Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 464

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ71010812, Харнууд овогт Нямаагийн Рагчаасүрэнгийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвд холбогдох,

         Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Н.Рагчаасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1971 онд төрсөн, 46 настай. Манай 2 хүүхэд оюутан, эхнэр маань ажилгүй, өрхийн орлогогүй зорилтот бүлгийн өрх юм. Би Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн захирлын 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийк 06 тоот тушаалаар Өмнөговь сумын Соёлын төвд машинистаар ажилд ороод тасралтгүй 7 жил ажилласан. 2016 оны 10 дугаар сард эрүүл мэндийн байдал муудаж шинжилгээ оношлогоо хийлгэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсноор сумын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр Улаанбаатар хот явах болсон. Тухайн үед сумын Соёлын төвийн захирал жирэм сний чөлөөтэй байсан тул захирлын үүрэг гүйцэтгэж байсан Б.Оюунбилэгт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр чөлөө хүсэж өөрийн биеэр уулзаж, бичгээр хүсэлт гаргаж албан ёсоор захиргааны чөлөө аваад явсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Улаанбаатар хотод Хавдар судлалын үндэсний төвд шинжилгээ, оношлогоо хийлгээд элэгний цирроз гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээр явах ажлаа дуусгаж баримтаа бүрдүүлээд нутагтаа эргэж ирсэн. Намайг эмчилгээнээс эргэж ирэхэд ажлын байранд минь өөр ажилтан авч ажиллуулсан байсан бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа эргэж орох талаарх өргөдлөө Соёлын төвийн захиралд гаргаж өгөөд хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй байгаа нь ямар шалтгаантай болохыг ойлгохгүй байна. Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай байдаг. Гэтэл намайг ажлаас чөлөөлсөн эсэх талаар ямар нэгэншийдвэр өгөөгүй юм. Түүнчлэн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь хэсэгт эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны 'чөлөөтэй байгаатохиолдолд ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар зохицуулалт байсаар байхад Соёлын төвийн захирал өнөөдрийг хүртэл Н.Рагчаасүрэн намайг шалтгаангүйгээр ажилд оруулахгүй байгаа нь дээрхи хуулийн заалт болон иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. Иймд намайг Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн машинистийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төв нь гэрээт 4 галчтай байсан бөгөөд Увс аймгийн Соёл, Спорт аялал жуулчлалын газрын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/83 тоот албан бичгийг үндэслэн тухайн үеийн Соёлын төвийн эрхлэгчийн 2015 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот тушаалаар 1 галч ажлаас чөлөөлөгдөж гэрээт 3 галчтай болсон байдаг. Соёлын төвийн эрхлэгч миний бие нь Төрийн албан хаагчийн шалгалтанд тэнцэж 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/30 тоот Засаг даргын захирамжийн дагуу Соёлын төвийн эрхлэгч асан Ө.Ундармаагаас ажил хүлээн авсан. Байгууллагын хурал хийж бүх ажилчидтай танилцахад Нямаа овогтой Рагчаасүрэн жилийн чөлөө авсан гэх бөгөөд Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажлыг орлон гүйцэтгэж байсан номын санч Б.Оюунбилэг нь өөрийн нагац ах болох Цэнд овогтой Болдбаатарыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/6 тоот тушаал гарган авсан байсан. Н.Рагчаасүрэнгийн хувийн хэрэгтэй танилцахад чөлөө авсан өргөдөл, чөлөө олгосон соёлын төвийн эрхлэгчийн тушаал, байгууллагын хурлын портокол гэх зэрэг хууль зүйн үндэслэл болох ямар ч материал байхгүй байсан. Улмаар 2017 оны 1дүгээр сарын 18-ны өдөр Н.Рагчаасүрэнгийн эхнэр болох Т.Цээпил тодорхойлолт авах гэж ирсэн бөгөөд Н.Рагчаасүрэнтэй холбогдох бичиг баримт хэрэгтэй байгааг хэлсэн юм. 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр номын санч Б.Оюунбилэгнадад байсан байна, би аваад мартчихсан байна, Н.Рагчаасүрэнгийн чөлөө хүссэн өргөдлийг эхнэр нь авчирч өгсөн гэж хэлээд надад өгсөн. 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Н.Рагчаасүрэн нь хотоос ирж соёлын төвийн эрхлэгч надтай уулзаж, учир байдлаа танилцуулан 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орох талаар өргөдөл өгсөн.Н.Рагчаасүрэн нь тухайн үед Соёлын төвийн эрхлэгчийн үүрэгт ажлын орлон гүйцэтгэж байсан номын санч Б.Оюунбилэгт чөлөө хүссэн өргөдөл өгсөн бөгөөд Б.Оюунбилэг нь чөлөө олгосон тушаал гаргаагүй, ажилтнуудын хурал хийж Н.Рагчаасүрэн гэх ажилтан чөлөө авж байгаа, түүнд чөлөө олгож байгаа талаар хурал хийж хурлын портокол хөтлөөгүй учир, чөлөө авсан гэх хууль зүйн үндэслэл байхгүй юм. Нямаа овогтой Рагчаасүрэнг ажлаас чөлөөлсөн тушаал хараахан гараагүй байгаа учир 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс уурын зуухны галлагаа эхлэхээр тухайн үед ажилдаа орох юм. Энэ талаар мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу амаар Н.Рагчаасүрэнд тайлбар өгсөн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Рагчаасүрэн нь хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батболд нь нэхэмжлэгч Н.Рагчаасүрэнгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Батболд нь нэхэмжлэгч Н.Рагчаасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

          Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийн тал хувь буюу 35.100 төгрөгийг Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвөөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Н.Рагчаасүрэнгийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвийн эрхлэгч Б.Батболд хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Соёлын төвөөс 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ              Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ