Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/521

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч В.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00303 0544  дугаартай хэргийг 2022 оны 4 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаан холбооны техникч мэргэжилтэй, ............................... цахилгаан холбооны техникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................... дүүргийн ............. дугаар хороо, ............ дүгээр гудамж, ......... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

- М овгийн Вын У /РД:ГП ...................../

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч В.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ..................... тоотод байрлах Ч.Мын орон сууцны хаалгануудыг сүхээр хөшиж эвдэн, байшингийн вакум цонхыг гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн 428 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч В.У.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

 

2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч В.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ бусадтай хардан 2022 оны 01 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ..................... тоотод байрлах Ч.Мын орон сууцны хаалгануудыг сүхээр хөшиж эвдэн, байшингийн вакум цонхыг гараараа цохиж хагалан бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйл баримт тогтоогдлоо. 

 

Энэ нь хохирогч Ч.Мын “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо ..................... тоотод амьдардаг юм. Манай хашаанд монгол гэрт У нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 02- ноос 03-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад манай хажуу айлын эмэгтэй Э.Уранчимэг орж ирээд нөхөр согтуу ирж байгаа, би танайд баймаар байна гэхээр нь би Э.Уранчимэгийг гэртээ байлгаж байсан чинь нөхөр У ирээд манай байшингийн цонхыг нүдээд байшингийн зүүн талын цонхыг хагалсан. Тэгээд манай гэрийн үүдэн дээр байсан төмөр иштэй сүхээр байшингийн гадна талын бүргэд хаалганы цоожийг эвдээд, манай байшингийн дотор хаалгыг сүхээр хөшиж эвдэхээр нь би 102 дугаар луу залгаж цагдаа дуудсан юм. Миний хохирлыг У төлж барагдуулаагүй. Мягмардорж байцаагч дээр байхад гомдолгүй гэсэн бичиг хийгээд өг, би хохирлыг чинь удахгүй барагдуулна гэж гуйхаар нь би гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн гэжээ. /хх24/,

- гэрч Э.Уранчимэгийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ..................... тоотод нөхөр хүүхдүүдийн хамт оршин суудаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө манай нөхөр В.У согтуу над руу залгасан. Тэгэхээр нь би айгаад хажуу талын айл болох Мын гэрт орсон юм. Тэгээд удаагүй манай охин Ариунзул над руу залгаад аав согтуу ирсэн. Таныг асуугаад байна гэхээр нь би намайг хажуу айлд байгаа гэдгийг битгий хэлээрэй гэсэн чинь охин маань за гэж хэлсэн. Тэгээд удаагүй нөхөр У хажуу айл болох Мын байшингийн цонхыг нүдээд байхаар нь би Мд хаалгаа битгий онгойлгоорой гэж хэлсэн. Тэгсэн чинь нөхөр У Мын хаалга, цонхыг хүчтэй нүдээд байхаар нь 102 дугаар луу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирсний дараа Мын гэрээс гарч ирсэн чинь Мын байшингийн хоёр хаалгыг сүхээр цохиод эвдсэн, байшингийн урд цонхыг нь хагалсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх26/, гэмт хэргийн талаарх шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, Ч.Мын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх5-6/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Мын эд хөрөнгөд /бүргэд хаалга, модон хаалга, вакум цонх/ 900.000 төгрөгийн хохирол учирсан нь “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №01/12 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хх34/ нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байна.

             

4. Шүүгдэгчийн шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг гэмтээж хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирлыг учруулсан, энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөгийн хохирол төлсөн /улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан: хохирогчтой холбогдоход бэлнээр 200.000 төгрөгийн хохирол төлөгдсөн гэснийг үндэслэлтэй гэж үзэв./, үлдсэн 700.000 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Уэс бусдын эд хөрөнгөд учруулсан хохиролд 700.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Мд олгохоор шийдвэрлэв.

 

5. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч В.Ууган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгох ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.

 

8. Шүүгдэгч В.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч В.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Вын Ууган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Ууган-Эрдэнийг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Уэс 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ч.Мд олгуулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР