Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/516

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч О.Эрхэмбаяр,

шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Эрхэмбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00606 0503 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа барилгын өрлөг хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ............... дүүргийн .............. дүгээр хороо, ............... дүгээр гудамж, .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Ш овогт Гийн А /РД:..................................../,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, ........... тоотод хамтран амьдрагч Э.Эгийн нүүр хэсэг рүү гараараа цохиж зодон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 360 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Г.А.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн ..................... тоотод эхнэр Э.Этэй маргалдан түүний нүүр хэсэг гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Э.Эий “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд гэрээсээ гараад хамтран амьдрагч А, хадам ээж Занабазар нарыг согтуу хадам ээж Занабазарын ах Нарансамбуугийн гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, ........... тоотод байна гэхээр нь очоод хамтран амьдрагч Аийг явъя гэртээ харья гэсэн чинь над руу уурлаад би гэртээ харихгүй чи яах гэж ирсэн юм гээд байхаар нь явъя гээд уурласан чинь хадам ээж Занабазар намайг хэл амаар доромжлоод байж байтал манай хамтран амьдрагч А над руу уурлаад миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохихоор нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх9-10/,

Шүүгдэгч Г.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас би хамтран амьдрагч Эий нүүр рүү нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд манай хамтран амьдрагч Э уйлаад удалгүй цагдаа нар хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх66-67/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

           

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 1973 дугаар шинжилгээний дүгнэлтэд “...Э.Эд хүзүүний зүүн урд хэсэг, хамрын уг, хоёр нүдний дотор буланд цус хуралттай, дээд уруулын дотор салстын шарх, цус хуралт, хамар ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх12-13/,

 

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, зодсон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хэдийгээр шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар урьд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргаж байгаагүй, үүнтэй холбоотой дуудлага мэдээллийн түүх байхгүй байх тул түүний үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалсан гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Э.Э нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000  төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

 

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээдэг, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны 3 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах санал гаргасан. 

 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Г.А нь гэр бүлийн хоорондын маргааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэрээ цохисон, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

11. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, бага насны 3 хүүхэдтэй, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ганхуягийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР