Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 3 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЕ67071007, Илжгэн тайж овогт Цэдэнбалжирын Пүрэвийн,

           Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Пүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Би бага сургуулиа төгсөөд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн Жаргалант бригадад хонь маллаж байсан бөгөөд 1983-1989 он хүртэл мал ахуй дээр ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үеийн 1983-1989 онуудад ажиллаж байсан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн болно. Иймд миний Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Ц.Балжинням, Г.Түмэнбаярнарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Пүрэв нь 1983 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнааражиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Цэдэнбалжирын Пүрэвийн 1983 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

         Мөн нэхэмжлэгч Ц.Пүрэвийн 401219 дүгээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Давшилт нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүнийг шагнаж байсан баярын бичиг зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

         Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Балжинням, Г.Түмэнбаяр нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчЦ.Балжинням Миний бие нь 1976 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Зүнхангай сумын Давшилт нэгдэлд мал маллаж байсан. Ц.Пүрэв нь Цэдэнбалжир гэх айлын бага охин, бага наснаасаа аав, ээжийн хамт нэгдэлд мал маллаж байгаад тус сумын иргэн Р.Мөнхдалай гэх хүнтэй гэр болон болон мөн нэгдэлдээ үргэлжлүүлэн мал малласан. Одоо ч малаа маллан амьдардаг аймгийн сайн малчин айл байгаа. Ц.Пүрэв нь 1983 оноос 1991 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд мал маллаж байсан. Манайхан нэг баг бригадад айл саахалт нэгдлийн мал хамтдаа маллаж байсан учраас би сайн мэдэж байна. Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдлийн даргаар н.Памаж, Х.Сүхбаатар, Д.Баттэгш гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Г.ТүмэнбаярЦ.Пүрэвийг би сайн танина. Ц.Пүрэв нь бага наснаасаа аав, ээжийн хамт Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед манайх Пүрэвийн аав Цэдэнбалжир гэх айлтай нэг баг бригадад нэгдлийн мал малладаг байсан учраас сайн мэднэ. Би тус нэгдэлд 1971 оноос 1992 он хүртэл мал маллаж байсан. Пүрэвийн аав нь улсын сайн малчин хүн байсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон Увс аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 236 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

           Нэхэмжлэгчийн 401219 дүгээр Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Давшилт нэгдлийн зөвлөлөөс түүнийг шагнаж байсан баярын бичигт Ц.Пүрэвийн нэрийг засвартай бичсэн байх тул эдгээр баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

          Харин нэхэмжлэгч Ц.Пүрэв нь 1983 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Балжинням, Г.Түмэнбаяр нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Иймд нэхэмжлэгч Ц.Пүрэвийн хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 6 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Илжгэн тайж овогт Цэдэнбалжирын Пүрэвийн 1983 оны 8 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 6 /зургаа/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Пүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ