Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 1036

 

 

            И.Б-д холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч И.Б-,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр И.Б-д холбогдох эрүүгийн 201523031418 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...... овгийн И.Б, 1…. оны ... дугаар сарын …..-ны өдөр .......аймагт төрсөн, ..... настай, ....., ........боловсролтой, ….........мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ......, .... хамт ...... дүүргийн ….. дугаар хороо, ........ тоотод оршин суух, /РД:......./;

Сүхбаатар районы ардын шүүхийн 1984 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 112 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн А-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг өөр төрлийн хөнгөн ял болох 400 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн,

Сүхбаатар районы ардын шүүхийн 1986 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 53 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жил хорих,

Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 40 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3, 157 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих,

Сүхбаатар районы ардын шүүхийн 1991 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 3 жилийг нэмж, бүгд 6 жил хорих,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 262 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

И.Б-ы 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул рестораны үүдэнд Ч.Д-аас “Хүүхдийг нь Цагдаагийн акедимд оруулж өгнө” гэж 500.000 төгрөгийг, давтан үйлдлээр 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төвийн гадна Ч.Б-с “ТҮЦ-нд цахилгаан залгуулж өгнө” гэж 200.000 төгрөгийг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Г.Б-аас “Канад улс руу уул уурхайн чиглэлээр гаргана, АНУ явах урилга авч өгнө” гэж нийт 2.450.000 төгрөгийг тус тус хуурч залилан авч, бусдад нийт 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар И.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлыг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төлөх үүрэг хүлээлгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Б-аас хохирлын 1.650.000 төгрөг гаргуулан Г.Б-т олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, И.Б- 104 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн ба энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Прокурор Б.Энхбаатар тус шүүхэд бичсэн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтдээ: “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхсүх мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэх саналтай ирүүлсэн 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдсан …....... овогтой Б-д холбогдох ….. дугаартай хэргийг ХЯНАВАЛ:

...И.Б нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн П.Т-с хүү Б.Э-ыг хууль сахиулахын их сургуульд элсүүлж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

И.Б-д холбогдох хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулна” гэж заажээ.

И.Б-д Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд энэ нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлэхээс өмнө болсон гэмт үйлдэл байтал дээрх журмын дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй байна.

Учир нь, гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааж зохицуулсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг өөрчилсөн тул И.Б-д оногдуулах ялуудыг нэгтгэх боломжгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан   оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байх бөгөөд дээрх зүйлд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдол хэрхэн шийдвэрлэхийг зохицуулаагүй байна.

Иймд И.Б-ы өмнө ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухай этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж нэг яллах дүгнэлтийн хүрээнд нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар прокурорын дүгнэлт бичлээ. Хүлээн авч шийдвэрлэнэ үү. ...” гэжээ.

Шүүгдэгч И.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нэг тогтоолоор шийдвэрлүүлмээр байна. Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” бол урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болохоор заажээ.

           

            Энэ хэргийн шүүгдэгч И.Б- нь 2015 оны 8 дугаар сарын 15, 2015 оны 10 дугаар сарын 10, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрүүдийн залилах үйлдэлдээ 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс “тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан”-ы дараа  түүний шүүхээр шийдвэрлэгдээгүй байсан 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн залилах гэмт хэрэг байж болох үйлдэл илэрч, энэ үйлдлийг нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын прокурорын газраас шалгаж байгаа болох нь тогтоогдож байна.       

 

Дээрх үйлдлийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол гарах үед мэдэгдээгүй, шүүхээс мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй.  

 

Гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Ж.А-т оногдуулах ялуудыг нэгтгэхэд уг журмыг хэрэглэх боломжгүй юм.

 

Тухайлбал, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулжээ.

 

Энэхүү зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор И.Б-ы гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.Б-ы бусдыг залилан мэхэлсэн үйлдлүүдийг нэг гэмт хэрэг гэж үзэж, нэг удаа зүйлчлэн шийдвэрлэх нь түүнд өмнөх тогтоолоор оногдуулснаас хүнд ялтай зүйл, хэсэг, заалт буюу оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх нөхцөл байдал илэрсэн байх тул шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэв.

 

Иймд прокурор Б.Эрхэмбаатарын бичсэн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Б-д холбогдох эрүүгийн 201525031418 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газарт шилжүүлсүгэй.

 

2. И.Б- нь 1732000880018 дугаартай хэрэгт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа болохыг дурьдсугай.

 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

             

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                                                Б.ЗОРИГ