэж байтал эхнэр өдрийн асуудлыг яриад, надтай хамт явж байсан эмэгтэйтэй хардаад уурлаж миний нүүр рүү 2 удаа алгадаад тонгойтол нүүр рүү өшиглөхөөр нь би босоод болиоч гээд цээж рүү нь түлхтэл орилж хашхичаад байхаар нь би хацар руу нь нэг удаа алгадсан” гэж мэдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. /хх-н 56-57/

 

Түүнчлэн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 10/, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /хх-н 46/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч М овгийн Ц.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Г-ийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 65/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 60/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 66/, ажлын газрын тодорхойлолт /хх-н 96/, Ц.Г-ий Н, А, М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 62-64/ зэрэг баримт хавтаст хэрэгт мөн авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч О.Д “... нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 94/ гэснээс гадна, шүүгдэгч Ц.Г “... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-ийн 95/ гэжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь хэргийн оролцогчдоос гаргасан дээрх хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Ц.Г-д оногдуулах ялын төрөл /торгох ял/, уг торгох ялын хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Харин шүүгдэгч Ц.Г цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Ц.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдав.

 

Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. М овгийн Ц.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Г-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Г торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Д гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.ЖАНЧИВНЯМБУУ