Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОИ68060301, Зөөд овогт Монголын Отгонбаярын,

        Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч М.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд аав, ээжийнхээ 2 дахь хүүхэд болон төрсөн. Намайг төрөхөд аав маань Увс аймгийн Өлгий сумын улсын бүртгэлд 1967 оны 2 дугаар сарын 28-ны өдөр бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан. 16 нас хүрээд хуучин улаан паспорт авах үед миний төрсөн огноог 1968 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэмээн зөрүүтэй бүртгэж олгосон байсан. Улмаар дараагийн шинэчилсэн иргэний үнэмлэхүүд маань өмнөх улаан паспорт дээр бичигдсэн огноогоор төрсөн он сар өдөр маань бичигдсэн юм. Миний бие одоо 50 настай. Өндөр насны тэтгэвэрт гарах нас маань дөхөж байгаа тул өөрийн насыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Мөн түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа гаргуулж авсан боловч уг лавлагаан дээр миний нэрийг Монголын Отгон хэмээн буруу бичигдсэн байна. Намайг Монголын Отгонбаяр гэдэг. Иймд М.Отгонбаяр намайг 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, одоо 50 настай болохыг тогтоож өгнө үү. Намайг 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болохыг сайн мэдэх М.Тогтуур, С.Намсрай нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч М.Отгонбаяр нь нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 108/002347 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд: Түвшингийн Монгол, Цагаандайн Хорлоо нарын гэр бүлд 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр охин М.Отгон төрснийг бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэжээ.

         Түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 108/002360, 108/002358, 108/002357 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн лавлагаанд: Түвшингийн Монгол, Цагаандайн Хорлоо нарын гэр бүлд 1965 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр М.Тогтуур, 1969 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр М.Пунцагдорж, 1973 оны 8 дугаар сарын 03-ны өдөр М.Нэргүй, 1977 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр М.Алгаа нар төрснийг бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэжээ.

           Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Намсрай, М.Тогтуур нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Намсрай Миний бие Увс аймгийн Өлгий суманд 1967 онд төрсөн бөгөөд одоог хүртэл тус суманд амьдарч байна. М.Отгонбаяр бид хоёр нас чацуу нэг үеийнх юм. М.Отгонбаяр нь 1967 онд төрсөн бөгөөд бид хоёр Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд нэг ангид суралцдаг байсан. Бид нар нэг нутаг усны, нэг ангийн найз нөхөд хүмүүс бөгөөд би М.Отгонбаярын эгчтэй сууж төрөл садангийн холбоотой болсон зэргээс би М.Отгонбаярыг хэдэн онд төрсөн талаар нь сайн мэдэж байна гэж, гэрч М.Тогтуур Манай аавыг Монгол, ээжийг Хорлоо гэдэг бөгөөд манайх ам бүл долуулаа. Миний бие нь айлын том охин. Би 1965 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд миний дараа дүү М.Отгонбаяр нь 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. М.Отгонбаярын дараа Пунцагдорж 1969 онд, Дулмаа 1972 онд, Мөнхтуяа 1975 онд тус тус төрсөн ба бид нар хоорондоо ихэвчлэн 2-3 жилийн зайтай төрсөн. М.Отгонбаярыг бага байхад нь бид нар ихэвчлэн Балаа, Отгон гэх зэргээр дууддаг байсан. М.Отгонбаярыг иргэний бүртгэлд 1968 онд төрсөн гэж буруу бүртгэсэн бөгөөд М.Отгонбаяр нь тухайн үед хонь жилд төрсөн ба М.Отгонбаяртай адил үед төрсөн манай ээжийн дүүгийн хүүхдүүд байдаг. Эдгээр хүмүүс бүгд хонь жилд 1967 онд төрж байсан. М.Отгонбаяр нь 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд одоо 50 настай гэж тус тус мэдүүлжээ.

         Нэхэмжлэгч М.Отгонбаярын дээд талын эгч М.Тогтуур 1965 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, түүний доод талын дүү М.Пунцагдорж нь 1969 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн болох нь тэдний төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул М.Отгонбаярыг 1967 онд төрсөн гэж үзэх үндэслэлтэй.

          Түүнчлэн Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 108/002347 дугаар төрсний бүртгэлийн лавлагаанд түүнийг нэрийг Отгон гэж нэрний эхний үеийг бичсэн боловч уг лавлагаа нь нэхэмжлэгч М.Отгонбаярынх мөн болох нь түүний тайлбар болон Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 108/002360, 108/002358, 108/002357 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн лавлагаагаар нотлогдож байна.

        Нэхэмжлэгч М.Отгонбаяр нь 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 108/002347 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 108/002360, 108/002358, 108/002357 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа болон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч С.Нансал, Д.Оюунцэцэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

        Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Зөөд овогт Монголын Отгонбаярыг 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн болохыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар нэхэмжлэгч Зөөд овогт Монголын Отгонбаярыг 1967 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн болохыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Отгонбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ