Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0386

 

2015 оны 8 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/1386

Улаанбаатар хот

 

 

Б.Цгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Н, нэхэмжлэгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн[1] 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Цгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-8 дугаар тушаалын Б.Цд холбогдох хэсэг, мөн 2015 оны 03 дугаар сарын 20-ны Б/248 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хорих 411 дүгээр ангийн дэд даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ялтан хүүхэд оргох гэмт хэрэг үйлдэх үед миний бие албан ёсны чөлөөтэй байсан. Өөрөөр хэлбэл 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хадам аав Я.Чадраабал нас барж, ар гэрийн гачигдлын улмаас 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 72 цагийн чөлөөг биеэр эдэлж, албан үүргээ гүйцэтгээгүй байх хугацаанд ялтан Б.А оргосон байдаг. Тухайн өдөр албан үүргээ гүйцэтгэж байсан З.М, Д.Э нарт дээрх зөрчлийг гаргасан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдсан боловч хариуцлагыг шударга бусаар ногдуулсанд гомдолтой байна. Хүмүүжигч Б.А нь 2014 онд намайг ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр оргох гэмт хэрэг үйлдсэнзөрчил гаргасныг ажилдаа орсны дараа мэдсэн бөгөөд энэ талаар З.М удирдах дээд байгууллагад мэдэгдээгүй, нуун дарагдуулж, түүнд чөлөө олгосон мэтээр хуурамч тушаал гаргасан зэргийг зохих журмын дагуу илтгэж, албан шалгалт хийгдэж, улмаар цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна.

Мөн 17 настай хүмүүжигч О.Дн найз охин Ж.Дг оролдсон гэх гомдлыг өгүүлсэн боловч гомдол гаргагч, холбогдох ажилтнуудын тайлбар мэдүүлгээр уг гомдол нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон.

Тухайн үед ажил үүргээ гүйцэтгээгүй, чөлөөтэй байсан намайг албан тушаалын зэрэглэлийг гурван шатлалаар бууруулж, албан үүргээ гүйцэтгэж байсан З.М нэг шат бууруулж, Д.Эыг цалингийн хувиар хасаж, зөрчил гаргаагүй мэт ажил үүргээ гүйцэтгэж байгаа зэрэг нь тушаал шударга ёсонд нийцэхгүй байна. гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хорих 411 дүгээр ангиас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ялтан Б.А оргосон үйлдэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан "Албаны шалгалт явуулах удирдамж"-ийн дагуу шалгалт явуулахад хорих 411 дүгээр ангийн дарга З.М, дэд дарга, хошууч Б.Ц, төлөөлөх ахлах дэслэгчД.Э, ээлжийн дарга, ахмад Т.Г, хянагч ахлах ахлагч Ц. нар ажлын байрны тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн нь шалгалтын баримтаар тогтоогдсон. Б.Ц нь хорих 411 дүгээр ангийн дэд даргаар ажиллаж байх хугацаандаа харуул хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгажажиллаагүй, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус хорих ангиас оргосон Б.Ад тавих хяналтыг сулруулж, оргох гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хангалтгүй зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээрхуралдаанаар Хорих 411 дүгээр ангиас 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ялтан Б.А оргосон зөрчлийг Б.Цг байлцуулан хэлэлцсэн бөгөөд тэрээр алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрсөн.

Б.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэх өөрийн үзэмж, сонирхлоор томилсон албан тушаалд очиж ажиллаагүй, ажиллахгүй талаар мэдэгдэж, үндэслэлгүйгээр албан үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийншинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүйгээр халсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн б/8 дугаар тушаалын Б.Цд холбогдох хэсэг, 2015 оны 03дугаар сарын 20-ны өдрийн б/240 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.Цг урьд эрхэлж байсан Хорих 411 дүгээр ангийн гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргын албан тушаалд эгүүлэнтогтож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Цгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 2015 оны 06 дугаар сарын 18-ныг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 112 хоногийн олговор 6.607.428 /зургаан сая зургаан зуун долоон мянга дөрвөн зуун хорин найман/ төгрөгийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Цд олгон, Б.Цгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалындэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэн Балбар овогтой Цгийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны актын маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчБ.Раднаасүрэн миний бие дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэт нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна.

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу буруу хэрэглэсэн талаар. Нэхэмжлэгч Б.Цг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн б/8 дугаар тушаалаар Хорих 411 дүгээр ангийн дэд даргын албан тушаалаас Хорих 415 дугаар ангийн гадна хамгаалалтын офицероор албан тушаал бууруулан томилсон нь төрийн албан хаагчийн хувьд эрхэлсэн ажил, албан тушаалаа зохих ёсоор хэрэгжүүлээгүй, ажлын хариуцлага алдсан нь тогтоогдсоны улмаас захиргааны зүгээс хуульд нийцүүлэн авсан арга хэмжээ юм.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт дараах 2 үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулан томилох эрх зүйн үндэслэлийг хуульчилсан байдаг. Тухайлбал;

23.1.1.албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;

23.1.2. үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн б/8 дугаар тушаалын тушаах хэсэгт Б.Цг ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэний улмаас .... албан тушаал бууруулан томилсугай гэж дээрх хуулийн 23.1.1 дэх заалтыг үндэслэсэн тухайгаа тодотгосон байтал анхан шатны шүүхээс хуулийн ерөнхий заалт үндэслэсэн буюу ямар заалтыг үндэслэсэн нь тодорхойгүй байгаа нь төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн гэж үзсэн нь хуульднийцээгүй байна.

Анхан шатны шүүх Б.Цг захиргааны чөлөөтэй байх хугацаанд болсон үйл явдалд холбогдуулан албан тушаал бууруулсан нь хуульд нийцээгүй талаар дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй зүйл юм.

Хорих 411 дүгээр ангийн дэд даргаар ажиллаж байсан Б.Ц нь 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ялтан Б.А оргохоос өмнөх хугацаанд ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялтанд тавих хяналтыг үр дүнтэй зохион байгуулах ажлыг хэрэгжүүлээгүй, өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр баталсан "Албаны шалгалт явуулах удирдамж"-ийн дагуу явуулсан шалгалтаар тогтоогдсон байдаг.

Учир нь хорих 411 дүгээр ангиас 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр оргосон ялтан Б.А нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дахин оргосон бөгөөд тус ангийн дэд даргын хувьд анхаарал татсан ялтны судалгаанд авах, хяналтыг хэрхэн тавих талаар холбогдох албан хаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаагүй байдаг.

Б.Цг хууль тогтоомжийн дагуу эдэлж буй амралттай байх хугацаанд албан тушаал бууруулах тушаал гаргаагүй бөгөөд Хорих 411 дүгээр ангиас ялтан оргосон гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлахад хэрэгжүүлбэл зохих ажил үүргийг хангалтгүй буюу зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн авсан захиргааны шийдвэр ньхууль зүйн үндэслэл бүхий юм. Б.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд хуралд өөрийн буруутай байдлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015.01.09-ний өдрийн Б/8 дугаар "Б.Цг Хорих 415 дугаар ангийн гадна хамгаалалтын офицероор томилсон тушаалыг эс зөвшөөрч, томилсон албан тушаалд очиж ажиллаагүй бөгөөд анхан шатны шүүхээс Б.Цг төрийнбайгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргасан байх тул ажил, албан тушаалаа хэрэгжүүлээгүйг зөвтгөн үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

Б.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэх өөрийн хувийн үзэмж, сонирхлоор томилсон албан тушаалд очиж ажиллаагүй нь тушаалын хэрэгжилтийг шууд түдгэлзүүлэх үр дагавар үүсгэхгүй, нөгөө талаас тухайн албан тушаалд очиж ажилласан нь түүнийг хүлээн зөвшөөрснийг нотлохгүй бөгөөд хуулийн дагуу өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэхэд саад болохгүй байтал анхан шатны шүүх ажил, албан тушаалаа хэрэгжүүлээгүй байдлыг эрхээ хамгаалуулахаар өргөдөл гаргасан тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Монгол улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолд "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж заажээ.

Мөн Монгол улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д "Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан бөгөөд Б.Ц нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа очоогүй, ажил тасалсныг анхан шатны шүүх зөвтгөсөн нь хуульд нийцэхгүй байна. Б.Ц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/08 дугаар тушаалыг биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна 26.1.3.төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах.. гэсэн заалтыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халсан нь эрх зүйн үндэслэл бүхий тушаал юм.

Анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/240 дугаар тушаал"-ыг хүчингүй болгосон нь хэрэгт ач холбогдолгүй, хэргийн материалд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй асуудлаар шийдвэр гаргаж, хууль бус шийдвэрийг гаргасан байна.

Иймд Б.Цгийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар шийдвэрт гомдолтой байх тул хуульд нийцээгүй шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга нь 2015 оны б/08 дугаар тушаалаар Хорих 411 дүгээр ангийн гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан Б.Цг ажил албан тушаалаа эрхлээгүй, албаны чөлөөтэй байх хугацаанд нь ялтан Б.А оргосон асуудалтай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэж албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Б.Ц нь Б.Аг оргосон гэх 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ээлжийн амралттай, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ар гэрийн гачигдал /хадам аав нь нас барсан/-аар тус тус чөлөөтэй байж албаны үүргээ гүйцэтгээгүй байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тушаалд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар тодотгосон байхад ерөнхий заалт хэрэглэсэн нь төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэжээ. Хариуцагч нь Б/8 дугаар тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг үндэслэж, ажлын байрны тодорхойлолтод заагдсан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж Б.Цг албан тушаал бууруулах болсон шалтгаан буюу мөн хуулийн 23.1.1-д заасан нөхцөлийг тодотгон заасан байх тул энэ үндэслэлээр уг тушаалыг хуульд нийцээгүй гэж дүгнэх нь учир дутагдалтай юм. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй боловч анхан шатны шүүх зөвхөн энэ үндэслэлээр хууль бус гэж дүгнээгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд ... Б.Ц нь даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэх өөрийн хувийн сонирхлоор томилсон албан тушаалд очиж ажиллаагүй, ... очиж ажилласан нь өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэхэд саад болохгүй байтал анхан шатны шүүх эрхээ хамгаалуулахаар өргөдөл гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзсэн нь хуульд нийцэхгүй гэж дурджээ.

Хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлээгүйг төрийн жинхэнэ албан хаагч үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Учир нь Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь захиргааны албан тушаалтны гаргасан тушаалыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй тул уг эрхээ хэрэгжүүлэх хугацаанд ажил тасалсан гэх үндэслэлээр Б.Цг төрийн албанаас халсан Б/248 дугаар тушаал нь хууль бус болжээ.

Харин анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын дугаарыг шийдвэрийн Тогтоох хэсэгт буруу заасан, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг илүү тооцсон, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-д Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно. гэж заасныг анхааралгүй нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хувь хэмжээгээр тооцож, бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь үндэслэлгүй байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 392 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын б/240 гэснийг б/248 гэж, 2 дахь заалтын 6.607.428 /Зургаан сая зургаан зуун долоон мянга дөрвөн зуун хорин найм гэснийг 6.352.197 /Зургаан сая гурван зуун тавин долоон мянга нэг зуун ерэн долоо/ гэж өөрчлөн, хугацааны гэсний дараах нийгмийн даатгалын болон гэснийг, тооцож, гэсний дараах нийгмийн болон гэснийг тус тус хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

 


[1] Шүүх байгуулах тухай, 2015.06.19-ний өдрийн хуулиар нэр өөрчлөгдөж 2015.07.01-ний өдрөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болсон.